Чили цар тахлын өртгөө зэсийн роялтийг өсгөх замаар шийдвэрлэж болзошгүй

2021-06-30 15:40


The Mongolian Mining Journal /May.2021/

 

Б. Төгс

Зэсийн олборлогчдын татвар, роялти төлбөрийн хэмжээг огцом өсгөж 80%-д хүргэх хуулийн төслийг тэргүүлэх олборлогч Чили улс баталж магадгүй байна. Энэхүү татвар, хураамжийн өндөр түвшин нь гагцхүү газрын тосны салбарт ажиглагддаг. 

Учир нь Чилийн Конгрессийн доод танхим (2021.05.06) өсөн нэмэгдэх роялтийн тухай хуулийн төслийг олонхийн саналаар дэмжсэн байна. Хуулийн төсөл нь цар тахлын хүндрэлийн үед нийгэм, эдийн засагт чиглэсэн зарцуулалтыг нэмэгдүүлэх зорилготой. Доод танхимд суудалтай Коммунист намын гишүүн Daniel Nunez-ийн тайлбарласнаар шинэ хууль хэрэгжсэнээр жил бүр Чилийн төсөвт нэмж 7 тэрбум ам.доллар орж ирэх боломжтой. Энэ нь нийгэмд үүсээд буй тэгш бус байдлыг арилгахад дөхөм болно гэж үзжээ. Хууль хэрэгжсэнээр зэс олборлогчдод ногдох нийт татвар, төлбөрийн дарамт 82.3%-д хүрэх тухай хуулийн төслийг эсэргүүцэж буй Засгийн газрын зүгээс тооцоолж гаргажээ. Одоогийн байдлаар тус улсад зэс олборлогч компаниудын нийт татвар, төлбөрийн дарамт 40.3%-тай (27%-ийн ААНОАТатвар, 14 хүртэлх хувийн роялти төлбөр) байдаг нь бусад томоохон олборлогч оронтой ижил түвшинд байна. Харин хуулийн төслийг санаачлагч зарим гишүүн хууль хэрэгжвэл татвар, төлбөрийн нийт дарамт 80% бус 56%-тай л байх болно гэж тайлбарлажээ. 

Доод танхимын дэмжсэн хуулийн төсөлд зэс, литийн олборлолтод 3%-ийн суурь роялти ногдуулахын сацуу ханш 2-2.5 ам.доллар/фунт байх аваас борлуулалтаас 15%-ийн роялти төлбөр авахаар тусгасан. Харин 2.5 ам.доллар/фунт-ээс давбал 35%, 3-3.5 ам.доллар/фунт бол 50%, 3.5-4 ам.доллар/фунт байвал 60%, 4 ам.доллар/фунт-ээс дээш гарсан нөхцөлд нэмэлт орлогоос 75%-ийн роялти авахаар заажээ. 

Хуулийн төслийг дэмжигч Доод танхимын гишүүн Catalina Perez-ийн тайлбарласнаар гурван сая гаруй Чили иргэдийн   тэтгэврийн данс нь хоосрох аюул тулгараад байна. Цар тахлын өртгийг бууруулахад энэ үеэр илүү ашиг олж буй талууд болох эх орны баялгийг олборлогчид орлогоосоо ахиу төлбөр төлөх ёстой гэж тайлбарлаж байна. 
Харин энэхүү хуулийн төслийг тус улсын уул уурхайн холбоо болон Уул уурхай, эрчим хүчний сайд Juan Carlos Jobet эсэргүүцэж байна. Анхнаасаа   хуулийн төслийг тус улсын Засгийн газар огтхон ч дэмжихгүй гэж CRU-ийн дөрөвдүгээр сард зохион байгуулсан зэсийн хурал дээр тэрээр мэдэгдсэн юм. Хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх нь одоо цагт нэн тэргүүний чухал зүйл болоод байна гэж салбарын холбоо ч мэдэгджээ. Ямар ч байсан Конгрессийн доод танхим хуулийг дэмжсэний дараа Jobet сайд роялтийг нэмэгдүүлэх нь цар тахлын нөлөөг дарахад тус дэмээ өгч амжихгүй. Учир нь уурхайнуудын тогтворжуулалтын гэрээ 2024 оноос нааш дуусгавар болохгүй. Сенат дээр илүү сайн түвшний хэлэлцүүлэг өрнөнө гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Зэсийн ханшийн огцом өсөлт нь татвар нэмэгдүүлэх хуулийн төслийг батлуулах нийгмийн сонирхлыг төдийгүй улстөрчдийн сэдлийг улам бүр өдөөж байгаа нь гарцаагүй. Одоо уг хуулийн төсөл нь Сенат дээр олон шат дамжлага давж байж батлагдах эсвэл дэмжигдэхгүй байх сонголттой тулгарна.  Хэрэв Сенат хуулийн төслийг батлах нөхцөлд компаниуд өндөр татвар төлж таарах магадлал улам бүр нэмэгдэх юм. 

