
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой XXXIII талбайн Улааннуурын хэсэгт нүүрсний давхаргын метан хий олборлож, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх “Ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г албан ёсоор хүлээн авахаар шийдвэрлэлээ. Энэ тухай Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тосны асуудал хэлэлцэх салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
“Метан газ ресурс” ХХК нь 2027–2029 оны хооронд олборлолтын нийт 40 цооногийг өрөмдөж, бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна.
Олборлосон метан хийг орчин үеийн технологийн горимын дагуу бүрэн шингэрүүлж, эцсийн бүтээгдэхүүн буюу шингэрүүлсэн байгалийн хий (LNG) болгон зах зээлд нийлүүлэх аж.
Орд ашиглалтын үйл ажиллагаатай зэрэгцүүлэн нүүрсний бусад давхарга дахь хийн нөөцийг тогтоох, нэмэгдүүлэх үнэлгээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Энэхүү ажлын үр дүнд тус талбайн метан хийн нөөцийн зэрэглэл ахиж, цаашид олборлох боломжит хийн хэмжээ эрс өсөх чухал ач холбогдолтой юм хэмээн АМГТГ-аас мэдээллээ.