Шинэ мэдээ
Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг маргааш олгож эхэлнэ
“Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээл”-ийг маргаашнаас (2021.03.10) эхлэн арилжааны банкуудаар олгоно. Зээлийн батлан даалтын сангаас холбогдох хуульд нийцүүлэн батлан даалт гаргах, зээлийн хүүгийн дэмжлэгт Засгийн газрын санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж Монголбанк оролцохыг онцоллоо. Уг зээл нь зээлдэгчийн ажлын байраа хадгалах, бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, арилжааны банкнаас ижил шаардлагаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалттай юм.
Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөлд санал авч эхэлжээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас анх удаа боловсруулсан “Хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар (2019.05.29) баталсан юм. Хөтөлбөрийг боловсруулахдаа Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн нөхцөл байдлын дагуу судалгаа хийж, үндсэндээ хоёр жилийн хугацаанд хоёр төрлийн судалгааг мэргэжлийн баг гүйцэтгэсэн юм. Өөрөөр хэлбэл, 2018 онд хийсэн судалгаагаар, яамны судалгааны баг хүнд аж үйлдвэр бүхий 70 гаруй үйлдвэрүүдтэй биечлэн танилцаж 63 үйлдвэрийг судалгааны бүртгэлдээ хамруулсан байдаг. 2019-2023 он хүртэл буюу 5 жилийн хугацаатай хэрэгжүүлэх уг хөтөлбөрт Нүүрс гүн боловсруулах химийн үйлдвэр, Металлургийн цогцолбор, Машин механизмын үйлдвэрлэл, Газрын тос боловсруулах үйлдвэр, Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр зэрэг уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэд хэдэн төслийг багтаасан юм.
Баялгийн үр өгөөжөө өгч эхэлсэн Салхитын мөнгөний уурхай
Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг, Зүүн хэмээх газарт орших Салхитын алт, мөнгөний үндсэн ордыг хэдэн жилийн өмнө монголчууд төдийлөн мэддэггүй байлаа. Нам гүмхэн говь нутагт орших энэхүү ордыг тойрсон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн маргаан, шүүх цагдаа тойрсон хэргүүд, төрийн дээд түвшний шийдвэрүүд чухамдаа олон нийтийн анхаарлын төвд оруулсан юм. Ахмадуудаас “Салхитын мөнгөний ордыг та мэдэх үү” гэж асуухад “Мэдэлгүй яах вэ. тэтгэврийн зээл тэглэж байгаа уурхай шүү дээ” хэмээн хээвнэг хариулж байна. Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл (Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд) анх удаа нэг уурхай дээр нэгдсэн шийдэлд хүрсэн, анх удаа Монгол Улс байгалийн баялгийн үр өгөөжийг иргэддээ шууд хэлбэрээр хүртээж байгаа гээд яривал Салхитын мөнгөний ордтой холбоотой шинэлэг “мессеж”-үүд олон. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баялгийг тэгш хуваарилах “төрийн нийтийн” зарчим мөн л анх удаа Салхитын мөнгөний орд дээр бодитоор хэрэгжиж байгаа нь энэ юм.
“Coal India” компани 32 төсөлд 6.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
Энэтхэгийн нүүрсний “Coal India” компани хөрөнгө оруулалтын багц төлөвлөгөө баталжээ. Тодруулбал, тус компани нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэх зорилгоор нийт 32 төсөлд 473 тэрбум рупийн (6.4 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд, шинээр 8 төсөл хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулж буй 24 уурхайг өргөтгөх юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлсний үр дүнд 32 төслийн нүүрсний үйлдвэрлэл жилд 193 сая тоннд хүрэх аж. Ингэснээр гаднаас нүүрсний импортыг бууруулах ач холбогдолтойг “Coal India” компани мэдэгдсэн байна.
Хятадын хөрөнгө оруулалтаар Орос кокс-химийн үйлдвэр байгуулна
ОХУ-д кокс-химийн үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх гэрээг Бүгд Найрамдах Саха (Якут)-ын Засгийн газар болон Хятадын “Цинань” компанийн хооронд байгуулжээ. Жилд 4 сая тонн металургийн кокс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийн төсөлд Хятадын компани 5 тэрбум юанийн хөрөнгө оруулна.