Нөгөөтэйгүүр, Чилид 2019 оны аравдугаар сард нийгмийн эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсний улмаас тус улс үндсэн хуулиа шинэчлэхээр болсон. Энэхүү хуулийн шинэчлэлтээр иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэж, тэгш бус байдлыг арилгахад чиглэсэн өөрчлөлтийг тусгах болно гэдгийг тус улсын Ерөнхийлөгч Себастьян Пинера мэдэгдэж байсан билээ. Энэ оны тавдугаар сарын дундуур үндсэн хуулийг шинэчлэн боловсруулах 155 гишүүнийг (Constitutional Convention) сонгох сонгууль болж өнгөрсөн.u Иргэдийн сонголт одоогийн эрх баригчдын таамгаас багагүй зөрсөн. Энэ удаагийн эцэг хуулийн өөрчлөлтөөр уул уурхайн салбарын нийгэм, эдийн засаг, байгаль орчны хүрээн дэх үүрэг хариуцлагыг өндөрсгөх дүр зураг тодорлоо. Чилийн зэсийн уурхайнууд жил бүр тус улсын хүн амын цэвэр усны хэрэгцээний 75%-тай тэнцэхүйц хэмжээний ус ашигладаг гэсэн судалгаа бий. Уурхайн концесс, ус, байгаль орчны асуудлыг нэлээд жинтэй байдлаар авч үзэхээр шинэ хуулийн төсөлд тусгахаар яригдаж байна. 
Гэхдээ Чилийн зэсийн салбар байгаль орчны чиглэлд бодитой сайн туршлага нэвтрүүлэх болсон. Чилийн зэсийн комисс буюу Кочилко-ийн тооцоолж байгаагаар ойрын хугацаанд   зэсийн уурхайнуудын дахин боловсруулсан ус хэрэглэх үзүүлэлт улам бүр сайжрахын сацуу хүлэмжийн хийн ялгаруулалтын тухайд ихээхэн анхаарч эхлээд байгаа юм. Тухайлбал  компаниуд дизель түлшний оронд ногоон устөрөгч, мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд ашиглах болсон. 
Үндсэн хуулийн өөрчлөлт нь “Англо Американ” болон “BHP” зэрэг тус улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын үүрэг хариуцлагыг улам бүр нэмэгдүүлэх төлөвтэй байна. 

Харин роялтийн хуулийн тухайд, хэрэв роялтийн хэмжээг нэмэгдүүлбэл Чилийн зэсийн жижиг хэмжээний өртөг өндөртэй уурхайнууд хаагдах нөхцөл байдалд хүрч болзошгүй ажээ. Роялтийн хуулийн төсөл нь тэр ч байтугай Чилийн зэсийн томоохон 15 уурхайн 12  нь   олборлолтын үйл ажиллагаа алдагдалтай болох нөхцөл рүү түлхэхийг тус улсын уул уурхайн холбоо (Sonami) анхааруулжээ.

Зэсийн ханш нэмэгдэхийн хэрээр тус улсад гэнэтийн ашгаас илүү их татвар авахыг эрмэлзэж байна. Цар тахлын хүндрэлтэй үед зарим улстөрч  энэ боломжийг алдахыг хүсэхгүй нь лавтай. 
Чили  цар тахлын улмаас иргэдээ долдугаар сараас хойш тэтгэврийн данснаасаа нэг удаадаа 10 хүртэлх хувийг урьдчилж авах зөвшөөрлийг гурван ч удаа олгосон. Ингэснээр тавдугаар сарын эхний байдлаар Чилийн тэтгэврийн сангаас нийт 36 тэрбум доллар хүмүүсийн гарт очжээ. Цаашид нийт олголтын хэмжээ 50 тэрбум ам.долларт хүрэхээр байна. Энэ нь цар тахлын үед хүмүүсийн гарт төвлөрөх орлогын хэмжээг нэмэгдүүлэх сайн талтай ч хүмүүсийн тэтгэврийн данс хоосорч, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг бууруулах аюултай. Ингэснээр тэтгэвэрт гарсан хүмүүс сард ойролцоогоор 240 ам.доллар л авах болно гэж Тэтгэврийн сангуудын холбооны Ерөнхий захирал Fernando Larraнn ярьжээ. Энэ нь тус улсын сард олгох цалингийн доод хэмжээ болох 440 ам.доллараас нэлээд бага түвшин. Эндээс Чилид нэмэлт мөнгөний эрэлд “мордох” хэрэгцээ гарсан нь харагдаж байна. Эхний удаад тэтгэврийн урьдчилгааг өнгөрсөн долдугаар сард олгох үед зөвхөн нэг удаагийн арга хэмжээ гэж анхааруулж байсан ч ийнхүү нийгмийн шахалтаар гурван   удаагийн арга хэмжээ болж хувирчээ. 

Чили 2019 онд нийгмийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн болж өрнөсөн нь нийгэмд тэгш бус байдал, орлогын түвшин хүрэлцээгүй болсныг харуулсан. Гэсэн ч Чили улс нь зэс олборлолтоор дэлхийд тэргүүлэгчийн хувьд 300 тэрбум ам.долларын эдийн засагтай болоод байгаа юм. Эдүгээ нэг хүнд оногдох ДНБ нь 15 мянган ам.доллараар хэмжигдэнэ. 2020 оны байдлаар тус улсын нийт өрийн ДНБ-д оногдох үзүүлэлт 32.5%-д хүрчээ. 
Чили  дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 28%-ийг (5.7 сая тонн зэс) дангаараа бүрдүүлдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд тус улсын ордуудын хүдрийн агуулга буурч байгаагаас гадна уурхайн олборлолтын түвшин улам бүр доошилж гүнзгийрсэн нь асуудал дагуулж байна. 

Ямартай ч энэхүү хуулийн төсөл нь Чилийн зэсийн салбарт шинэ туршлага биш. Одоогийн уул уурхайн татварын тогтолцоо бүрэлдсэн 2011 оноос хойш хэд хэдэн удаагийн татвар нэмэгдүүлэх оролдлого хийсэн нь “хана мөргөж” байжээ. Гэхдээ энэ удаагийн тохиолдол нь маш онцлогтой үед өрнөж байгаа юм. Учир нь биржүүд дээр зэсийн үнэ түүхэн дээд хэмжээнд хүрснээс  гадна цар тахлын үед тус улсын ард иргэдэд нэмэлт орлого нэн шаардлагатай  юм. 
Уг асуудалд тус улсын Уул уурхайн сайд олборлолтоо нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх нь гол шийдэл болно гэж үзэж байна. 

Үнэхээр уг хуулийн төсөл хэрэгжих тохиолдолд зэсийн үнэ дор хаяж 11500 ам.доллар/тонн-д хүрч байж Чилийн зэсийн салбар хэвийн ажиллах боломжтой ажээ. Нөгөөтэйгүүр роялти нэмэгдүүлэх хуулийн төсөл батлагдан хэрэгжсэнээр одоогийн үйл ажиллагаа нь эхэлсэн  төслүүд зогсчихгүй, харин шинэ төслүүд хөрөнгө оруулалтгүй хоцрох асуудал үүсч мэдэхээр байгаа ажээ. 
“Antofagasta” зэсийн компанийг авч үзвэл шинэ хууль хэрэгжсэнээр компанийн ашиг, ногдол ашиг хуваарилалтын хэмжээ 40%-иар буурч болзошгүй байна. Ерөнхийд нь авч үзвэл хуулийн төсөл хэрэгжвэл компаниуд нийт орлогынхоо 20 гаруй хувийг алдах тооцоолол гарчээ. 
Хуулийн төслийг боловсруулсан эдийн засагчдын нэг болох Gonzalo Martner шинэ хуулийн төсөл хэрэгжсэнээр компаниуд ашигтай ажилласан хэвээр байх боломжтой гэж тайлбарлажээ. 
Чили  одоогийн байдлаар уурхайнуудын багагүй хэсэг нь татварын дарамтын боломжит хязгаарт тулж очсон гэж үзэж байна. Хэрэв татвар ямар нэг байдлаар нэмэгдвэл ажиллах боломжгүй болох дээр тулж очино гэж Чилийн уул уурхайн холбоо (Sonami) үзэж байна.

Чилийн энэхүү татвар, төлбөр нэмэгдүүлэхтэй адил санал санаачлагыг Перу улсад айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй зарим нэр дэвшигч кампанит ажлынхаа үеэр сурталчлах болжээ. Зэс үйлдвэрлэлээр тэргүүлэгч Чили, Перу улсад  энэ онд сонгуулийн жил таарч байгаагийн сацуу ханшийн өсөлт нь татвар нэмэгдүүлэх сэдлийг нь өдөөж байна. Австралид ч мөн төмрийн хүдрийн томоохон олборлогчид болох “Рио Тинто”, “BHP”, “FMG”-ээс гэнэтийн ашгийн татвар авах ёстой гэсэн санаачлагыг зарим улстөрч дэвшүүлэх болжээ. 

