Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Орос дизель түлшний экспортоо 4 дахин тэлнэ

Source: Reuters

О.Дөлгөөн


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын утсаар хэлэлцсэний дагуу талууд дизель түлш нийлүүлэх тохиролцоонд хүрсэн билээ. Уг хэлэлцээрийн хүрээнд 10 дугаар сарын 11-нд Орос, Украины хооронд "эрчим хүчний салбарт гал зогсоох" тохиролцоо үйлчилж эхэлснээр Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд рүү хийх дроны цохилт зогссон байна.

Боловсруулах үйлдвэрүүдийн гарц 25%-иар өсөв 

Халдлага зогссоноос хойш боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа хурдан сэргэж, 10 дугаар сарын хоёрдугаар хагас гэхэд түүхий тос боловсруулалт сарын эхэн үеийнхээс 25 хувиар өсөн хоногт 5 сая баррельд хүрчээ. Мөн дизель түлшний хоногийн үйлдвэрлэл доод тал нь 50 мянган тонноор нэмэгдэж, 225 мянган тонн буюу ойролцоогоор 1.7 сая баррель-д хүрээд байна. 

Шаардлагатай тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэдэг тул засварын ажил хурдан хийгдсэнийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдээлсэн бөгөөд экспортын эхний танкерууд хөдөлснийг онцолсон юм. 

Экспортын хоригийг сунгаж, 11 дүгээр сараас квотыг 2 сая тоннд хүргэнэ 

ОХУ-ын дизель түлшний үйлдвэрлэл дотоодын хэрэгцээнээс 40 гаруй хувиар илүү байдаг тул дотоод зах зээлд илүүдэл үүсэхээс сэргийлж экспортын сувгийг нээх шаардлага үүсэж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас дизель түлшний экспортын хоригийг оны эцэс хүртэл сунгахаар болсон ч АНУ-тай байгуулсан хэлэлцээрийн амлалтаа биелүүлэхийн тулд квотын системээр экспортыг хэсэгчлэн зөвшөөрөх шийдвэр гаргажээ.

Өмнө нь 10 дугаар сарын 31-нд дуусахаар байсан хоригийн хүрээнд хэд хэдэн үйлдвэрт 0.5 сая тонны квот олгоод байсан бол 11 дүгээр сарын эхээр гарах шинэ тогтоолуудаар чөлөөлөгдөх үйлдвэрүүдийн жагсаалтыг өргөжүүлж, экспортын квотыг дөрөв дахин нэмэгдүүлэн 2 сая метрик тонн-д хүргэхээр төлөвлөж байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ.