-Эрдэнэт үйлдвэр-ийн биржээр борлуулсан зэсийн баяжмалын арилжааны хэлцлийн дүн 866.9 тэрбум төгрөгт хүрлээ-

Монголын хөрөнгийн биржээр энэ оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн 22.35%-ийн зэсийн агуулгатай, 80,000 нойтон тонн буюу 72,480 хуурай метр тонн зэсийн баяжмалын арилжаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арилжаагаар зэсийн баяжмалын нэг тонн тутмын үнэ 3,272.16 ам.доллароос 3,317.16 ам.долларт хүрч, 45 ам.доллар буюу 1.38%-иар өссөн байна.
Ингэснээр арилжааны нийт хэлцлийн үнийн дүн анхны дуудах үнээс 11.76 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 866.9 тэрбум төгрөгт хүрлээ.
Энэхүү хэлцэл нь Монголын хөрөнгийн бирж дээр хийгдсэн уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хэлцлүүдийн нэг боллоо.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж