Т.Бямбанаран
“Чухал ашигт малтмал: Боломж ба Сорилт” олон улсын дугуй ширээний бага хурал, хамтын ажиллагааны семинар 2026 оны 10 дугаар сарын 14-15-нд боллоо. Уг хурал, семинарыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Монголын Чухал ашигт малтмалын ассоциаци, Монгол Улсын Их сургуулийн хууль зүйн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуультай хамтран зохион байгууллаа. Дугуй ширээний бага хурлын эхний өдөр Монгол Улсын чухал ашигт малтмалын гадаад бодлого, стратегийн нөөцийн удирдлага, Европын хэтийн төлөв, Герман руу чиглэсэн газрын ховор элементийн нийлүүлэлтийн боломж, олон улсын сайн туршлага, салбарын оношилгооны арга хэрэгсэл зэрэг сэдвийг хөндөж, чухал ашигт малтмалын нөөцөөс стратегийн өртгийн сүлжээ бий болгох асуудлаар панел хэлэлцүүлэг өрнөсөн юм.
Арга хэмжээний хоёр дахь өдрийн семинар нь Монголын Чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төв (Research and Innovation Hub, R&I Hub)-ийн үзэл баримтлалыг хамтран боловсруулахад чиглэлээ. Оролцогчид Монгол, ХБНГУ болон бусад орны их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны туршлагад тулгуурлан судалгаа, инновацын түншлэл, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцсэн байна.
Хоёр өдрийн энэхүү арга хэмжээнд төрийн байгууллагууд, элчин сайдын яамд, аж ахуйн нэгжүүд, иргэний нийгмийн байгууллага, их сургууль, эрдэм шинжилгээний болон олон улсын байгууллага түншүүдийн төлөөлөл оролцож, Монгол Улсын чухал ашигт малтмалын салбарын бодлого, стратеги, олон улсын зах зээлд холбогдох боломж, судалгаа хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны талаар санал солилцов. Хурлын үеэр МГТИС-ийн Ректор, профессор Б.Батцэнгэлтэй ярилцлаа.
- Критикал минералын дугуй ширээний бага хурлын ач холбогдол нь юу вэ?
Чухал ашигт малтмал нь геополитик болон стратегийн өндөр ач холбогдолтой түүхий эд учраас сүүлийн үед дэлхий дахины анхаарлын төвд ороод байна. Иймдээ ч улс орнууд өөрсдийн чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргаж байна. Ногоон эрчим хүчний шилжилттэй холбогдуулан чухал ашигт малтмалын хэрэгцээ, шаардлага улам өсөж байна. Эдгээр түүхий эд нь ганцхан улс буюу БНХАУ-аас нэн хамааралтай байгаа тул улс орнууд өөр түншүүдийг эрэлхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ стратегийг гаргаж байна. Манай улс ч мөн адил нэлээд хэдэн жилийн өмнөөс энэ асуудлыг хөндөх болсон. Энэ хүрээнд Чухал ашигт малтмалын ассоциаци, МГТИС, МУИС, ШУТИС зэрэг холбогдох талууд хамтран семинар хийж ирсэн. Дөрвөн жилийн турш 5 дугаар сард уламжлал болгон семинар зохион байгуулж байна. Харин энэ удаад бодлого, стратегийн түвшинг илүү практикт суурилсан байдлаар зохион байгуулахыг зорьсон. Олон улсын сайн туршлага, тэр дундаа Европын холбоо, ХБНГУ-ын туршлага, өнөөгийн нөхцөл байдал, НҮБ-ын үзэл санаа зэргийг хэлэлцлээ. Чухал ашигт малтмалыг хайж, судлахаас авахуулаад олборлох боловсруулах, зах зээлд худалдах үйл явцыг агуулсан нэмүү өртгийн сүлжээнд юуг бид анхаарах ёстой вэ гэдэг дээр олон талын байр суурийг сонсох боломж бүрдэж байна. Үүнд дан ганц техник технологийн асуудал биш, нутгийн иргэд, орон нутаг, байгаль орчны асуудал давхар хөндөгдөнө.
- Монгол-Германы уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд боловсролын салбар, тэр дундаа МГТИС ямар үүрэг, оролцоотой ажиллаж байна вэ?
МГТИС анх байгуулагдахдаа ашигт малтмалын салбарыг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлдэх зорилготой байсан. Герман улсыг ашигт малтмалын салбарын стратегийн түнш гэж үздэг. Энэ салбарт үйлдвэрлэлийг хөгжүүлж, түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүнийг Герман улс руу экспортлох зорилго анхнаасаа байсан. Гэвч бодлогын саатлаас үүдэн хараахан хэрэгжилгүй өдийг хүрч байна. Харин бодитоор хэрэгжсэн төслийн нэг том жишээ нь уул уурхайн салбарын нарийн мэргэжлийн инженер, боловсон хүчинг бэлддэг МГТИС байгуулагдсан явдал. Эцсийн дүндээ аль ч салбарын хөгжил хүний нөөцөөс хамаарна. Тиймээс боловсрол болон шинжлэх ухааны салбарт хөрөнгө оруулалтыг сайн хийх нь чухал.
- Дугуй ширээний бага хурлын гол төвлөрсөн асуудал нь Чухал ашигт малтмалын судалгаа, инновацын төвийн үзэл баримтлалыг хамтран боловсруулахад оршиж байна. Энэ талаар тодруулна уу.
