Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Шатахууны нөөц бүрдүүлэхийн тулд Монголбанк, Хөгжлийн банкнаас ААН-үүдэд 7 хувийн хөнгөлөлттэй, барьцаатай зээл олгож байна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас (2026.11.18) гарсан шийдвэрийн талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Сангийн сайд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд хамтран шатахууны үнийг тогтворжуулах, бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналаа Засгийн газарт танилцуулж, тогтоол батлагджээ.

Засгийн газрын тогтоолын үр дүнд:

  1. Энгийн 92 буюу Евро-2 стандартын авто бензиний үнийг 150 төгрөгөөр;

  2. Евро-3 болон түүнээс дээш (Евро-3, 4, 5) стандартын авто бензиний үнийг 1000 төгрөгөөр тус тус бууруулахаар болж, энэ шийдвэр өнөө шөнийн 00:00 цагаас (маргаашаас) эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.

Энэхүү шийдвэртэй холбоотой зохицуулалтуудыг хийхийг Сангийн сайд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, НӨАТ-ын баримтын тулгалт хийдэг алба, Шатахууны штаб болон Монголбанк, Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэг болгожээ. 

Одоо Улаанбаатар хот болон орон нутгуудад АИ-92 авто бензин авахаар дугаарласан очер дараалал байхгүй болж, биет бүтээгдэхүүний олдоц сайжирч байгаа нь олон улсын нөхцөл байдал сайжирч байгаатай холбоотой эерэг дохио юм. 11, 12 дугаар саруудад хангамж харьцангуй тогтвортой байна гэж хүлээж байгаа ч дайны нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсийг урьдчилан тааварлашгүй гэдгийг санууллаа. 

Энэхүү арга хэмжээ нь ард иргэдийн нуруун дээрх санхүүгийн ачааллыг бууруулах, түгээлт хангамжийг сайжруулахад чиглэж байгаа бөгөөд уг шийдвэрийн хүрээнд Монголбанк болон Хөгжлийн банкнаас аж ахуйн нэгжүүдэд 7 хувийн хөнгөлөлттэй, барьцаатай зээл олгож санхүүжилтийг хямдруулан нөөц бүрдүүлэх боломжийг бүрдүүлжээ. Мөн дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурч байгааг харгалзан үзэж, тодорхой эх үүсвэрийн зохицуулалтуудыг хийсэн байна.