Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

НҮҮРСЭНД АГУУЛАГДАХ ӨӨР НЭГ СТРАТЕГИЙН БАЯЛАГ "МЕТАН ХИЙ"

 О.Дөлгөөн 


Нүүрсийг бид ихэвчлэн экспортын орлого, коксжих чанараар нь хэмжиж ярьдаг. Харин нүүрсний гүний давхаргад агуулагдах метан хийг (CBM) бие даасан стратегийн бүтээгдэхүүн болгон ашиглах боломж манай улсад нээлттэй байна. 

Манай улс геологийн нөөцөөрөө бүс нутагтаа дээгүүрт тооцогддог ч анхдагч эрчим хүчний хэрэглээнийхээ 80 гаруй хувийг импортоор хангадаг эмзэг бүтцээсээ өнөөг хүртэл салж чадаагүй. 2014 оны Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тусгагдаж, Австралийн хөрөнгө оруулалттай компаниуд Говийн бүсэд хэд хэдэн Бүтээгдэхүүн хуваах гэрээг (БХГ) амжилттай байгуулсан нь нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах гол суурийг тавьсан юм. 

Эрх зүйн шинэчлэл ба Монголын CBM салбарын анхны алхмууд 

Монгол Улсад нүүрсний давхаргын метан хийн (CBM) боломж, эдийн засгийн ач холбогдлын талаар 2000-аад оны дунд үеэс ярьж эхэлсэн ч хууль эрх зүйн тодорхойгүй байдал болон ойлголтын зөрүүгээс шалтгаалан бараг 10 гаруй жил судалгаа, бэлтгэл шатанд саатсан байдаг. Энэхүү саатлыг арилгах анхны эрх зүйн алхам 2014 онд хийгдэж, УИХ-аас Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар уламжлалт бус газрын тос болон хийн салбарын ойлголт, зохицуулалтыг анх удаа хуульчилж өгсөн юм. 

Ийнхүү эрх зүйн орчин бүрэлдсэний дараа буюу 2014–2019 оны хооронд салбарын анхны бодит хөдөлгөөнүүд өрнөв. Тухайлбал, 2014 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК нь Солонгосын төрийн өмчит, дэлхийн хамгийн том хий импортлогчдын нэг болох "KOGAS" корпораци болон дотоодын өрөмдлөгийн "Элгэн" компанитай хамтран Тавантолгойн Бортээгийн хэсэгт 788 метрийн гүнтэй хоёр цооног өрөмдөж, туршилтын ажлыг эхлүүлж байв. Гэвч өвлийн улиралд цооногоос их хэмжээний ус гарч хөлдсөнөөс гадна улсын төсвөөс санхүүжилт авч чадалгүй санхүүгийн хүндрэлд орсны улмаас төсөл зогсжээ. Хэдийгээр анхны туршилт саатсан ч 2010–2018 оны хооронд хийгдсэн эхэн үеийн судалгааны үр дүнд Монгол Улсын идэвхтэй ашиглагдаж байсан 22 орд дээр түшиглэн CBM-ийн таамаг нөөцийг 68 тэрбум шоо метр, үүнээс зөвхөн Тавантолгойн сав газарт 53 тэрбум шоо метр хэмээн анх тооцоолсон нь олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан. Улмаар Дани, Финланд, Норвеги зэрэг Скандинавын хойгийн орнууд болон Австралийн компаниуд хайгуул, судалгааны санхүүжилтийг хийж эхлэв. 

2018 оны 9 дүгээр сарын 18-нд Австралийн "Elixir Petroleum" (хожим "Elixir Energy") компанийн хөрөнгө оруулалттай "Жи Өү Эйч" ХХК Өмнөговь аймгийн 7 сумыг хамарсан "Номгон IX" талбайд Монголын анхны CBM-ийн БХГ байгуулж, 30 сая ам.долларын хайгуулын ажлыг эхлүүлсэн. Мөн тухайн үед "Эрдэнэс Метан" ХХК болон Австралийн "Jade Gas" компаниуд Тавантолгойн бүлэг ордод хамтран ажиллах хөрөнгө оруулалтын санамж бичгийг байгуулж байв. Тус цаг үед салбарын мэргэжилтнүүд АНУ (CMOP хөтөлбөр), Канад, БНХАУ зэрэг улсууд уурхайн хий олборлогчдод татварын хөнгөлөлт үзүүлж, нэгж шоо метр тутамд 3–5 юанийн урамшуулал олгодог олон улсын жишгийг онцолж, Монгол Улс ч мөн адил баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд төрөөс бодлогын болон татварын тодорхой дэмжлэг, урамшууллын механизм шаардлагатайг анхааруулж байжээ. 