“Baowu Steel” групп гангийн үйлдвэрийн шинэ төсөл хэрэгжүүлнэ
Хятадын гангийн хамгийн том үйлдвэрлэгч “Baowu Steel” групп нь “Fujian Sangang” компанитай хамтран Хятадын Фужян мужид гангийн үйлдвэр байгуулах гэрээ үзэглэжээ. Энэхүү төсөл нийт 20 тэрбум юанийн (3.09 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалттай бөгөөд хамтрагч талууд 50:50%-ийн хөрөнгө гаргах аж. Шинээр байгуулах үйлдвэр нь жилд 3.22 сая тонн ган үйлдвэрлэх хүчин чадалтай. Хятадын Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, 2020 онд Фужян муж нийт 38.6 сая тонн ган үйлдвэрлэжээ. Тус мужид ган үйлдвэрлэлээр “Baosteel Desheng”, “Tsingshan” болон “Fujian Fuxin Special Steel” зэрэг компани тэргүүлдэг байна.
Хятадад ашигт малтмалын хайгуулын шинэ үе шат эхэлнэ
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын нөөц, түүний ашиглалтад анхаарах тухай Хятадын Засгийн газраас мэдэгджээ. Түүхий эдийн хамгийн том хэрэглэгч тус улс нь төмрийн хүдэр, марганц зэрэг зарим түүхий эдийн импортоос хараат байгаа юм. Тиймээс Хятадын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх 2021-2025 оны төлөвлөгөөний (XIV таван жил) дагуу ашигт малтмалын нөөцийг нэмэгдүүлэх, баталгаажуулах зорилгоор энэ таван жилд хайгуулын шинэ үе шатыг эхлүүлэхээр болжээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятадын Аж үйлдвэрийн яамнаас мэдэгдсэнээр, гадаад зах зээлд өрсөлдөхүйц, төмрийн хүдрийн үнэ тогтооход нөлөөлөх чадамжтай 1-2 том ордыг 2025 он гэхэд эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байна.
Туркойз Хилл-ийн захирал солигдов
Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшигч “Туркойз Хилл Ресурс”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманныг албан тушаалаас нь (2021.03.03) огцруулжээ. Тэрээр 2018 оны долдугаар сарын 30-наас эхлэн Туркойз Хилл-ийн захирлаар ажиллаж байсан юм. Оюутолгой төсөлд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг хэрхэн босгох талаар төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай нэгдсэн шийдэлд хүрэхээр “Туркойз Хилл Ресурс” хэлэлцэж байна. Ийм үед Туркойз Хилл-ийн захирлын албан тушаалд үргэлжлүүлэн Улф Куэлманныг ажиллуулах нь компанийн дээд эрх ашгийн үүднээс төдийлөн зохимжгүй гэж үзжээ. Хэрэв цаашид ажиллуулах тохиолдолд ирэх тавдугаар сард болох Туркойз Хилл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар Улф Куэлманныг дэмжихгүй гэдгээ “Рио Тинто” компани мэдэгджээ.
Банкууд 3%-ийн хүүтэй зээлийн шаардлагыг сулруулах саналтай байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ (2021.03.04) банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзав. Уулзалт “10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд болсон юм. 10 их наяд төгрөгийн санхүүжилтээс 2 их наяд нь жижиг, дунд бизнес, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийг банкуудаар дамжуулж олгохдоо зөрүү хүүний татаасыг төр хариуцахаар тооцоолжээ. Хэдийгээр зээлийн хүү бага ч банкуудаас зээлдэгчдэд тавьж буй нөхцөл шаардлага өндөр гэж салбарынхан үзэж байна. Тиймээс Ерөнхий сайдын уулзалтын үеэр банкууд зээл олгох нөхцөл шаардлагыг бууруулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлжээ.
Хятадын нүүрсний олборлолт 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй
2020 оны үзүүлэлтээр, Хятад улс нийт 3.9 тэрбум тонн нүүрс олборлосон нь 1.4%-иар нэмэгдсэн байна. Тэгвэл БНХАУ-ын XIV таван жилийн төлөвлөгөө хэрэгжиж (2021-2025он) дуусах үед тус улсын жилийн нүүрсний олборлолтын хэмжээ 4.1 тэрбум тонноос хэтрэхгүй гэж Хятадын Нүүрсний үндэсний ассоциацийн тайланд дурджээ. Тайланд тэмдэглэснээр, 2025 он гэхэд нүүрсний уурхайнуудын тоог 4000 орчимд хязгаарлах төлөвтэй. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад нүүрсний нийт уурхайнуудын тоо 4700 орчим байжээ. Үүний 1200 уурхай нь 1.2 сая тонноос дээш олборлолтын хүчин чадалтай томоохон уурхайнууд байсан нь нийт олзворлолтын 80%-ийг бүрдүүлсэн байна.
Оюутолгой ХХК татварын актаар ногдуулсан үлдэгдэл төлбөрийг барагдууллаа
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна.
Японы компаниуд Оросын коксжих нүүрсний төсөлд хамтарна
ОХУ-ын “Алс Дорнодын хөрөнгө оруулалт, экспортыг дэмжих” агентлагаас Японы хөрөнгө оруулагчидтай албан уулзалт зохион байгуулжээ. “Марубени”, “Сожиц”, “Иточу”, “Сумитомо”, “Мицуи” компани болон “Газрын тос, нүүрс, металын корпораци” (JOGMEC), Японы гадаад худалдааг дэмжих байгууллагаас Оросын коксжих нүүрсний олборлолт, гадаад зах зээлд нийлүүлэх төслүүдийг сонирхож буйгаа илэрхийлжээ. Оросын коксжих нүүрсийг Алс Дорнодын боомтуудаар шууд Японы зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байна. Тус уулзалтаар Японы тэргүүлэх компаниудын төлөөлөгчид Оросын нүүрсний “Долгучан” компанитай хэлэлцээр эхлүүлжээ.
“Эрдэнэс Монгол”-ын эрмэлзэлгүй “шилэн” гүйцэтгэл
Монгол Улсад нээлттэй мэдээлэл, өгөгдлийн ил тод байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар багагүй ахиц дэвшил гарсаар байна. Мэдээллийн ил тод байдал, нээлттэй өгөгдлийн эрх зүйн орчин бүрэлдэж байгаа энэ нөхцөлд холбогдох хуулиудын хэрэгжилт, түүний хүрээнд хийгдэж буй төслүүдийн үр дүнд хяналт тавих нь цаашид эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход нэн чухал үүрэгтэй. Мөн мэдээллийн ил тод байдал нь Монгол Улсын хөгжилд хамгийн том сорилт болж буй бэрхшээлүүдийн нэг болох авлигалын асуудлыг хяналттай болгох хамгийн чухал шийдлүүдийн нэг билээ.
Газрын тос дамжуулах хоолой барих төслийн сонгон шалгаруултыг зарлажээ
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (2021.03.03) “Газрын тос дамжуулах хоолойг санхүүжүүлж, барих төсөл”-ийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Дорнод аймгийн нутаг дахь Тамсагийн ордоос түүхий тос дамжуулах 530 км урт хоолой, шаардлагатай дагалдах байгууламжийн хамт иж бүрнээр барих төсөл юм. Энэ нь Дорноговь аймгийн нутагт баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд Монгол Улсын хариуцах хамгийн том хөрөнгө оруулалт юм. Уг ажлыг гүйцэтгэхэд шаардагдах санхүүжилтийг урт хугацааны бага хүүтэй эх үүсвэрээр шийдвэрлэнэ гэж УУХҮЯ-наас мэдээлжээ.
Шинэ засгийн амбиц
Манай улсын 100 гаруй төсөлд 57 их наяд төгрөг шаардлагатай байна. Энэ дөрвөн жилд 10 хүрэхгүй их наяд төгрөгийг улсын төсвийн санхүүжилт болон төсөвт хамааралтай гадаад доноруудаас урт хугацааны санхүүжилт авч зарим төслөө урагшлуулах урьдчилсан төлөв гарчээ. Харин 47 гаруй их наяд төгрөгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, төр-хувийн хэвшлийн түншлэлийн концесс хэлбэрээр, хувийн хэвшлээр 100% хэрэгжүүлэх зэргээр санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Сангийн яам ид судалж байна. Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр өгөөжөөр нь ангилан, эдийн засаг дотроо импортыг орлох, экспортын орлого оруулах байдлаар нь эрэмбэлсэн тэргүүлэх 100 төслийг шинэ Засгийн газар ажлын 100 хоногийн дараа олон нийтэд зарлахаар төлөвлөжээ. Дөрөвдүгээр сард эхлэх УИХ-ын хаврын чуулганаар төсөл, эх үүсвэрүүд илүү тодрох бололтой. Төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих “лоозон” одоо л хэрэгжих цаг үе.
