Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Эрдэнэ Ресурс” 2027 онд Баянхөндийгөөс 70,000 унц алт олборлож, өрөө бүрэн төлж дуусгах зорилт тавьжээ 

О.Дөлгөөн


Торонто, Монгол болон АНУ-ын OTCQB венчур зах зээлд бүртгэлтэй “Эрдэнэ Ресурс Девелопмент” (TSX: ERD; MSE: ERDN; OTCQB: ERDCF) компани Баянхонгор аймаг дахь Баянхөндий алтны уурхайн олборлолтыг өргөжүүлж, жилд 100,000 унц алт олборлох стратегийн зорилт руугаа дөхсөөр байна. Энэ талаар тус компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Питер Акерли уул уурхайн хөрөнгө оруулалтын “Crux Investor” сувагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Тус уурхай 2025 оны есдүгээр сард анхны алтаа цутгаснаас хойш 2026 оны эхний есөн сарын байдлаар 32,089 унц алт борлуулаад байна. 2026 оны гуравдугаар улиралд унц алтыг 4,313 ам.доллароор борлуулж, 51 сая ам.долларын орлого олон, 9.6 сая канад долларын цэвэр ашигтай ажиллажээ. Тэсэлгээний хяналт, өндөр нарийвчлалтай GPS ашиглан гүнийн өндөр агуулгатай бүсүүдэд нэвтэрснээр хүдрийн дундаж агуулга 2 г/т-аас 3 г/т-д хүрч өссөн бөгөөд энэ оны нийт олборлолт 50,000 унц орчимд хүрэх төлөвтэй байна.

Компани 2027 онд олборлолтоо 70,000 унцад хүргэхээр зорьж байгаа бөгөөд үүний гол хөшүүрэг нь газрын гадаргад ойр 7 г/т өндөр агуулгатай, 50,000 орчим унц алтны нөөц бүхий “Dark Horse” (“Хар морь”) дагуул ил уурхай юм. Анх 2028 онд ашиглахаар төлөвлөж байсан тус уурхайг 2027 оны дунд үе рүү наашлуулан эхлүүлэх эсэх шийдвэрийг ирэх оны нэгдүгээр улиралд гаргана.

Цаашлаад жилд 100,000 унц алт олборлохын тулд 2027 оны сүүлч эсвэл 2028 оны эхээр нуруулдан уусгах байгууламж барьж, бага агуулгатай хүдрүүдийг боловсруулахын зэрэгцээ баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг 20 хувиар өргөтгөхөөр төлөвлөжээ. 

Зуун мод төсөл

Баянхөндий төслийг “Эрдэнэ Ресурс” болон “Mongolian Mining Corporation” (MMC) компаниуд 50:50 хувийн эзэмшилтэй “Эрдэнэ Монгол” ХХК-аар дамжуулан хэрэгжүүлдэг. Хамтарсан компани гуравдугаар улиралд 30 сая ам.долларын өрөө барагдуулсан бөгөөд үлдэгдэл 93 сая ам.долларын зээлийг 2027 онд багтаан бүрэн төлж дуусгахаар ажиллаж байна. 

Үүнээс гадна “Эрдэнэ Ресурс” компанийн 100 хувь эзэмшдэг, 34 жилийн ашиглалтын хугацаатай Зуун мод молибден-зэсийн төслийн урьдчилсан үнэлгээгээр татварын дараах цэвэр үнэ цэнэ нь (NPV 8%) зах зээлийн одоогийн үнээр 2.0 тэрбум ам.долларт хүрчээ. Монгол-Хятадын хилийн төмөр замаас 280 км зайд орших энэхүү томоохон төслийн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхээр Азийн хөрөнгө оруулагч түншүүдтэй яриа хэлэлцээ өрнүүлж байгааг Питер Акерли онцолсон байна.