Шинэ мэдээ
Монгол Улсыг Европын Холбооны хар жагсаалтаас хаслаа
“Европын Холбооны хар жагсаалт” гэж нэрлэгддэг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтаас Монгол Улсыг хассан тогтоолыг Европын Холбооны “Official Journal of the European Union” сэтгүүлд (2021.01.18) нийтэлжээ. Энэхүү тогтоол нь тус сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш 20 дахь хоногоос эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. Монгол Улсыг 2019 онд Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад орсонтой холбогдуулан (2020.10.01) Европын Холбооны өндөр эрсдэлтэй гуравдагч улс орнуудын жагсаалтад оруулсан юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд Я.Содбаатар Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг (2021.01.20) УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв. Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд тулгамдаж буй асуудлуудыг ҮАБЗ-ийн (2020.07.17) хуралдаанаар хэлэлцэж, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих бие даасан хуулийн төслийг боловсруулж батлуулахыг Засгийн газарт даалгасан юм. Энэ дагуу 7 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан байна. Хуульд заасан харилцааг “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих, төрөөс үзүүлэх үйлчилгээг хялбаршуулах горим”-ын тухай журмаар нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
“Газрын тос 2020” хурал болно
Монгол Улсад газрын тосны салбар үүсч хөгжсөний 80 жил, газрын тосны инженер бэлтгэж эхэлсний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Уг ойг угтан салбарын яам Ажлын хэсэг байгуулан ажиллаж эхлээд байгаа бөгөөд тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Хэдхэн хоногийн өмнө салбарын яамны зүгээс газрын тосны ашиглалт, олборлолт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг шилдэг компаниудыг тодруулан өргөмжилсөн. Тэгвэл энэ сарын 21-нд ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулиас “Газрын тос 2020” эрдэм шинжилгээ, онол практикийн XXVI хурлыг зохион байгуулахаар болжээ.
Сорилтоор тодорсон боломж
Дэлхий дахины амьдралын хэмнэл орвонгоороо өөрчлөгдөж, хүн төрөлхтний хөгжил олон сорилттой тулгарсан 2020 он улирч байна. Ирээдүйд асар их үр дагавар дагуулах олон үйл явдлын эхлэл тавигдсан энэ оныг халдварт вирусын хамт дэлхий нийт угтсан юм. Коронавирус дэгдсэнээр улс орнууд хорио цээрийн дэглэмд шилжиж, эдийн засаг, худалдаа үйлдвэрлэл, аялал жуулчлал, ложистик, зар сурталчилгаа, спорт, соёл урлагийн гээд бүхий л салбар асар их алдагдал хүлээж байна. Сорилт, бэрхшээл Монголыг ч тойроогүй. Цар тахлын бодит аюултай нүүр тулсан улс орнуудын иргэдээ хамгаалсан, эдийн засгаа идэвхжүүлсэн туршлага бүр Монгол Улсыг алдаа гаргахаас сэргийлж, оновчтой бодлого хэрэгжүүлэх зүг чиг болох учиртай.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил эхэллээ
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн талбайд үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлэх ёслол (2021.01.15) болов.Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын хүнд цаг үед Монгол Улс, БНЭУ-ын Засгийн газрууд, холбогдох төрийн байгууллага, орон нутгийн дэмжлэгтэйгээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, төслийн менежментийн зөвлөх (ТМЗ) “Инженерс Индиа Лимитэд” компанийн инженерүүд хүчээ дайчлан, хамтран ажилласны үр дүнд өнөөдөр үйлдвэрийн технологийн бус байгууламжуудын барилга-угсралтын ажлыг эхлүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолсон байна. Өнөөдрийн ёслолын арга хэмжээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх биечлэн оролцжээ.
УУХҮЯ: Уул уурхайн ажилчдын ээлж солихтой холбоотой PCR шинжилгээ авна
Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалттай арга хэмжээний хүрээнд ажилчдаас PCR шинжилгээ авах ажиллагааг Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 01 дүгээр сарын 16-ны өдөр эхлүүлэх боллоо. Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна. Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл” хэсэгт өнөөдөр, 01 дүгээр сарын 14-ний өдөр байршуулах тул аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч ажиллана уу. Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлтийг хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай байна.
Орос Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг алт руу шилжүүлнэ
ОХУ-ын гадаад валютын нөөцийн бүтцэд анх удаа алтны хувь хэмжээ ам.долларыг давжээ. Тодруулбал, тус улсын Төв банкны тайлангаар, нийт нөөцийн 23%-ийг алт (128.5 тэрбум ам.доллартай тэнцэнэ) бүрдүүлж еврогийн дараа оржээ. Харин 124.6 тэрбум америк доллар нь нийт нөөцийн 22% болж буурсан байна. 2018 онд нийт нөөцийн 44%-ийг америк доллар бүрдүүлж байжээ. Энэхүү өөрчлөлт нь Оросын эдийн засгийг америк доллараас үл хамаарах, хоёр улсын харилцаа муудаж буй нөхцөлд АНУ-ын хориг арга хэмжээнд өртөмтгий байдлыг бууруулах гэсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бодлогын нэг хэсэг хэмээн шинжээчид тайлбарлаж байгаа юм. 2020 оны арванхоёрдугаар 25-ны байдлаар, тус улсын гадаад валютын нийт нөөц 592.4 тэрбум ам.доллартай тэнцэж байв.
Родийн үнэ 20.19 мянган ам.доллар хүрч өсчээ
Үнэт металын бүлэгт багтах родийн (Rh) ханш өссөөр байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сард, дэлхийн зах зээл дээр унц родий 16.9 мянган ам.доллар хүрч түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон юм. Тэгвэл 2021 он гарснаас хойш тухайн металын ханш 19%-иар өсчээ. Лхагва гаригийн (2021.01.13) байдлаар, унц родий 20.19 мянган ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна. Ердөө 615 ам.долларын үнэтэй байсан родийн үнэ сүүлийн таван жилийн хугацаанд 3000% өсчээ. Энэхүү метал нь автомашины үйлдвэрлэлийн ойролцоогоор 85%-д хамаардаг гол түүхий эд юм. Улс орнууд агаарын бохирдлыг бууруулах хүчин чармайлтаас үүдэн аж үйлдвэрийн салбарт родийгийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
Хятад зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулна
2021 онд Хятад улс нь зам тээврийн дэд бүтцэд 2.4 их наяд юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөөд байна. Энэ тухай тус улсын Зам, тээврийн сайд Ли Сяопин мэдэгджээ. Ингэхдээ 3700 км төмөр зам шинээр барьж байгуулах төсөөлөлтэй байна. Гэхдээ дэд зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын талаарх тодорхой төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээг албан ёсоор мэдээлээгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээтэй харьцуулахад 2021 онд мэдэгдэхүйц буурахаар байна. Тодруулбал, 2020 онд зам тээврийн дэд бүтцэд 3.42 их наяд юань (523.47 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулсан тухай Хятадын Үндэсний зам тээврийн хурлаар танилцуулжээ.
Монголд олборлож дуусаад хаалтын нөхөн сэргээлт хийсэн томоохон уурхай байхгүй
Уул уурхайн хайгуул, олборлолтын үед байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах, сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд хүртэл багасгахыг нэн тэргүүний зорилтоо болгон ажилладаг “Саусгоби сэндс” ХХК-ийн ХАБЭА, байгаль орчны хэлтсийн дарга Д.Ариунболдтой Уул уурхайн салбарын төслүүдийн байгаль орчны үнэлгээ, хэрэгжилтийн талаар MMJ-ийн Л.Номинцэцэг ярилцлаа.
Уул уурхайн төслүүдэд байгаль орчны үнэлгээний дагуу ямар ажлууд хийдэг вэ?
Аливаа төслийг эхлэхийн өмнө байгаль орчинд ямар сөрөг үзүүлэхийг эрэмблэн тооцоолно. Дараа нь бууруулах, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах гээд үе шаттай.
Оюутолгой: Татварын актын шинэ асуудлуудыг арбитраар шийдвэрлүүлэхээр бэлтгэж байна
“Оюутолгой” компани 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн Нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү Нөхөн ногдуулалтын акт нь “Оюутолгой” компанийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм. Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюутолгой” компани нь 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн (2016 онд 215 сая ам.доллар, 2017 онд 228 сая ам.доллар, 2018 онд 308 сая ам.доллар тус тус төлсөн). Мөн хугацаанд “Оюутолгой” нь 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.
