
О.Дөлгөөн
Монгол-Хятадын хилийн боомтуудын нүүрсний тээвэр, логистикийн зах зээлд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын “Jiayou International” компани болон “М-Си-Эс Монголиа” ХХК (охин компаниудын хамт) Стратегийн хамтын ажиллагааны ерөнхий гэрээ байгууллаа. Энэ сарын 10-ны өдөр үзэглэсэн уг гэрээгээр талууд уламжлалт нүүрсний худалдаа, уурхайн хөрөнгө оруулалтаас хальж, өнгөт металлын хүдэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хил дамнасан нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэхээр болов.
Гэрээний хүрээнд хоёр тал өнгөт металлын хүдэр болон махан бүтээгдэхүүний худалдаа, борлуулалтын сувгийг үе шаттайгаар нээж, хил дамнасан тээвэр, логистикийн иж бүрэн дэд бүтцийг бүрдүүлэх юм.
Хоёр тал өмнө нь коксжих нүүрсний чиглэлд нягт хамтарч ирсэн. Тухайлбал, “Jiayou International” компани 2024 оны хоёрдугаар сард “Mongolian Mining Corporation” (MMC)-ийн охин компани болох “Khangad Exploration” ХХК-ийн 20 хувийг 88.81 сая ам.доллароор худалдан авч, MMC-тэй 10 жилийн урт хугацааны гэрээ байгуулсан юм. Мөн 2024 оны арваннэгдүгээр сард байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээр “Jiayou International”-ийн охин компани “Inner Mongolia Wanli Trading” нь Ганцмод боомтод MMC-ийн охин компаниудын экспортолсон нүүрсийг импортлох, гаалийн бүрдүүлэлт хийх, логистик, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, түгээлтийн үйлчилгээ үзүүлэхээр тохиролцсон бөгөөд уг гэрээ 2025-2029 онд хэрэгжих юм.
Харин энэ удаагийн гэрээнд чухам аль ордын өнгөт металлын бүтээгдэхүүнийг худалдаалах, тээвэрлэх талаар нарийвчлан дурдаагүй байна. Гэхдээ MMC сүүлийн жилүүдэд нүүрсний бизнесээс гадна алт, зэс болон бусад өнгөт металлын салбар дахь оролцоогоо нэмэгдүүлж буй. Тус компани Канадын “Эрдэнэ Ресурс Девелопмент” (ERD)-тэй байгуулсан стратегийн түншлэлийн хүрээнд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн 50 хувийг эзэмшиж, “Баянхөндий” алтны төслийг хамтран хөгжүүлж байгаа бол мөн “Universal Copper” ХХК-ийн 50.5 хувийг эзэмшсэнээр Баянхонгор аймаг дахь зэсийн White Hill, мөнгөний Urkhut зэрэг ордуудыг хөгжүүлэхэд оролцож байна.
“Jiayou International”-ийн зүгээс энэхүү стратегийн түншлэл нь Хятад-Монголын хил дамнасан бизнест өсөлтийн шинэ хөшүүрэг болно гэж дүгнэжээ. Түүнчлэн Монголын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэх нийлүүлэлтийн сүлжээний энэхүү нэгдсэн загвараа цаашид Төв Ази болон Африкийн эрдэс баялгийн зах зээлд нэвтрүүлэх суурь болгохоор зорьж буйгаа онцолсон байна.
Эх сурвалж: Shanghai Metals Market