
Рио Тинто компани АНУ-ын Аризона мужид хэрэгжиж буй Resolution Copper төслийг эрчимжүүлэхийн тулд 144 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж (2026.11.05) мэдэгдлээ. Уг төсөл нь дэлхийд ашиглаж эхлээгүй байгаа хамгийн том зэсийн ордуудын нэг юм.
Рио Тинто нийт хөрөнгө оруулалтын 79 сая ам.долларыг гаргах бол хамтрагч BHP компани үлдсэн хэсгийг санхүүжүүлнэ. Мөн хоёр компани ойрын хоёр жилд уг төсөлд 500 орчим сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ мөнгөөр ТЭЗҮ болон инженерийн зураг төслийн ажлыг санхүүжүүлнэ. Мөн уурхайн хоёр босоо аманд материал тээвэрлэх тоног төхөөрөмж суурилуулах, ус цэвэрлэх шинэ байгууламж барих, хайгуулын өрөмдлөгийг үргэлжлүүлэх, далд уурхайн тоног төхөөрөмж болон цахилгаан тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулагдах юм байна.
Рио Тинто-гийн Гүйцэтгэх захирал Кэти Жэксон хэлэхдээ, уг төсөл нь олон арван жилийн турш АНУ-ын зэсийн хэрэгцээний 25 хүртэлх хувийг хангах боломжтой. Мөн АНУ-ын зэсийн нийлүүлэлтийг сайжруулж, Аризона мужийн эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулна гэжээ.
Рио Тинто-гийн мэдээлснээр, Resolution Copper төсөл нь АНУ-ын хамгийн том зэсийн уурхай болох боломжтой. Түүнчлэн шууд болон шууд бус олон мянган ажлын байр бий болгож, Аризона мужийн эдийн засагт жил бүр нэг орчим тэрбум ам.долларын орлого оруулах боломжтой юм байна.