Н.Тавинбэх: Тавантолгойн станцын зураг төслийн ажил эхэлсэн
Энэ сарын 13-нд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлана. Тавантолгойн цахилгаан станцын зураг төслийн ажил эхэлсэн тухай Эрчим хүчний сайд Н.Тавинбэх тодотгов. Цахилгаан станцын өргөтгөлийг "ДЦС-IV" болон ОХУ-ын "Уралын турбин завод" компанийн инженер, техникийн ажилчид хамтран хийлээ. Туслан гүйцэтгэгчээр "Ган цагаан өргөө", "Морьтон", "ББЗБ", "Эрчим сервис", СММ", "Монкран консалтинг", "Бестпрайс", "Ханжинбулаг", "Шинэ эхлэл төсөөлөл", "Ди Ти Юу" компани ажиллажээ. "ДЦС-IV" компани Төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны 70, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 65%-ийг үйлдвэрлэж байна.
2020: Нүүрсний экспорт буурч, алтны экспорт 30 тонн-ыг давлаа
Монгол улсын хэмжээнд 2020 онд гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 6.4% буюу 876.9 сая ам.доллараар буурсан тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 7.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оныхоос 0.6%-иар, импорт 5.3 тэрбум ам.доллартай тэнцэж 13.6%-иар тус тус доошилжээ. Экспортын дүн импортынхоос 2.28 тэрбум ам.доллараар давж гадаад худалдаа ашигтай гарлаа. Эрдсийн экспортыг авч үзвэл нүүрсний экспорт биет хэмжээгээр 28.6 сая тоннд хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.9 сая тонноор буюу 21.6%-иар буурлаа. Харин орлогын дүнгээр нүүрсний экспорт 2.12 тэрбум ам.доллартай тэнцэж 30.9%-иар доошилсон байна. Мөн сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улс 1.6 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.6%-иар, өнгөрсөн арваннэгдүгээр сарынхаас 49.3%-иар тус тус буурчээ.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Баян айраг эксплорэйшн” компанийн удирдлагуудтай уулзав
Уулзалтын үеэр “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ю.Энхтүвшин, төсөл хариуцсан захирал О.Хулан нар Баян-Айрагийн алтны уурхайн үйл ажиллагаа, улс, орон нутагт үзүүлж байгаа нөлөө, ач холбогдол болон уурхайд цианид натрийн сулруулсан уусмал алдагдсан тохиолдлууд, тухайн тохиолдол тус бүрийн үеэр компаниас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон бусад албаны хүмүүс “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийг илүү хариуцлагатай байх, мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын онцгой комиссоос томилогдсон Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, цаашид ийм тохиолдол, осол гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Ээлж солих ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа
Ажилчдын шинжилгээ авах цэгүүдийг ойрын өдрүүдэд ажиллуулах хүчин чадал хүрэлцээгүй байгаа байдал, үүсээд байгаа нөхцөлийг харгалзан цар тахлын халдварын тархалтын эхний үе шатыг өнгөртөл ажилчдын ээлж солих ажиллагааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.
“China Molybdenum”компани Конгод зэс, кобальтын томоохон ордыг эзэмшив
Хятадын молибден, вольфрамын томоохон үйлдвэрлэгч “China Molybdenum” нь Конго улс дахь зэс-кобальтын “Kisanfu” ордын төслийн 95%-ийг эзэмшилдээ авлаа. Энэхүү хувь эзэмшлийг 550 сая ам.доллараар АНУ-ын “Freeport-McMoRan” компаниас худалдан авсан байна. “Kisanfu” ордын төслийн үлдсэн 5%-ийг Конго улсын Засгийн газрын эзэмшилд буй аж. Тус орд нь ойролцоогоор 6.28 сая тонн зэс болон 3.1 сая тонн кобальтын нөөцтэй. Ордыг ашиглалтад оруулснаар дэлхийн кобальтын томоохон нийлүүлэгч болох боломжтой гэж Хятадын компанийн Захирлуудын зөвлөлийн дэд дарга Ли Чаочун мэдэгджээ.
Хятадад нүүрсний төмөр зам шинээр ашиглалтад оржээ
Хятадын Хэбэй муж дахь Хунхуа боомтыг Шандун мужийн Ингкоу боомттой холбосон 216.8 км төмөр зам шинээр (2020.12.26) ашиглалтад оржээ. Энэхүү төмөр зам нь жилд 32 сая тонн нүүрс тээх хүчин чадалтай бөгөөд цаашдаа 47.5 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх юм байна. Тонн нүүрсний тээврийн өртөг ойролцоогоор 107 юань байсан бол төмөр замаар 43 юаниар тээвэрлэх боломж бүрдэж, жилд тээврийн зардлаас 170 сая юань (24 сая ам.доллар) хэмнэх тооцоо гарчээ.
Дэлхийн банк : Монгол Улсын эдийн засаг 4.3% өсөх төсөөлөлтэй байна
Дэлхийн эдийн засаг 2020 онд 4.3%-иар агшиж, цаашид эргэн сэргэх төлөвтэй байгаа ч цар тахлын нөлөөгөөр өвчлөл, нас баралт үлэмж хэмжээгээр нэмэгдсэнээс гадна сая сая хүн ядууралд өртөж, эдийн засгийн идэвхжил, орлогын сэргэлт багагүй хугацаа шаардахаар байна. Дэлхийн банк “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаа шинэчлэн танилцуулжээ. Ингэхдээ дэлхийн эдийн засаг 2021 онд 4%-иар өсөх боломжтой бөгөөд вакцинжуулалт болон хөрөнгө оруулалт эдийн засгийн сэргэлтэд чухал үүрэгтэйг онцолж байна. Хөгжиж буй орнууд (БНХАУ-ыг оруулснаар)-ын эдийн засаг 2020 онд 2.6%-иар агшсан бол 2021 онд 5%-иар өснө хэмээн үзжээ.
Г.Манлайжав: Хөрөнгө оруулагчид эрсдэлээ тооцож ураны салбарт хөрөнгө оруулах эсэхээ шийддэг
Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжавтай The Mongolian Mining
Journal-ийн сэтгүүлч Г.Идэрхангай ярилцлаа.
“Цөмийн технологи Монгол Улсын хөгжилд” үндэсний семинарыг Цөмийн Энергийн комиссын Ажлын албанаас анх удаа зохион байгууллаа. Цөмийн техник, технологийн хэрэглээ манай олон салбарт нэвтэрч, үр өгөөжөө өгч байна. Монгол Улс хэдийнээс цөмийн энергийн салбарыг хөгжүүлж эхэлсэн юм бэ?
Үндэсний семинарт цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшлийн 49 байгууллагын 172 төлөөлөл оролцож, цөмийн технологийн хэрэглээ, ололт амжилт, үр дүн, тулгамдаж байгаа асуудлуудаа хэлэлцэн харилцан мэдээлэл солилцлоо.
“Mуsteel”: 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар өснө
2020 онд Хятад улсын гангийн нийт үйлдвэрлэл 5-6%-иар нэмэгдэж 1.05 тэрбум тоннд хүрэв. Агаарын бохирдолтой тэмцэж чанар муутай, бага хүчин чадалтай үйлдвэрүүдийг хаах хүрээнд 2021 онд гангийн үйлдвэрлэлээ бууруулах зорилт тавьжээ. Энэ онд тус улсын XIV таван жилийн төлөвлөгөө эхэлж байна. Тэгвэл төмрийн хүдэр, гангийн үйлдвэрлэлийн зах зээлийн шинжилгээний “Mуsteel” агентлагийн шинжээч Ван Цянхуа “2021-2025 онд дотоодын зах зээлийг өргөжүүлэх нь Хятад улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэл байх болно. Энэ нь өргөн хэрэглээний бараа, өндөр технологийн аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд нөлөөлнө. Дэд бүтцийн төслүүд ч үргэлжилнэ. Тиймээс металлургийн салбарт ихээхэн түлхэц үзүүлнэ. 2021 онд Хятадын гангийн үйлдвэрлэл 2%-иар нэмэгдэнэ” гэж таамаглаж байна.