
“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, Салхитын зүүн алтны ордыг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна.
“Эрдэнэс алт ресурс” ХХК нь тус ордыг ашиглах хүрээнд батлагдсан Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон 2027 оны уулын ажлын төлөвлөгөөтэй уялдуулан төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
2027 оны 3-р сард: Хөрс хуулалтын ажлыг эхлүүлнэ.
2027 оны 4-р сард: Хүдэр олборлолтыг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Төслийг хугацаанд нь эхлүүлэхтэй холбогдуулан эдийн засгийн үр ашгийн тооцоонд үндэслэн шаардлагатай зээлийн санхүүжилтийг холбогдох хууль, журмын хүрээнд шийдвэрлэж өгөх хүсэлтийг “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн зүгээс гаргалаа.
Салхитын мөнгө, алтны үндсэн ордын ил уурхайн нөөцийг бүрэн олборлож, боловсруулж дууссан бөгөөд одоогоор үүсмэл ордын 386.2 мянган тонн хүдрийг боловсруулж байна. Тус үүсмэл ордод цаана нь 1.05 сая тонны үлдэгдэл нөөц байгаа хэмээн Эрдэнэс Монгол ХХК-аас мэдээллээ.