
УИХ-ын чуулганаар огцом тэлэлттэй төлөвлөгдсөн 2027 оны төсвийг эцэслэн (2026.11.13) баталлаа.
2027 оны төсөв батлагдсантай холбогдуулан Сангийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ. Ирэх оны төсвийн нэгэн гол онцлог нь иргэдийн орлогыг хамгаалахад чиглэж буйг тэрбээр онцоллоо.
Иргэдийн бодит орлогыг хамгаалах ажил ахмадын суурь тэтгэвэр олгох болсноор энэ оны 11 дүгээр сараас аль хэдийнэ хэрэгжиж эхэлсэн бөгөөд он гарсаар дахин 10%-иар нэмэгдэж, ахмадын дундаж тэтгэвэр 1.3 сая төгрөгт хүрнэ гэдгийг Сангийн сайд дуулгалаа.
Мөн төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ажил ирэх онд үргэлжилнэ. Төрийн нийт албан хаагчдын цалинг ирэх оны 4 дүгээр сараас 10%-иар, төрийн тусгай болон захиргааны албан хаагчдын цалинг 20%-иар нэмэгдүүлэх ажээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг 122 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянга төгрөгт хүргэж буй юм. Ахмадын халамжийн тэтгэврийг 168 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 600 мянган төгрөгт хүргэж буй юм. Түүнчлэн асаргааны тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 370 мянган төгрөгт хүргэнэ. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг 40 мянган төгрөгөөр нэмэгдүүлж 524 мянган төгрөг болголоо. Чухамдаа халамж авдаг иргэд рүүгээ чиглэсэн төсвийн бодлогыг баталсныг сайд тодотгов.
Иргэдийнхээ орлогыг зөвхөн цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх байдлаар бус татварын дарамтыг бууруулах замаар хамгаалах тухай тэрбээр тайлбарлалаа. Тухайлбал, 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн татварын багц хууль хэрэгжиж ХХОАТ-ын хөнгөлөлт үйлчилж эхэлнэ. Монгол улсад нийтдээ нэг сая орчим иргэн хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байна. Эдгээр иргэдийн цалингийн 792 мянган төгрөг хүртэлх орлогоос авах татварыг тэглэнэ. Энэ нь жилдээ 950 мянган төгрөгтэй тэнцэнэ.
Цаашлаад хүүхдийн боловсрол, иргэдийн эрүүл мэндийн холбогдолтой төсөл, арга хэмжээнд багагүй төсөв зарцуулна. Энэ дотроо 928 тэрбум төгрөгийг боловсролын салбарт зарцуулна. Үүнд 142 сургууль, 72 цэцэрлэг, 39 дотуур байрны төсөл хэрэгжүүлнэ. Үүнээс 56 сургууль, 28 цэцэрлэг, 10 дотуур байрыг шинээр барьж байгуулахаар улсын төсөвт тусгалаа. Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 194 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Урьд нь сургуулиудад зөвхөн 1-5 дугаар ангийн хүүхдүүд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагддаг байсан бол одоо 6, 7 дугаар ангийг нэмж оруулж өгсөн нь онцлог болж байна.
Харин эрүүл мэндийн салбарт нийт 69 төсөлд 264 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ дунд 44 эмнэлгийн төсөлт багтсан байна. Мөн ахмад болон зорилтот бүлгийн иргэдийн хэрэглэдэг зарим эмийн зардлыг бүрэн хөнгөлөхөөр төсөвт суулгажээ. Үүнд даралт, зүрх судас, чихрийн шижингийн эм багтана.
Бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжих зохицуулалт 2027 оны төсвийн жилд хэрэгжинэ. Тухайлбал 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 90%-иар хөнгөлөх бол 6-10 тэрбум төгрөгийн орлоготой компанийн ААНОАТ-ын шатлалыг 25-15% болгон бууруулах хууль үйлчилж эхэлнэ. Түүнчлэн НӨАТ-ын босгыг 50 сая төгрөг байсныг 400 сая төгрөг болгон нэмэгдүүлнэ. Мөн гарааны бизнесүүдэд эхний гурван жилд ажил олгогчийн зүгээс төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлнө. Татварын хөнгөлөлтөөс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдэд (иргэнд 100 сая, байгууллагад 300 хүртэлх сая төг) зориулж хөнгөлөлттэй зээл олгоход 1.1 их наяд төгрөгийг Төрийн банкаар дамжуулан олгох юм байна.
Манай улсын гол орлого бүрдүүлэгч уул уурхайн салбарт тулгамдаж буй хамгийн том асуудал нь дизель түлшний үнийн өсөлт юм. Иймд “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 2027 оноос гурван жилийн хугацаатайгаар цахилгаан машин, нарны панел, сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн онцгой болон гаалийн татварыг чөлөөлж байгааг сайд онцоллоо.
Дэд бүтэц, үйлдвэр бүтээн байгуулалтад улсын болон бусад хөрөнгө оруулалтаар нийт 11 их наяд төгрөгийг холбогдох төслүүдэд зарцуулна. Зөвхөн улсын төсвөөс 943 төсөлд 4 орчим их наяд төгрөг зарцуулагдахаас, 435 төсөл нь шинээр эхлэх төслүүд болно.
Автозамын сүлжээг 375 км-ээр нэмэгдүүлэхээр шинэ дэд бүтцийн төслүүдийг ирэх оны төсөвт төсөвлөлөө. Үүнд Увс-Ховд, Говь-Алтай-Завхан чиглэлийн гол гол автозамын төсөл үргэлжлэн хэрэгжинэ. Үүний зэрэгцээ Хөвсгөлийн аялал жуулчлалыг дэмжихээр Завханыг тус аймагтай холбосон замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болж байна.
Эрчим хүчний салбарт мөн 39 том төсөл хэрэгжүүлнэ. Үүнд ТЭЦ V болон ТЭЦ VI орно.
Боомтын шинэчлэлийн хүрээнд Цагаандэл-Уул, Бичигт, Хавирга, Булган, Цагааннуур боомтын ажлуудыг ирэх онд хэрэгжүүлэх юм байна.
Мөн Ховд аймагт үйлдвэр, технологийн парк дээр суурилж, Евразийн бүс нутгийн таван улс руу экспорт хийх зорилгоор арьс шир боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр мөн тусгажээ.
Ирэх онд 1.8 их наяд төгрөгийг 16 мянган айлын ипотекийн зээлд олгохоор төсөвт тусгажээ. Ингэхдээ эхний 3 жилд 6%-ийн хүүтэй, түүнээс хойш 12%-ийн хүүтэй байхаар зохицуулжээ.
Цаашлаад орон нутагт илүү эрх мэдэл, төсвийн боломж олгох зэргээр ихээхэн онцлогтой төсөв болсныг сайд тэмдэглэлээ.