Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Бразил улс стратегийн ач холбогдолтой 27 төрлийн ашигт малтмалыг тодорхойллоо

Ч.Сансар


Бразил улс уул уурхайн төслүүдээ эрчимжүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлэх, түүхий эдийн экспортоос хамаарах байдлаа бууруулах зорилгоор стратегийн ач холбогдол бүхий 27 төрлийн ашигт малтмалыг тодорхойлжээ.

Бразилийн Стратегийн ач холбогдолтой болон чухал ашигт малтмалын үндэсний зөвлөл (CIMCE) арваннэгдүгээр сарын 5-нд уг жагсаалтыг баталж, тэдгээрийг үндэсний аюулгүй байдал, аж үйлдвэрийн салбар, нийлүүлэлтийн сүлжээнд үзүүлэх нөлөөгөөр нь гурван бүлэгт ангилсан байна. Энэхүү ангилал нь төрөөс дэмжлэг авах боломжтой уул уурхайн төслүүдийг тодорхойлоход үндэслэл болох юм.

“Бид олон жилийн турш ашигт малтмалаа түүхий эд хэлбэрээр экспортолж, боловсруулсан бүтээгдэхүүн болгон буцаан импортолж ирсэн. Ингэснээр ажлын байр, нэмүү өртөг нь бусад оронд бий болж байна. Бид энэ байдлыг өөрчилж, үйлдвэрлэл, боловсруулалтыг эх орондоо хөгжүүлэхийг зорьж байна” гэж Хөгжил, аж үйлдвэр, худалдаа, үйлчилгээний сайд Марсио Элиас Роза мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь улс орнууд цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах болон дэвшилтэт технологид ашигладаг ашигт малтмалын найдвартай нийлүүлэлтийг бүрдүүлэхийг зорьж буй цаг үед гарч байна.

Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва уул уурхайн салбарт төрөөс бүрэн хяналт тогтоох бус, олон улсын түншүүдтэй хамтран ажиллах бодлого баримтална гэж мэдэгджээ. Жагсаалтад орсон 27 төрлийн ашигт малтмалтай холбоотой, Бразилд бүртгэлтэй төслүүд л төрийн дэмжлэг авах боломжтой юм.

Зөвлөл есөн төрлийн ашигт малтмалыг хамгийн өндөр ач холбогдолтой ангилалд оруулжээ. Үүнд газрын ховор элемент, бал чулуу, лити, никель, кобальт, зэс, манган, цахиур, уран багтсан. Эдгээр нь геополитикийн өндөр эрсдэлтэй тулгарч, дэлхийн зах зээлийн эрэлт ихтэй бөгөөд орлуулах боломж хязгаарлагдмал ашигт малтмал юм.

Дунд зэргийн ач холбогдолтой ангилалд гянтболд, хром, ванади, тантал, титан, фосфат, калийн давс, хүхэр гэсэн найман төрлийн ашигт малтмал орсон.

Үлдсэн 10 төрлийг харьцангуй бага ач холбогдолтой ангилалд оруулжээ. Үүнд ниоби, цагаан тугалга, төмөр, цайр, алт, магни, молибден, тори, хөнгөн цагаан болон платин бүлгийн металлууд багтсан.

Энэхүү жагсаалт нь уул уурхайн салбарт тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой орчин бүрдүүлж, ашигт малтмалын салбарын бодлогыг тодорхойлоход дэмжлэг үзүүлнэ гэж Засгийн газар үзэж байна. Жагсаалтыг эдийн засаг, технологи, геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан дөрвөн жил тутам шинэчилж байхаар болжээ.

Засгийн газар ашигт малтмалын олборлолт, боловсруулалтыг дотооддоо хөгжүүлэх төслүүдэд санхүүжилт өгөхөөр төлөвлөж байна. Гэхдээ төсөл сонгон шалгаруулах, дэмжлэг үзүүлэх эсэхийг шийдэх шалгуурыг хараахан батлаагүй байна.

Мөн зөвлөл хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулж, салбарыг дэмжих зорилгоор Ашигт малтмалын үйл ажиллагааг батлан даах сан (FGAM) байгуулжээ. Тус санд Засгийн газраас 2 тэрбум реал (ойролцоогоор 364 сая ам.доллар) хүртэлх санхүүжилт олгох боломжтой бөгөөд орон нутгийн засаг захиргаа болон хувийн хөрөнгө оруулагчид ч хөрөнгө оруулж болох юм.

Үүнээс гадна Чухал болон стратегийн ашигт малтмалын холбооны хөтөлбөр (PFMCE)-ийн хүрээнд 2030-2034 онд жил бүр 1 тэрбум реал (180 сая ам.доллар) хүртэлх санхүүжилт олгож, ашигт малтмал олборлох болон боловсруулах төслүүдийг дэмжихээр төлөвлөжээ.

Эдгээр арга хэмжээ нь Бразилийн уул уурхайн салбарыг хөгжүүлэх өргөн хүрээний бодлогын нэг хэсэг юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч Лула есдүгээр сард газрын ховор элементийн хайгуулд зориулан 5 тэрбум реалын (909 сая ам.доллар) санхүүжилт олгохыг зөвшөөрсөн байна.

Уг Зөвлөл Засгийн газартай оны эцэст дахин уулзаж, ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ, хөрөнгө оруулалттай холбоотой бодлогуудаа тодорхойлно.

Эх сурвалж: Mining.com