Эх сурвалж: АМГТГ

Ашигт малтмал, газрын тосны газраас (АМГТГ) танилцуулсан тусгай зөвшөөрөл болон БХГ-ын тоо баримтаас харахад салбарт нийт 7 талбайд гэрээ байгуулагдсанаас "Номгон IX" болон "Тавантолгой XXXIII" талбайнуудад хамгийн их хэмжээний өрөмдлөг, геофизикийн ажил хийгджээ. Түүнчлэн "Гурвантэс XXXV" болон "Тавантолгой XXXIII" талбайнууд дээр туршилт-олборлолтын 7 болон 3 цооног тасралтгүй ажиллаж, дэргэд нь хийн хэмжилтийн 2 лаборатори байгуулагдсан нь салбар ердийн хайгуулын шатнаас давж, олборлолтын туршилт, арилжааны үнэлгээний шат руу багагүй ахисныг баталлаа. Ялангуяа "Тавантолгой XXXIII" талбайд Монголын анхны 3 хөндлөн буюу хэвтээ чиглэлийн цооног өрөмдсөн нь геологийн хүнд нөхцөлтэй, нэвчилт багатай нүүрсний давхаргаас хий чөлөөлөх олон улсын орчин үеийн технологи Монголд бодитоор нэвтэрснийг илтгэж байна. 

Эдгээр БХГ байгуулсан 7 гэрээлэгчийн 5 нь Австралийн хөрөнгө оруулалттай байгаа нь нөөцөөрөө тэргүүлэгч Австрали улс Монголын метан хийн гол түнш гэдгийг харуулна.  

Экологийн эрсдэлээс эрчим хүчний бие даасан байдал руу  

Метан хий нь агаар мандалд дэгдэхдээ нүүрсхүчлийн хийг бодвол агаарын хэмийг дулааруулах түвшин нь 20 дахин илүү байдаг. Тиймээс метан хийг нүүрс олборлолтоос урьтаад ашиглах нь эдийн засгийн төдийгүй байгаль орчин, уурхайн аюулгүй ажиллагаа талаасаа ихээхэн ашигтай хувилбар юм. Монгол Улс 2030 он гэхэд агаарт алдаж буй метан хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн ч 2019 оны байдлаар уурхайн хөрс хуулалт, гүний олборлолтоос жилд ойролцоогоор 20 тонн метан хий шууд агаарт алдагдаж байв. Иймд Монгол Улсын хувьд нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөвхөн уул уурхайн салбарын асуудал биш, эрчим хүчний хараат бус байдлыг хангаж, хотуудын агаарын бохирдлыг бууруулах нийгэм-экологийн стратегийн ач холбогдолтой юм. Сүүлийн 10 гаруй жил Улаанбаатар хот болон аймгийн төвүүдийн агаарын бохирдлыг бууруулахаар үлэмж хэмжээний төсөв зарцуулсан ч бодит үр дүнд хүрээгүй тул түүхий нүүрснээс татгалзаж, CBM-ийг дулааны станц, жижиг зуух, өндөр даацын тээвэр болон ахуйн хэрэглээнд нэвтрүүлэх нь хамгийн цэвэр гарц гэж салбарын шинжээчид дүгнэдэг. 

Мөн метан хий нь байгаль орчинд хор хөнөөл багатайгаас гадна эрчим хүчний илчлэгийн хувьд асар өндөр үзүүлэлттэй юм. Тухайлбал, Тавантолгойн коксжих нүүрсний дундаж илчлэг 5500–6000 ккал/кг байдаг бол метан хийн илчлэг 8000 ккал/кг-д хүрдэг бөгөөд 1 шоо метр метан хийгээр 3.3 кВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой байдаг. 

