Ертөнц
Оросын “Колмар” компани Ази руу коксжих нүүрсний экспортоо огцом нэмэгдүүлнэ
Коксжих нүүрсний “Колмар” компани энэ оны нэгдүгээр улиралд 1.4 сая тонн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлснээс 40%-ийг Хятад, Япон руу экспортолжээ. 2017 онд 4.5 сая тонн, 2018 онд 6.5 сая тонн нүүрс тус тус олборлосон бөгөөд энэ жил 10 сая тоннд хүргэх зорилттой. “Колмар” нь жилд 6 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадал бүхий “Денисовская” үйлдвэрийг Өмнөд Якутын Нюренгийн бүсэд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан. Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Одоо “Инаглинская 2” хэмээх хоёр дахь баяжуулах үйлдвэрийн барилгын ажил ид явагдаж байна. Энэхүү үйлдвэр нь жилд 12 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. Уг төслийг Хятадын AVIC корпорацитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэ онд баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад 30 тэрбум рублийн хөрөнгө оруулж байна.
“Элегест-Кызыл-Курагино” төмөр замын барилга наймдугаар сард эхэлнэ
ОХУ-ын Тувагийн Кызыл хотоос Красноярск мужийн Курагино сууринтай холбох 410 км төмөр замын барилгын ажлыг ирэх наймдугаар сард багтаж эхлэх тухай Краснояр мужийн удирдлагууд мэдэгджээ. Энэхүү салаа төмөр замыг барих гэрээнд “Тувагийн эрчим хүчний корпораци”-ийн Ерөнхий захирал Руслан Байсаров болон Оросын төмөр замын (РЖД) Ерөнхийлөгч Олег Белозеров нар өнгөрсөн сарын 15-нд гарын үсэг зурсан билээ. Уг гэрээгээр “Элегест-Кызыл-Курагино” чиглэлийн замын барилгын ажлыг РЖД гүйцэтгэх юм. Төмөр замыг 2023 онд Оросын төмөр замын сүлжээтэй холбоохоор төлөвлөж буй. Барилгын ажилд төмөр замын цэргийн ангийн албан хаагчдыг татан оролцуулах боломжтой тухай Тувагийн Ерөнхийлөгч Шолбан Кара-оол мэдэгдсэн байдаг.
Төмөр зам ашиглалтад орсноор “Тувагийн эрчим хүчний корпораци”(ТЭПК) нь Элегестийн нүүрсний ордоос экспортын дэд бүтэцтэй болох юм. Коксжих нүүрсний 855.2 сая тонн нөөцтэй Элегестийн ордыг 20 жилийн хугацаанд ашиглах тусгай зөвшөөрлийг ТЭПК компани 2013 онд авсан байдаг.
2019 онд Хятад эрчим хүчний нүүрсний импортоо бууруулна
БНХАУ эрчим хүчний нүүрсний импортоо 10-12 сая тонноор бууруулахаар төлөвлөж байна. Дотоодын үйлдвэрлэлийн өсөлтөөс хамаарч эрчим хүчний нүүрсний импортыг танах бодлого барьж буй. Хятадын эрчим хүчний нүүрсний олборлолт энэ оны хоёрдугаар улирлаас эрчимтэй нэмэгдэх хандлагатай байна. 2019 онд эрчим хүчний нүүрсний олборлолтыг 100 сая тонноор нэмэгдүүлэх зорилттой болохыг Хятадын нүүрсний Үндэсний ассоциацийн дэд Ерөнхийлөгч Ван Хунцао мэдэгджээ.
Тус улсын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, Хятад өнгөрсөн онд нийт 4 тэрбум тонн нүүрс олборлосон байна. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос энэ он гарснаас хойш баталсан 12 шинэ төслийн уурхайнууд тус бүр жилд 29.5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.
“Chuquicamata” уурхайн гүний олборлолт энэ онд эхэлнэ
Чилийн төрийн “Codelco” компанийн мэдээллээр, зэсийн “Chuquicamata” уурхайн гүний олборлолт энэ оны хоёрдугаар хагаст эхлэх гэж байна. Өнгөрсөн онд “Codelco” компанийн нийт 1.8 сая тонн зэсийн 653 мянган тонныг “Chuquicamata” болон ойролцоох “Radomiro Tomic” зэрэг хоёр уурхайгаас олборложээ.
Хятадын эдийн засаг суларсаар байна
Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав.
Оросын нүүрсний стратеги
Нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятадын зах зээл экспортын нүүрсний хэмжээгээр Австрали тэргүүлж байна. Тус улсын экспортын хэмжээнээс 15%-иар бага үзүүлэлтээр Монгол удаалж, Канадыг гүйцэж түрүүлэн Орос гуравт орж иржээ.
Сүүлийн арван жилд олон улсад 16 мянган компани IPO гаргажээ
“Фридом Финанс” судалгааны байгууллагын мэдээллээр, 2008-2018 онд олон улсын хөрөнгө бирж дээр 16 мянган компани IPO гаргаж нийт 2 их наяд ам.долларын хөрөнгө босгожээ. 2017 онд олон улсын хөрөнгийн бирж дээр 1700 компани IPO гаргасан (196 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон) нь өмнөх оноос 44%-иар өссөн байна.
Орос улс Хятадыг Монголоор айлгаж байна
Монгол Улс нь Оросын байгалийн хийн транзитаас ашиг олохоор тооцоолж байна. Учир нь Монголын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолойг барих саналыг Ерөнхийлөгч В.В.Путин дэмжээд байгаа юм. Гэхдээ Хятадуудад дундын оролцогч хэрэггүй. Тэд Орос-Украйны хийн маргааны жишээг давтахыг хүсэхгүй болов уу. Харин Оросын хувьд бодит байдал дээр тэс өөр санааг агуулж буй.