Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Онтре Ресурс Оюутолгойн орд дахь үйл ажиллагаагаа тэлэхээр 36.2 сая канад доллар төвлөрүүллээ

О.Дөлгөөн


“Entrée Resources” (Онтре Ресурс) компани 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарлаж байсан зуучлагчгүй хувийн арилжааны санхүүжилт босгох ажиллагаагаа хэтэрсэн захиалгатайгаар амжилттай хааснаа (2026.11.04) мэдэгдлээ. Хөрөнгө оруулагчдын эрэлт, сонирхол өндөр байсан тул санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлж, дахин 4.3 сая канад доллар нэмж төвлөрүүлсэн байна.

Компани нэг бүрийг нь 2.90 канад доллараар үнэлсэн нийт 12,485,300 ширхэг нэгж үнэт цаас гаргаж, нийтдээ 36.2 сая гаруй канад долларын (36,207,370 CAD) төвлөрүүлжээ. Нэгж бүр нь нэг энгийн хувьцаа болон 3 жилийн хугацаанд 3.95 канад доллараар нэмэлт хувьцаа худалдан авах 1 варрантаас бүрдэж байна. Энэхүү арилжаагаар гаргасан үнэт цаасанд 2027 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хүртэл арилжаалахыг хязгаарлах (hold period) журам үйлчлэх аж.

Татан төвлөрүүлсэн цэвэр орлогыг компанийн ерөнхий үйл ажиллагааг санхүүжүүлэхээс гадна Монгол дахь бизнес, стратегийн дараах үндсэн чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, “Entrée/Оюу Толгой” хамтарсан үйлдвэрийн талбайн Техникийн тайланг шинэчлэн бэлтгэх, Монгол дахь үйл ажиллагаа болон төслийн оролцоог нэмэгдүүлэхэд ашиглах аж. Мөн тус улсад үүсээд буй шийдвэрлэгдээгүй асуудлууд бүрэн эцэслэгдсэний дараа “International Royalty Corporation”-тай байгуулсан гэрээний дагуу металлын хөнгөлөлтийн хэмжээг бууруулж, барьцаа төлбөрийн тодорхой хэсгийг буцаан төлөхөөр тусгажээ. 

Энэхүү санхүүжилтэд Компанийн захирлууд болон удирдах албан тушаалтнууд бусад хөрөнгө оруулагчдын нэгэн адил нөхцөлөөр оролцож, нийт 425,800 нэгж үнэт цаас худалдан авсан байна. Энэ нь цөөнх хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах журмын (MI 61-101) дагуу тусгай зөвшөөрөл болон үнэлгээ шаардах хязгаарлалтаас чөлөөлөгдөх нөхцөлийг бүрэн хангасан гэж Компаниас мэдээллээ.