
О.Дөлгөөн
“Онтрэ Ресурс”: Засгийн газрын шинэ Ажлын хэсэгтэй яриа хэлэлцээгээ удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байна
“Entrée Resources” (Онтрэ Ресурс) компани (TSX:ETG; OTCQB:ERLFF) III улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнгээ (2026.11.05) тайлагналаа.
2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр тус компани нэг бүрийг нь 2.90 канад доллароор үнэлсэн 12.48 сая нэгж үнэт цаас гаргаж, брокерын бус арилжаагаар 36.2 сая канад доллар төвлөрүүлснээ мэдээлэв. Уг санхүүжилтэд "Tether" группийн хамаарал бүхий компани шинэ стратегийн хөрөнгө оруулагчаар оролцсон нь онцлох үйл явдал боллоо.
Шивээ Толгой болон Жавхлант ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд Төрийн оролцоог шийдвэрлэх Засгийн газрын Ажлын хэсгийг 2026 оны 10 сарын 2-ны өдрөөс эхлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд ахлахаар болсон бөгөөд "Онтрэ" компани шинэчлэгдсэн Ажлын хэсэгтэй яриа хэлэлцээг тун удахгүй эхлүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн Засгийн газраас 2026 оны 6 дугаар сард Panel 1 (1-р блок)-ийн тусгай зөвшөөрлийг "Оюу Толгой" ХХК-д шилжүүлэх ажлыг эхлүүлэхийг зөвшөөрсөн. Гэсэн хэдий ч Татварын албанаас тооцооллын баримт бичгийг дутуу гэж үзэн татвар төлөлтийн тодорхойлолт олгоогүй байгаа тул шаардлагатай материалыг гүйцээх шатанд явж байна.
Оюу Толгойн Lift 1-ийн далд уурхайн үйл ажиллагаа өргөжиж, хүдрийн агуулга болон металл авалт сайжирснаар зэсийн олборлолт он гарснаас хойш 29%-иар өсөж, улирлын дүнд жилийн 450 мянган тоннын түвшинд хүрээд байна.
Шивээ Толгой тусгай зөвшөөрлийн “Ulaan Khud South” болон Жавхлант тусгай зөвшөөрлийн “Southwest Heruga” байршилд алмазан өрөмдлөгийн ажил хийсэн бөгөөд одоогоор мэдэгдэхүйц эрдэсжилт илрээгүй байна. Гэсэн хэдий ч цооногуудын сорьцын шинжилгээний эцсийн хариу хүлээгдэж байгаа юм. "Оюу Толгой" ХХК нь 2026 оны II хагаст Lift 1-ийн далд уурхайн шинэчилсэн төлөвлөгөөг дуусгах бөгөөд "Онтрэ Ресурс" компани үүнд үндэслэн ордын эцсийн Техникийн тайланг 2027 оны I улиралд багтаан танилцуулахаар зорин ажиллаж байна.
Мөн тус улиралд Стивен Скотт тэтгэвэрт гарснаар Крис Адамс компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.