Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадын хоёр компани Кенийн чухал ашигт малтмалын орд ашиглах тендерээс гарлаа

Ч.Сансар


Кенийн "Mrima Hill" ордыг ашиглах тендерээс Хятадын хоёр компани гарснаар таван оролцогч үлдлээ. Тэдгээрийн гурав нь АНУ-тай холбоотой компаниуд юм. Кенийн Уул уурхайн сайд Хассан Али Жохо 2026 оны аравдугаар сарын 30-нд Хунань мужийн “Өнгөт металлын судалгааны хүрээлэн” болон “Jinan Yuxiao Group Co. Ltd” компани тендерээс гарсныг мэдэгдэв. Засгийн газар ойрын 2-3 долоо хоногт ордыг ашиглах компанийг сонгохоор төлөвлөж байна.

Үлдсэн таван оролцогчийн гурав нь АНУ-тай холбоотой компаниуд байна. Үүнд АНУ-ын “Fluor” инженеринг компанийн оролцоотой Meridian Mineral Holdings”, газрын ховор элементийн боловсруулалтын технологиор мэргэшсэн “ReElement Technologies”-ийг багтаасан “Frontier Minerals LLC”, мөн “Critical Metals Corp”-ын тэргүүлж буй Mrima Earth” багтжээ. Бусад хоёр оролцогч нь Австралийн “RareX” болон “Iluka Resources”-ийн түншлэл, мөн Кени-Британийн хамтарсан “Gem of Dreams” компани юм.

Момбаса хотоос 65 км зайд орших Kwale мужийн Mrima Hill орд газрын ховор элемент болон ниобийн ихээхэн нөөцтэй. Энэ нь хэдэн арван тэрбум ам.долларын үнэ цэнтэй орд юм. 

Энэхүү тендер нь цахилгаан автомашин, электрон төхөөрөмж болон дэвшилтэт технологид ашигладаг критикал минералын төлөөх АНУ, Хятадын өрсөлдөөн ширүүсэж буй үед болж байна. Хятад улс газрын ховор элементийн олборлолт, боловсруулалтаар дэлхийд тэргүүлдэг бол АНУ нийлүүлэлтийн эх үүсвэрээ төрөлжүүлж, Хятадаас хараат байдлаа бууруулахыг зорьж байна.

Уул уурхайн салбарт АНУ-ын хөрөнгө оруулалт татаж буй Африкийн орнуудын нэг нь Кени улс юм. 2026 оны зургадугаар сард Ерөнхийлөгч Уильям Руто АНУ-тай ашигт малтмалын салбарт хамтран ажиллах, дотоодын боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаагаа мэдэгдсэн.