Өнөөдөр Гурвантэс болон Тавантолгой зэрэг голлох хийн төслүүд туршилтын цооногийн амжилттай үр дүнгээ зарлаж, боломжит таамаг нөөцүүдээ баталгаажуулсаар байна. Гэвч манай улсын тус хийн салбар нь зөвхөн геофизикийн таамаглалаас хэтэрч, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын өгөөж, бодлогын уялдаа гэсэн зах зээлийн бодит шалгууртай тулгарч байна. Геологийн таамаглалаар Монгол Улсад 7.4 их наяд шоо метр метан хийн нөөц бий гэх тооцоолол байдаг ч геологийн нөөц болон батлагдсан нөөц хоёрын хооронд зарчмын асар том ялгаа бий. 

ГОВИЙН БҮСИЙН "ОНЦЛОХ 3 ТӨСӨЛ"

Салбарын туршилтын олборлолтын түвшинд хамгийн идэвхтэй урагшилж буй "Гурвантэс XXXV" төслийн хувьд 2026 оны туршид хийн гарц тасралтгүй өсөж, хоногийн дундаж олборлолт 900 шоо метрт хүрлээ. Бүр онцлууштай нь, тус төслийн гол цооног болох "LF-07"-оор хязгаарлагдахгүйгээр бусад цооногуудаас нэгэн зэрэг хий ялгарч эхэлсэн. Өөрөөр хэлбэл, усан сангийн даралтыг бууруулах технологийн менежмент амжилттай хэрэгжиж, метан хий чөлөөлөгдөх процесс зөвхөн хэсэгчилсэн цооногийн хэмжээнд бус, харин бүхэл бүтэн ордын түвшинд явагдаж эхэлснийг техникийн хувьд баталлаа. 

Мөн төслийг хэрэгжүүлэгч "Тэлмэн Ресурс" ХХК нь "Дашваанжил" групптэй хамтран 1 мегаваттын хүчин чадалтай хийн цахилгаан станц барих төслийн инженерчлэл болон зураг төслийн судалгааг (FEED) дуусгаж, оны төгсгөл гэхэд эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна.  

Тавантолгойн “Улаан нуур” 

Дараагийн томоохон төсөл бол "Тавантолгой-ХХХIII" БХГ-т талбайд хэрэгжиж буй "Улаан нуур" төсөл юм. Уг төсөл нь Монголын анхны метан хийн нөөцийн үнэлгээ батлагдсан талбай болсноос гадна Хятадын "PetroChina" зэрэг томоохон консорциумтай хэлцэл хийж, 1 дүгээр шатны хөгжүүлэлт болон Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) модуль үйлдвэр барихад зориулж 1.1 тэрбум австрали доллар буюу 762.5 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээг эцсийн шатанд нь авчирч чадлаа. Түүнчлэн Монголын анхны хэвтээ чиглэлийн 5 салаатай (multilateral) цооногийг амжилттай өрөмдөж, 2,000 метрээс дээш гүн дэх занарын болон элсэн чулууны хийн нөөцийг илрүүлэх сейсмик судалгааг эхлүүлснээр 2027 оноос бүтээн байгуулалтын үндсэн шатанд шилжихээр төлөвлөж байна. 

  "Номгон IX" 

Уламжлалт нүүрс, зэсийн олборлолтоос эрчим хүчний шилжилтийн цэвэр эх үүсвэр рүү чиглэж буйг харуулах гуравдахь төсөл бол мөн л Өмнөговьд байрлах "Номгон IX" БХГ-т талбайд хэрэгжиж буй "Номгон" төсөл юм. Тус төслийн хамгийн гол өрсөлдөх чадвар нь дэд бүтцийн стратегийн төвд буйд оршино. Дэлхийн хэмжээний Тавантолгойн коксжих нүүрсний цогцолбортой хаяа дэрлэн оршиж байгаа нь авто зам, ус, эрчим хүч болон ажиллах хүчний бэлэн нөөцийг ашиглах боломжийг олгож байна. Түүнчлэн 2027 он гэхэд ашиглалтад орох хүнд даацын төмөр замын сүлжээ болон "Сибирийн хүч 2" хийн хоолойн маршруттай газарзүйн хувьд нэг коридорт оршдог мөн БНХАУ-ын хилийн шугамаас ердөө 70 гаруй км зайд оршиж буй гэхээр зах зээлийн арилжааг тэлэхийн сацуу логистикийн зардлыг бууруулахад эергээр нөлөөлөх нь дамжиггүй. 