Путин нүүрсний экспортын шинэ төмөр замын төслийг дэмжжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин (2021.03.02) нүүрсний салбарын асуудлаар цахим хурал хийжээ. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд шаардлагатай шинэ төмөр замын төслийг РЖД компани хэрэгжүүлэхийг дэмжсэн байна. Тодруулбал, Якутын бүс нутгаас Алс Дорнодын далайн боомт хүртэлх 1000 гаруй км үргэлжлэх “Тында-Комсомольск-Ванино” чиглэлд төмөр зам барих төсөл юм. Уг төмөр зам нь Якутын ордуудаас нүүрсийг Хятад руу экспортлох гол дэд бүтэц болох аж. Шаардлагатай тохиолдолд шинэ төмөр замын төслийн санхүүжилтийг ОХУ-ын Үндэсний баялгийн сангаас гаргах боломж буйг Ерөнхийлөгч Путин мэдэгдэлдээ дурджээ.
Алтан цагаан овоо ордын нөөц 2 дахин нэмэгджээ
“Степ голд” компанийн эзэмшлийн Алтан цагаан овоо алтны ордын нөөц 1.22 саяас 2.45 сая унц болж хоёр дахин өссөн байна. Уг нөөцийн тооцоололд үндэслэн 2021 оны хоёрдугаар улиралд ТЭЗҮ-ээ шинэчлэн боловсруулна. Анхдагч хүдрийн нөөц нэмэгдсэнээр төслийн үргэлжлэх хугацааг уртасгаж жилд 150 мянган унц алт олборлох хүчин чадалд хүрнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
“Рио Тинто”-ийн борлуулалтын орлого 44.6 тэрбум долларт хүрэв
Дэлхийн уул уурхайн хоёр дахь том компани “Рио Тинто” 2020 оны тайлангаа танилцууллаа. Тус компанийн мэдээлснээр өнгөрсөн онд нийт борлуулалтын нэгдсэн орлого 44.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Уг үзүүлэлт 2019 онд 43.2 тэрбум ам.доллартай байсан юм. Энэ дундаа төмрийн хүдрийн борлуулалт дийлэнхийг бүрдүүллээ. Тодруулбал Австралийн Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайнуудаас нийтдээ 333.4 сая тонн төмрийн хүдэр олборлож, борлуулалтын орлого нийтдээ 27.5 тэрбум ам.доллараар хэмжигдлээ. Өнгөрсөн онд зах зээлд төмрийн хүдрийн ханш нэмэгдсэнтэй холбоотойгоор тус компанийн суурь орлогын (underlying earnings) үзүүлэлт 12.5 орчим тэрбум ам.долларт хүрсэн нь 2019 оны дүнгээс даруй 2.1 тэрбум ам.доллараар өсөлттэй гарчээ.
Эрдэс баялаг-эмэгтэйчүүд үндэсний III чуулган цахимаар болно
Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо ТББ-аас анхны үндэсний чуулганаа 2018 онд Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэгтэйгээр Эрдэнэт хотод зохион байгуулсан нь салбарын эмэгтэйчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн томоохон үйл явдал болж байсан. Үүний дараа (2019.05.03) Улаанбаатар хотноо II чуулган “Хамтын хүч хөгжлийн гарц” уриан дор (2021.03.16) болж байжээ. Тэгвэл энэ удаагийн чуулган мөн Улаанбаатар хотноо “Эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг манлайлах нь уриан дор цахимаар хуралдах юм. Одоогоор эрдэс баялгийн салбарт ажиллагсадын 15% эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд зарим компанид нийт ажиллагсдын 25% нь эмэгтэйчүүд байна.
Зэсийн Быстринский төсөлд Орос, Хятадын компаниуд опцион гэрээ байгуулав
Быстринскийн зэсийн төслийн хувь эзэмшигчид Оросын “Норильский никель” компани, Хятадын “Highland Fund” консорциум нь опцион гэрээ байгуулжээ. Тус гэрээгээр, уг төслийн 13.3%-ийн эзэмшлээ Хятадын хөрөнгө оруулагчид худалдах эрхтэй болж байна. Оросын “Норильский никель” компанийн мэдээлснээр, опцион гэрээ нь 2021 оныг дуустал хүчинтэй аж. Энэхүү төслийн 50.7%-ийг Оросын “Норильский никель”, 13.3%-ийг Хятадын “Highland Fund” консорциум, 36.6%-ийг Оросын “CIS NRF Holdings” компани тус тус эзэмшиж байгаа юм.