Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто Пангуна уурхайн байгаль орчны нөхөн сэргээлтэд 370 сая ам.доллар зарцуулна

О.Дөлгөөн


Рио Тинто компани Папуа Шинэ Гвинейн Бугенвиль бүс нутаг дахь Пангуна уурхайг хаагдсанаас хойш 40 орчим жилийн дараа тус уурхайн байгаль орчин, нийгэмд үлдээсэн хор уршгийг арилгахад 370 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо.

Тус компани ирэх жилүүдэд энэхүү хөрөнгийг байгаль орчны нөхөн сэргээлт, нийгмийн хөгжилд зориулан байгуулсан тусгай санд сайн дурын үндсэн дээр төвлөрүүлэх юм.

Пангуна нь оргил үедээ дэлхийн хамгийн том алт, зэсийн уурхайнуудын нэг байсан бөгөөд Папуа Шинэ Гвинейн нийт экспортын тал орчим хувийг дангаар бүрдүүлдэг байв. Гэвч орон нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас 1989 онд үйл ажиллагаагаа гэнэт зогсоосон нь 10 жил үргэлжилж, 10,000–15,000 хүний амийг авч одсон иргэний дайны эхлэл болсон түүхтэй. Рио Тинто 2016 онд эзэмшлийн хувиа тухайн орон нутгийн болон Папуа Шинэ Гвинейн засгийн газарт шилжүүлснээр уг төслөөс гарсан юм.

Харин 2020 онд Австралийн Хүний эрхийн хуулийн төв (HRLC) Бугенвилийн 150 гаруй иргэний нэрийн өмнөөс гомдол гаргасны дагуу уурхайн өв уршгийн нөлөөллийн үнэлгээг (PMLIA) хийжээ. Үнэлгээгээр уурхайн хаягдал, эвдэрч муудсан дэд бүтэц нь олон мянган оршин суугчийн цэвэр ус, боловсрол, эрүүл ахуйн суурь эрхийг зөрчсөөр байгааг тогтоосон байна.

Рио Тинтогийн Аюулгүй байдал, техникийн асуудал эрхэлсэн захирал Марк Дэвис энэхүү санхүүжилт нь үнэлгээний шатнаас бодит нөхөн сэргээлтийн ажил руу шилжих чухал алхам болохыг онцолсон бол орон нутгийн иргэдийн төлөөлөл үүнийг олон жилийн тэмцлийн үр дүн хэмээн сайшаалаа.

Шинэ сангийн хөрөнгийг дараах чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөж байна:

-Орон нутгийн иргэдийг ундны цэвэр усаар хангах, үерийн эрсдэлээс сэргийлэх, иргэдийн зорчих хөдөлгөөнийг сайжруулах гүүр барих;

-Лолохо боомтын орчмоос аюултай хог хаягдлыг зайлуулах (уг ажил хэдийн эхэлсэн);

-Олон жилийн турш уурхайн сөрөг нөлөөлөлд өртсөн иргэдийн амьжиргааг дэмжих, хүүхдүүдийн боловсролд хөрөнгө оруулах.

Түүнчлэн уг сангийн үйл ажиллагаа нь Бугенвилийн засгийн газар Энэтхэгийн "Lloyds Metals and Energy Limited" (LMEL) компанитай хамтран Пангуна уурхайг дахин нээхээр төлөвлөж буй төслөөс ангид, бие даасан хэлбэрээр хэрэгжих аж.