Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо Усны тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах санал дэвшүүлэв

 

Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж буй Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооноос геологи, эрдэс баялгийн салбарын эрх ашиг, хайгуулын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс дараах саналыг уламжилж байгаа тухайгаа мэдээлсэн (2026.11.13) байна. 

Тодруулбал тус хуулийн төслийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь хэсэгт "ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаанд газар доорх цэнгэг ус ашиглахыг хориглох" тухай зохицуулалт тусгагдсан нь геологи, хайгуулын салбарт ноцтой хүндрэл учруулахаар байна. Иймийн тул энэ хэсгийг хасах эсвэл мэргэжлийн экспертүүдийн багийг оролцуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал, дүгнэлт боловсруулахыг уриалж хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлжээ.

Хуулийн энэхүү заалт нь геологи, хайгуулын салбарт ноцтой хүндрэл учруулах бөгөөд цаашлаад Монгол Улсын эдийн засаг, хөгжилд сөрөг нөлөө үзүүлэхээр байгааг тус холбооноос анхааруулжээ. Тухайлбал:

1. Хээрийн судалгаа, өрөмдлөг зогсох эрсдэл: Ашигт малтмалын эрэл, хайгуулын өрөмдлөгийн технологид ус зайлшгүй шаардлагатай бөгөөд газар доорх цэнгэг усыг шууд хориглох нь хээрийн судалгааны ажлыг бүрэн гацаахад хүргэнэ.

2. Орлуулах эх үүсвэрийн хомсдол: Гадаргын усны сүлжээ сийрэг, хуурай уур амьсгалтай говь, хээрийн бүс нутагт газар доорх уснаас өөр орлуулах эх үүсвэр байхгүй тул бүс нутгийн онцлогийг харгалзах шаардлагатай.

3. Эрх зүйн тодорхойгүй байдал: Хайгуулын үйл ажиллагаа болон хайгуулын багийн ахуйн хэрэгцээ, өрөмдлөгийн технологийн ус ашиглалтын зааг ялгааг тодорхойлоогүй нь хууль хэрэгжих шатанд зөрчил, маргаан үүсгэх үндэслэл болно.

4. Хөрөнгө оруулалт ба эрдэс баялгийн нөөц: Хайгуулын ажил саатсанаар шинэ орд илрүүлэх, эрдэс баялгийн нөөцийг өсгөх боломж хумигдаж, салбарын хөрөнгө оруулалтын орчин доройтох сөрөг нөлөөтэй зэрэг болно гэжээ.

 Эх сурвалж: Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо