
О.Дөлгөөн
-Экспорт тогтмол өсөлттэй байгаа хэдий ч импортын хэмжээ 42.4 хувиар огцом өссөн нь энэ оны 10 дугаар сард худалдааны нийт ашиг хумигдахад голлон нөлөөлжээ.
Энэ оны 10 дугаар сард манай улсын гадаад худалдааны ашиг 407.0 сая ам.доллар болж хумигдсан нь 2025 оны долдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт болов. Өмнөх оны мөн үед тус үзүүлэлт 689.4 сая ам.доллар байжээ.
Тайлант сард экспорт 5.9 хувиар өсөж 1.66 тэрбум ам.долларт (1,666.6 сая ам.доллар) хүрсэн бол импорт 42.4 хувиар огцом өсөж, 1.26 тэрбум ам.долларт (1,259.6 сая ам.доллар) хүрсэн нь худалдааны ашиг буурахад голлон нөлөөлсөн байна.
Харин 2026 оны эхний арван сарын байдлаар гадаад худалдааны нийт ашиг өмнөх оны мөн үеийн 2,854.9 сая ам.доллароос хоёр дахин нэмэгдэж, 6,886.8 сая ам.долларт хүрээд байна. Энэ хугацаанд экспорт 45.3 хувиар өсөж 17.8 тэрбум ам.доллар болсонд эрдэс бүтээгдэхүүний экспорт 52.9 хувиар өссөн нь гол түлхэц болжээ. Тодруулбал, зэсийн хүдэр, баяжмалын экспорт 67.5 хувь, чулуун нүүрсний экспорт 52.2 хувиар тус тус өссөн байна. Мөн нэхмэл бүтээгдэхүүний экспорт 44.9 хувиар өссөний дотор самнасан ноолуурын экспортын өсөлт 50.4 хувьд хүрчээ.
Түүнчлэн эхний арван сард импорт 16.3 хувиар өсөж 10.9 тэрбум ам.доллар болжээ. Үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 53.9 хувь суурь металлын импорт 13.6 хувиар тус тус өссөн бол тээврийн хэрэгсэл, сэлбэг хэрэгслийн импорт 6.5 хувиар буурсан байна.
Энэ хугацаанд Хятад улс нийт импортын 41.1 хувийг, ОХУ 29.0 хувийг тус тус эзэлжээ.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо, Trading Economics