Зэсийн хувьд газрын тос биш ч гэлээ дэлхийн ногоон шилжилтийн нөлөөгөөр үнэ цэнэ нь улам бүр нэмэгдэж, тэр хэрээр олборлогч улс орнууд татварын орлогоо нэмэгдүүлэхийг эрмэлзэж эхэллээ. Уул уурхайн компаниудын зарим төлөөлөл ч хэтэрхий өндөр биш л бол зохистой хэмжээгээр татвар нэмэгдэх төлөвийг үндэслэлтэй гэж үзэж байна. Чилийн роялти нэмэгдүүлэх шинэ хуулийн төсөл дэмжлэг авах эсэх нь одоохондоо тодорхойгүй байгаа ч уул уурхайн татвар, төлбөрийн хэмжээ их багын аль нь ч бай нэмэгдэх нь гарцаагүй болсон байж мэдэх юм. 

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 11 цаг 45 минутын өмнө
    Төсөл санаачлагчийг төлөөлж, “Эрдэнэс-тавантолгой” ХК төслийн нийт санхүүжилтийн 30 хүртэлх хувийг санхүүжүүлэх, тендерт оролцогч үлдэгдэл санхүүжилтийг Засгийн газрын баталгааг үндэслэн өөрөө санхүүжүүлэх (EPC+F) хувилбар санал ирүүлэх олон улсын нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг энэ оны аравдугаар сарын 21-ний өдөр зарлаж, 90 хоногийн хугацаанд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна.
  • 13 цаг 59 минутын өмнө
    “Баян зам” тээвэрчдийн холбооноос өнөөдөр /2021.10.20/ мэдээлэл хийж, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарыг иргэдэд буруу мэдээлэл өгсөн гэх үндэслэлээр шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ. Төрийн тогтворгүй үйл ажиллагаанаас үүдэн нүүрс тээврийн үйл ажиллагаа зогссон гэж үзээд тус холбооны 2000 тээвэрчдийг  шланзтай нь хотод авчирна гэлээ. “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүү: -Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийхдээ хэд хэдэн баримтаар тээвэрчдийг, тээвэрчдийн холбоог гүжирдлээ. Тодруулбал, “Баянзүрх” тээвэрчдийн холбоо нь тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах ёстой атлаа бизнес хийж байна гэж ярьсан. Мөн энэ холбоонд 100 гаруй компани байдаг байтал 31 компани гэсэн. Холбоог замын хураамжаа өг, үгүй бол тээвэрт явуулахгүй гэж дарамталдаг гэлээ. Ийм буруу мэдээлэл хийж, нэр төрд халдсан гэх үндэслэлээр өнөөдөр /2021.10.20/ түүнийг шүүхэд өгч байна.
  • 14 цаг 16 минутын өмнө
    Лондоны металын бирж дээр өчигдөр (2021.10.19) нэг тонн зэсийн шууд худалдааны үнэ 7.2%-иар өсч 11299.5 ам.долларт хүрснээр шинэ дээд амжилт тогтоосон байна. Мөн Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр 10572 ам.доллар/тонн-д хүрсэн нь тус биржийн түүхэн дэх хамгийн өндөр ханшаар тэмдэглэгдлээ. Хаалтын ханшийн тухайд Лондоны металын бирж дээр өчигдөр зэсийн шууд худалдааны үнэ 10652 ам.доллар/тонн, гурван сарын гэрээт үнэ 10270 ам.доллар/тонн-оор тогтжээ. Ханш өсөхөд зэсийн нийлүүлэлт буурч буй мэдээлэл нөлөөлсөн байна.
  • 16 цаг 9 минутын өмнө
    Уул уурхайн салбарын төрийн зохицуулалтын нэгэн хэлбэр болгон Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулахаар зэхэж байна. Холбогдох хуулийн төслийг УУХҮЯ цахим хуудастаа нийтлэн танилцуулжээ. Эрдэс баялгийн бирж хэмээн өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр нэрлэж байсан боловч хуулийн танилцуулгад Уул уурхайн бүтээгдэхүүний бирж хэмээн нэрийг нь өөрчлөв. Уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засгийн зонхилох салбар болоод удаж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбарын улсын төсөвт төвлөрүүлэх орлого тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны эхний долоон сарын гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 32.5%-ийг бүрдүүлж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийг байгуулах шаардлага, үндсэн зорилгыг улсын эдийн засагт үзүүлж байгаа салбарын үр өгөөжийг улам нэмэгдүүлэх, салбарын орлогыг ил тод болгох, уул уурхайн экспортын бүтээгдэхүүний стандартыг хангах юм.
  • Уржигдар 10 цаг 48 минутад
    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний тогтолцоог төгөлдөржүүлэх, хүний аюулгүй байдлын соёлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж буй “Нэн түрүүнд ХАБ” (Хөдөлмөрийн аюулгүй байдал) бага хурал нь “Аюулгүй байдал ба Ковид-19” уриан дор 2021 оны 10-р сарын 21, 22-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдах гэж байна.