Номгон талбайд 2019–2024 оны хооронд 20.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 49 цооногт 32,016 метр өрөмдлөг гүйцэтгэн, 1,075 км 2D сейсмийн судалгаа хийснээр тус талбай Монголын хамгийн өндөр түвшинд судлагдсан хийн бүсээр тодров.  Геологийн бие даасан аудитаар "Номгон" талбайн эрсдэлтэй ирээдүйн нөөцийг 14.6 их наяд шоо фут хэмээн өндрөөр үнэлсэн. Төслийн өмчлөл болон засаглалын хувьд дорвитой шинэчлэл гарч, Австралийн "Elixir Energy" компани эзэмшиж байсан бол 2025–2026 онд Их Британийн "GobiTerra (UK) Ltd" компани 100 хувийн цэвэр өмчлөлд шилжүүлжээ. Одоогоор төслийн баг 20–35 сая ам.долларын стратеги хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа бөгөөд энэ нь ирэх 18 сарын дотор Эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэр гаргаж, ойрын 4–5 жилийн дотор анхны арилжааны хийг зах зээлд нийлүүлэх суурь тавцан болж байна. 

Байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх нь 

Говийн бүсэд өсөн нэмэгдэж буй уул уурхайн томоохон төслүүд болон боловсруулах үйлдвэрүүдийн цахилгаан эрчим хүчний дутагдал жил ирэх тусам хурцдаж байна. Ялангуяа Оюутолгой, Тавантолгой зэрэг стратегийн ач холбогдолтой томоохон ордууд өнөөг хүртэл цахилгаан эрчим хүчнийхээ багагүй хэсгийг импортоор авч буй энэ үед нүүрсний давхаргын метан хийг (CBM) түшиглэн орон нутагт нь хийн цахилгаан станц ("Gas-to-Power") байгуулах нь эрчим хүчний хараат байдлыг бууруулах хамгийн бодитой бөгөөд шуурхай шийдэл юм. Түүнчлэн Улаанбаатар болон төвийн бүсийн эрчим хүчний сүлжээ, гэр хорооллын агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд шахсан болон шингэрүүлсэн байгалийн хийг нэвтрүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг орлох бүрэн боломжтой. 

Геополитикийн өнцгөөс харвал Монголын CBM төслүүдийн дийлэнх нь БНХАУ-ын хийн хоолойн сүлжээ болон хилээс ердөө 20–50 километрийн зайд оршиж байгаа нь эхэн үедээ эдийн засгийн асар том давуу тал мэт харагддаг ч практикт геополитикийн болон техникийн өндөр эрсдэлийг дагуулдаг. Хийг хил давуулан борлуулахын тулд хил дамнасан хийн хоолой эсвэл шингэрүүлэх үйлдвэр барихад хэдэн зуун сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатай болдог бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид борлуулалтын урт хугацааны худалдааны гэрээ болон үнийн хатуу баталгаагүйгээр энэ эрсдэлийг дангаар үүрэхэд бэлэн бус байна. 

БНХАУ дотооддоо метан хий болон занарын хийн олборлолтоо эрчимтэй нэмэгдүүлж, Төв Ази төдийгүй ОХУ-аас "Сибирийн хүч-2" зэрэг мега төслүүдээр дамжуулан асар хямд хийн тогтмол нийлүүлэлтийг татаж байна. Ийм өндөр өрсөлдөөнтэй бүсэд Монголын хувийн хэвшлийн харьцангуй жижиг CBM төслүүд экспорт руу дангаараа зүтгэж, үнийн өрсөлдөөнд шууд ороход техникийн болон санхүүгийн чамгүй хүндрэлүүд үүсэх нь гарцаагүй юм. Гэвч төр засгаас экспортын үзүүлэлтэд авталгүй, зөв бөгөөд оновчтой бодлогоор дэмжиж өгвөл манай улс асар баялаг нөөцдөө тулгуурлан дотоодынхоо эрчим хүчний чамлахааргүй хувийг метан хийнээс бүрдүүлж, тогтвортой тог цахилгаанаар хангагдах дүр зураг тодорч байна.