Олон улсын стандартад нийцсэн цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лаборатори байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 22-нд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд боллоо.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын А/200 дугаар тушаалаар байгуулагдсан уг ажлын хэсэг нь 21 гишүүнтэйгээр ажиллаж байна. Цөмийн болон цацрагийн хэмжилт, шинжилгээний лабораторийн үйл ажиллагааны чиглэл, байршил, техник, тоног төхөөрөмжийн шаардлага, санхүүжилт, эрх зүйн орчин болон олон улсын стандарт, итгэмжлэлийн шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэгтэй аж.
Тус лабораторийг байгуулснаар ураны хайгуул, олборлолтын бүсийн хөрс, ус, агаар дахь цацрагийн түвшнийг олон улсын стандартын дагуу хэмжиж, шинжлэх, болзошгүй эрсдэлийг эрт илрүүлэх, хүн, мал амьтан, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бодит мэдээлэлд тулгуурлан үнэлэх боломж бүрдэх ажээ.
Ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар энэхүү лабораторийг Дорноговь аймагт байгуулах боломжийг судлах талаар хэлэлцэж, хөрөнгө оруулалтад “Орано Майнинг”, “Бадрах Энержи” компаниуд оролцохоор яригдаж байгаа бөгөөд санхүүжилт, хэрэгжилтийн нөхцөлийг нарийвчлан судлах юм.
Хуралдааны үеэр Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв лаборатори байгуулахтай холбоотой судалгаа, төлөвлөлтийн ажлыг 2026 оны 11 дүгээр сард багтаан боловсруулж дуусгахыг үүрэг болгожээ.
Эх сурвалж: АҮЭБЯ