Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ЛИТИЙН ЭРЭЛТ 2050 ОН ГЭХЭД ГУРАВ ДАХИН ӨСНӨ

Т.Бямбанаран

“Benchmark Mineral Intelligence” судалгааны байгууллагын мэдээлснээр цахилгаан автомашины хэрэглээ эрчимжихийн хэрээр дэлхийн литийн эрэлт 2050 он гэхэд гурав дахин өсөх төлөвтэй байна. Энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд 134 уурхай шинээр байгуулах хэмжээний олборлолтын хүчин чадал бий болгож, 100 тэрбум ам.доллароос давсан хөрөнгө оруулалт шаардлагатай аж.

Лондонд төвтэй энэхүү байгууллагын таамаглалаар литийн хэрэглээ энэ онд 2.11 сая тонн байсан бол 2050 он гэхэд литийн карбонатын эквивалент (LCE)-аар тооцоход бараг 7 сая тоннд хүрнэ. Жилд дунджаар 36,000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай нэг уурхайг жишээ болгон тооцвол, ирэх 24 жилийн хугацаанд хоёр сар тутамд нэг шинэ уурхай ашиглалтад оруулахтай дүйцэх хэмжээний нэмэлт нийлүүлэлт шаардлагатай болно.

“Хамгийн том сорилт бол үнийн мөчлөгийн туршид хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах явдал юм” гэж “Benchmark”-ийн Литийн бүтээгдэхүүн хариуцсан захирал Камерон Перкс мэдэгдэлдээ дурджээ.

Санхүүжилтийн хязгаарлалт, зөвшөөрөл авах үйл явц удаан үргэлжлэх, хөрөнгө оруулалтын төлөөх өрсөлдөөн зэрэг нь шаардлагатай олборлолтын хүчин чадлыг хугацаанд нь бий болгоход хүндрэл учруулж болзошгүй. Ялангуяа Хятадаас хараат байдлаа бууруулахыг зорьж буй барууны зах зээлүүдэд энэ нь илүү тулгамдсан асуудал болж байна.

2050 он гэхэд цахилгаан автомашин дэлхийн литийн эрэлтийн 76%-ийг бүрдүүлэх төлөвтэй байгаа нь өнөөгийн 55%-ийн үзүүлэлтээс мэдэгдэхүйц өссөн дүн юм. Батарейн үйлдвэрлэл, хэрэглээ литийн нийт хэрэглээний 92%-ийг аль хэдийн бүрдүүлж байгаа бөгөөд уг тоо 2020 онд ойролцоогоор 70 хувь байжээ.

Суурин эрчим хүчний хуримтлуурын салбар дахь литийн эрэлт сүүлийн хоёр жилийн хугацаанд жил бүр 60 гаруй хувиар өссөн байна. Гэхдээ дээрх судалгааны байгууллагын таамаглалаар 2026-2030 онд өсөлт жилд ойролцоогоор 5% болж саарах төлөвтэй байна.

Эх сурвалж: mining.com