
Б.Төгс
Өмнийн говийн зэсийн үлэмж уурхайд олборлолт эрхэлж буй Оюу толгой компани энэ оны гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Тус компани тайлант хугацаанд баяжмал дахь цэвэр металын агуулгаар 113.5 мянган тонн зэс, 123.6 мянган унц алт (3.8 тн), 705.7 мянган унц (21.9 тн) мөнгө тус тус үйлдвэрлэв. Ингэснээр Оюу толгойн зэс болон мөнгөний үйлдвэрлэл энэ оны гуравдугаар улиралд өнгөрсөн оны мөн үеийнхээс 26-27%-иар өссөн бол алтны үйлдвэрлэл даруй 10.6%-иар буурчээ.
Харин он гарснаас хойш буюу эхний гурван улирлын дүнгээр авч үзвэл зэсийн үйлдвэрлэл 311.97 мянган тонн, алтных 373.97 мянган унц (~11.6 тн), мөнгөнийх 1915.4 мянган унц (~60 тн) мөнгөөр хэмжигджээ. Энэ нь зэс, алт, мөнгөний үйлдвэрлэлийн дүнгээр өнгөрсөн оны мөн үеийнхээс 26-29%-ийн өсөлттэй гарч байна. Ийнхүү улирлын дүнгээр авч үзвэл алтны үйлдвэрлэл бууралттай байгаа бол эхний гурван улирлын дүнгээр өсөлттэй гарлаа. Өөрөөр хэлбэл Оюу толгойн баяжмал дахь алтны хэмжээ 2025 оны эхний хоёр улиралд харьцангуй бага түвшинд, харин гуравдугаар улирлаас огцом өсөж эхэлсэн нь үүнд нөлөөлсөн. Компанийн зүгээс гүний уурхайн олборлолт эрчимжсэнээс гадна баяжуулах үйлдвэрийн метал авалт сайн байсныг онцолжээ. Тодруулбал энэ оны гуравдугаар улирлын байдлаар зэсийн үйлдвэрлэлийн хэмжээ төлөвлөгөөнөөс 10%-иар давж, жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхээр байна.
Гүний уурхайн Панель 0-ийн үйлдвэрлэл тогтвортой үргэлжилж байгаагийн зэрэгцээ Панель 2 Хойд (P2N)-ын олборлолтын бэлтгэл, бүтээн байгуулалтын ажлууд амжилттай урагшилж, олборлолтыг цаашид тогтвортой нэмэгдүүлэхээр байна.
Гүний уурхайн материал тээвэрлэлтийн системийн улирлын засвар үйлчилгээ, баяжуулах үйлдвэрийн 1 болон 2 дугаар шугамын зогсолтууд зэрэг гол тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээ, төлөвлөгөөт зогсолтын ажлуудыг аюул осолгүйгээр амжилттай гүйцэтгэснээр үйлдвэрлэлийг тогтвортой, найдвартай үргэлжлүүлэх бэлтгэлийг хангасан байна. Товчхондоо Оюу толгойн уурхайн цогцолборын үндсэн бүтээн байгуулалтууд дуусаж, гүний уурхайн олборлолт өсөн нэмэгдэж, зэсийн баяжмалын үйлдвэрлэл эрчимжсэнээр уурхайн үйл ажиллагаа шинэ шатанд шилжиж байгаа талаар компани тодотгожээ.
Түүнчлэн тус компанийн хувьд удтал маргааны сэдэв болоод байсан ус бохирдуулсны төлбөрт нийт 11.3 тэрбум төгрөгийн төлбөр төлснөө тайланд онцолсон байна. Энэ нь 2019-2026 оны гуравдугаар улирлыг хүртэлх үйл ажиллагаанд хамаарч байна. Улирлын дүнгээр авч үзвэл, энэ оны гуравдугаар улиралд ус бохирдуулсны төлбөрт Оюу толгой компани 131.7 сая төгрөг төлсөн байна. Харин ус ашигласны төлбөрт тус компани 2013 оноос хойш нийт 242 тэрбум төгрөг төлөөд буй ажээ. Ус бохирдуулсны төлбөрийн маргаан нь 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ буюу тогтворжуулалтын гэрээний заалт болон 2012 онд батлагдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль хоорондын зөрчлөөс үүдэлтэй юм.
Бас нэг чухал үйл явдал бол Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан явдал юм. Энэ оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрдэнэс Оюу Толгой ХХК болон Оюу толгой компанийн Гүйцэтгэх захирал нар 2011 оны Оюу толгойн Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг үзэглэсэн. Удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах талаар талууд тохиролцсон. Мөн зээлийн хүүг дахин хэлэлцэх эрх өмнө нь долоон жил тутамд нэг удаа байсан бол одоо гурван жил тутамд болсон. Хэлэлцээний эдгээр үр дүн нь хувь нийлүүлэгч талуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж буй чухал алхам юм. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто групп 2027 онд Оюу толгой компаниас ногдол ашиг хуваарилахаар тохиролцсон. Энэ хүрээнд хоёр талын ажлын хэсэг байгуулагдан ногдол ашиг хуваарилах нөхцөлийг тодорхойлох хэлэлцээг үргэлжлүүлж байгааг компани онцолжээ.
Үүнээс гадна 220 кВ-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламж тус компанийн санхүүжилтээр уурхайн цогцолборт ашиглалтад орсноор өвлийн оргил ачааллын үед нэмэлт цахилгаан импортлон төвийн эрчим хүчний системийн ачааллыг бууруулах боломж бүрдээд байна.
Оюу толгой компани энэ оны гуравдугаар улиралд 725 тэрбум төгрөгийн татвар, хураамж төлсөн бөгөөд нийт 2.3 их наяд төгрөгийг дотоодын эдийн засагт оруулсан байна.