Энэхүү судалгаа, инновацын төв нь дөнгөж эхэлж буй санаачилга бөгөөд бүрэн боловсруулж дуусаагүй байгаа. Томоохон төслүүд заавал судалгаа болон инновацид суурилан явагдах ёстой. Тиймээс бид судалгаа, инновацын төв байгуулах санаачилгад төр, хувийн хэвшил, сургалт, судалгааны байгууллагууд, ИНБ зэрэг олон талт оролцоог хангаж, тэдгээрийн дуу хоолойг сонсохыг зорьж байна. Энэхүү төвийн бүтэц, агуулгыг боловсруулах ажил биднийг хүлээж байна. Дэлхийн бусад орон урт хугацааны стратеги төлөвлөгөөг боловсруулахдаа судлаачдынхаа санал, зөвлөмж, туршлагад үндэслэн шийдвэр гаргадаг.
- Энэхүү судалгаа, инновацын төв ямар шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй гэж үзэж байна вэ?
Эхний ээлжинд талуудын оролцоог хангасан байх ёстой. Мөн төвийн үйл ажиллагаанд судлаачид манлайлах үүрэгтэй оролцоно. Судлаачдын дуу хоолой шийдвэр гаргалтад төдийлөн оролцдоггүй. Энэ байдлыг бууруулахын тулд судлаачид тэргүүн эгнээнд оролцож ажиллана. Үүнд дан ганц уул уурхайн техник, арга зүй биш хүний эрх, байгаль орчин, орон нутгийн харилцаа зэрэг асуудлаар мэргэшсэн судлаачдыг бүрдүүлнэ. Үүнээс гадна, төслийн хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшлээс босгоно. Үүнийгээ дагаад технологи, инноваци орж ирнэ. Эцсийн дүндээ “R&I Hub” байгуулна гэдэг нь нарийн төвөгтэй ажил тул ихээхэн судалгаа, шинжилгээнд суурилах ёстой. Бидний энэхүү санаачилга дөнгөж эхлээд ярилцах шатандаа явж байна.
Т.ПҮРЭВ-ОЧИР: ТҮҮХИЙ ЭДИЙН БОЛОВСРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛД ХҮНИЙ НӨӨЦ ДУТМАГ БАЙНА
МГТИС-ийн Эрдэс баялаг, боловсруулалтын инженерийн дэд профессор Т.Пүрэв-Очир,
“Монгол улсын хэмжээнд баяжуулалтын түвшинд хэд хэдэн их сургууль үйл ажиллагаа явуулж, инженер, боловсон хүчнийг бэлдэж байна. Харин боловсруулалт болон гүн боловсруулалтын чиглэлд боловсон хүчин хязгаарлагдмал байгаа. Энэ салбарт хүний нөөцийн асуудал аль хэдийн үүсчихсэн гэхэд болно. Тиймээс манай улс олон улсын хамтын ажиллагаагаар дамжуулан дэлхийн өндөр хөгжилтэй бүс нутаг, орнууд, тухайлбал Европын мэдлэг, туршлагыг эх орныхоо хөрсөнд нутагшуулж, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашид дэлхийн зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Монгол Улс одоогийн байдлаар түүхий эдийг боловсруулахаас илүүтэй баяжуулаад экспортолж байна. Тэгтэл бүтээгдэхүүн боловсруулснаар дэлхий дахины өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэх боломж нээгдэнэ” гэлээ.
СИБАСТИАН БУРГОФ: ГЕРМАН УЛСЫН ГХЭ БОЛОВСРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ ХАРЬЦАНГУЙ ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙНА
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “GIZ-GMIT” төслийн удирдагч Сибастиан Бургоф,
“Миний бодлоор Монгол Улс Германы зах зээлд ГХЭ нийлүүлэх боломжтой. Гэхдээ өнөөгийн байдлаар Монгол Улсын боловсруулах хүчин чадал нэлээд хязгаарлагдмал байна. Иймээс хүдрийг баяжуулах, цэвэршүүлэх замаар ГХЭ-ийг тодорхой түвшний цэвэршилттэйгээр гарган авах боловсруулах хүчин чадлыг хөгжүүлэх нь нэн чухал юм. Хэрэв Монгол Улс энэ зорилтыг хэрэгжүүлж чадвал Германы зах зээлд ихээхэн боломж нээгдэнэ гэж бодож байна. Монгол Улс “value chain” буюу өртгийн сүлжээнд шат ахиж, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн хэрээр хөрөнгө оруулалтын хэрэгцээ шаардлага дагаад өснө. Энэ нь зөвхөн үйлдвэрлэлийн дэд бүтэц, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах тухай асуудал биш. Мэргэшсэн боловсон хүчин, техникийн экспертүүд зэрэг хүний нөөцийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулах шаардлагатай. Уул уурхайн салбарт боловсруулах хүчин чадлыг бий болгоход багагүй хугацаа шаардагддаг. Гэхдээ Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын салбараа хөгжүүлэхэд тууштай зүтгэвэл энэ үйл явцыг урагшлуулах боломжтой. Одоогийн байдлаар Герман улсын ГХЭ боловсруулах хүчин чадал харьцангуй хязгаарлагдмал байна. Норвеги, Эстони, Франц зэрэг Европын бусад улс ч энэ чиглэлд ажилласаар л байна. Гэвч Герман улс түүхий эд боловсруулах чиглэлээр арвин мэдлэг, туршлага, мэргэшсэн чадавхтай. Тиймээс инженерчлэл болон түүхий эд боловсруулах чиглэлийн хүний нөөцийг хөгжүүлэхэд хамтран ажиллах нь онцгой ач холбогдолтой” хэмээн ярилаа.