Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Зэсийн баяжмалын экспорт он гарсаар 70% өсөж 7.62 тэрбум долларт хүрлээ


Б.Төгс

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 10 сарын байдлаар 28.8 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 33.5%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспорт 17.9 тэрбум ам.доллар, импорт 10.97 тэрбум ам.долларыг тус тус эзэллээ. Ингэснээр экспорт өмнөх оны мөн үеэс 46%-иар, импорт 17.1%-иар тус тус өсөж, гадаад худалдааны тэнцэл 6.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.

Улсын нийт экспортын 88.5%-ийг зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдрийн худалдаа бүрдүүлсэн байна.

Энэ дундаа зэсийн баяжмалын худалдаа эрдсийн түүхийн эдийн экспортыг борлуулалтын дүнгээр хошуучилж байна. Тодруулбал энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 2.13 сая тоннд хүрч, 7.62 тэрбум ам.долларын орлого оллоо. Энэ нь жингээр 15%, үнийн дүнгээр даруй 68.2%-иар тус тус өссөнийг илтгэнэ.

Нүүрсний экспортын тухайд он гарсаар эхний 10 сард 93.6 сая тоннд, 6.78 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс жингээр 34.2%, орлогоор 51.1%-иар дээшилсэн дүн боллоо. Хэдийгээр нүүрсний худалдааны үзүүлэлт ийнхүү өсөлттэй байгаа ч сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн 10 дугаар сард 7.4 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн 2 дугаар сараас хойших хамгийн доогуур дүн боллоо.

Алтны экспортын борлуулалтын тухайд энэ оны эхний 10 сарын байдлаар 890 сая ам.доллароор хэмжигдсэн нь өмнөх оны мөн үеэс ялимгүй буурсан дүн юм. Учир нь экспортын биет хэмжээ мөн хугацаанд 30%-иар буурч 5.95 тонноор илэрхийлэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Төмрийн хүдрийн экспорт энэ оны эхний 10 сарын байдлаар 7.45 сая тоннд хүрч 521.6 сая ам.долларын борлуулалтын үзүүлэлттэй гарлаа. Ингэснээр төмрийн хүдрийн экспорт жингээр 3.2%, орлогын дүнгээр 0.3%-иар тус тус нэмэгдсэн байна.

Жоншны экспорт оны эхний 10 сарын байдлаар 1.67 сая тонн буюу 336.4 сая ам.долларын орлогоор тэмдэглэгдлээ. Энэ нь жингээр 20.2%, үнийн дүнгийн тухайд 32.9%-иар тус тус өссөнийг харуулж байна.

Газрын тосны экспорт он гарсаар биет хэмжээний хувьд харьцангуй бууралттай байгаа бол орлогын үзүүлэлтээр бага зэргийн өсөлттэй гарлаа. Тодруулбал оны эхний 10 сарын байдлаар манай улсын газрын тосны экспорт 2.75 сая баррельд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 7.1%-иар буурсан бол орлогын дүн нь 3.2% дээшилж 225 орчим сая ам.доллартой тэнцлээ.

Цайрын баяжмалын экспорт мөн адил жингээр буурсан ч, орлогын дүнгээр өсөлттэй гарч байна. Тухайлбал оны эхний 10 сард манай улс 108.5 мянган тонн цайрын баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 13.9%-иар буурлаа. Харин цайрын баяжмалын экспортын борлуулалт мөн хугацаанд 220 сая ам.долларт хүрсэн өмнөх оны мөн үеэс 12.1%-иар нэмэгдсэн дүнтэй гарлаа.

Бусад эрдсийн тухайд хар тугалгын хүдэр/баяжмал, гянтболдын хүдэр/баяжмалын экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс огцом өссөн дүнтэй байгаа бол молибденийн баяжмал, цэвэр зэсийн экспорт мэдэгдэхүйц буурсан дүнтэй хэвээр байна.

Эх сурвалж: ГЕГ