Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Степ Голд” ХХК-ийн гуравдугаар улирлын цэвэр ашиг 37.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс тав дахин өслөө

Алтны зах зээлийн үнэ өсөж, борлуулалтын хэмжээ 2.5 дахин нэмэгдсэнээр “Степ Голд” ХХК-ийн гуравдугаар улирлын цэвэр ашиг 37.4 сая ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 7.1 сая ам.долларын ашгаас тав гаруй дахин өссөн үзүүлэлт болсныг тус компанийн 2026 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайланд дурджээ. 

О.Дөлгөөн


Тус компани 2026 оны гуравдугаар улиралд 17,543 унц алт олборлож, 19,984 унц алт борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеийн 7,988 унц борлуулалттай харьцуулахад 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт болов. Нэг унц алтыг дунджаар 4,319 ам.доллароор борлуулсны дүнд гуравдугаар улирлын нийт орлого 86.6 сая ам.долларт хүрч, хувьцаа эзэмшигчдэд ногдох цэвэр ашиг 37.4 сая ам.доллар болжээ. Энэ нь 2025 оны гуравдугаар улирлын цэвэр ашиг (7.1 сая ам.доллар)-аас тав гаруй дахин өссөн дүн юм.

Харин оны эхний есөн сарын байдлаар компани нийт 51,726 унц алт олборлож, 201.6 сая ам.долларын орлого олсон бөгөөд цэвэр ашиг нь 56.3 сая ам.долларт хүрсэн байна. Мөн улирлын эцсийн байдлаар компани 7,508 унц бэлэн алтны нөөцтэй байна.

“Степ Голд” эхний есөн сард 14.3 сая ам.долларын BORO бонд болон Худалдаа хөгжлийн банкны “Алт-2” зээлийг бүрэн төлж барагдуулсан байна. Түүнчлэн Алтан Цагаан Овоо (АТО) төслийн 2-р шатны 49.6 сая ам.долларын зээлийн үндсэн төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж, 2028 оны 3-р сараас 8-р сарын хооронд тав хуваан төлөхөөр хойшлуулсан байна.

Үйл ажиллагааны тухайд, 8-р сард АТО уурхайн хөрс хуулалт, 9-р сард хүдэр олборлолтын ажлыг дахин эхлүүлж, тээрмийн металл авалтыг 55 хувиас 70 хувь хүртэл сайжруулсан байна. Одоогоор АТО төслийн 2-р шатны өргөтгөлийн хүрээнд дэд бүтэц, тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөрүүдийг хийж, шинэчилсэн ТЭЗҮ-ийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байна.

Компани 2026 оны эцэс гэхэд нийт 68,000 унц алт олборлох төлөвлөгөөгөө хэвээр хадгалж байгаа бөгөөд цаашид өргөтгөлийн санхүүжилтийг татах, бүс нутгийн шатахууны хангамжийн эрсдэлийг удирдахад онцгой анхаарч ажиллахаа мэдэгдлээ.