Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Майхан Уул төслийн цул сульфидийн хүдэржилт 140 метрээр өргөжиж, өрөмдлөг 4,000 метрт хүрэв

О.Дөлгөөн


Австралийн Хөрөнгийн Биржид (ASX: AZ9) бүртгэлтэй “Azzuro Resources PLC” компани Говь-Алтай аймаг дахь 100 хувийн эзэмшлийн Майхан Уул (Red Hill) зэс-алтны галт уулын гаралтай цул сульфидийн (VMS) төслийн хайгуулын өрөмдлөгийн сүүлийн үеийн үр дүнг (2026.11.18) танилцууллаа.

Хайгуулын явцад Хойд болон Төв бүсэд хийсэн өрөмдлөгөөр цул сульфидийн хүдэржилт мэдэгдэхүйц өргөжиж, улмаар өрөмдлөгийн нийт хэмжээг 4,000 метр болгон өргөжүүлжээ.

Хойд бүсэд эрдэсжилт 140 метрээр өргөжив

Шинээр өрөмдсөн MU2618, MU2622 болон MU2636 цооногуудаар цул болон хагас цул сульфидийн зузаан давхаргууд илэрч, тус бүс суналтын дагуу 140 метрээр тэлсэн байна.

MU2618 цооног: 32.6 метрийн гүнээс эхэлсэн 10.8 метрийн зайнд өргөн хүрээтэй эрдэсжсэн бүс илэрсний дотор 5.7 метрийн зузаантай хагас цул сульфид, мөн 47.5 метрээс эхэлсэн 3.7 метрийн өөр нэг хагас цул сульфидийн бүс тус тус тогтоогджээ.

Гүний эрдэсжилт 50 метрээр нэмэгдэв

MU2621 болон MU2636 цооногуудаар гурван эрдэсжсэн линз болон 16.3 метрийн өргөнтэй цул сульфид, дацитын багц огтлогдож, эрдэсжилт 50 метр илүү гүн рүү үргэлжилж байгааг тогтоожээ.

Хойд болон Төв бүс дэх өнгөн хэсгийн алтны исэлдсэн бүрхүүлийн өрөмдлөг дуусах шатандаа оржээ. Гадаргуугаас авсан дээжүүдэд 4.69 г/т хүртэлх алт, 1.37% хүртэлх зэс тус тус илэрсэн байна.

“Kerry Resources Logistics” группээс татсан 3 сая ам.долларын санхүүжилтийн үр дүнд хайгуулын ажил санхүүгийн хувьд бүрэн баталгаажжээ.

Шинжилгээний дараагийн ээлжийн хариу 1–2 долоо хоногийн дараа гарах бол үлдсэн цооногуудын дүн энэ оны сүүлчээр (4-р улиралд) цувраад гарах төлөвтэй байна.

Майхан Уул ордын өрөмдлөг 1–2 долоо хоногийн дотор өндөрлөж, улмаар Ямбат (Oval) Cu-Ni (никель-зэс) төсөл рүү шилжин, 2–3 байршилд зорилтот өрөмдлөг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөжээ.