
О.Дөлгөөн
Сингапурт бүртгэлтэй “Boroo Pte. Ltd.” (“Бороо”) компани нь Канадын “Victoria Gold Corp.” (“Victoria”)-ийн шүүхээс томилогдсон түр захирагч буюу эрх бүхий удирдлага болох“PricewaterhouseCoopers Inc.” (PwC)-тэй хувьцаа эзэмших гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа.
Уг хэлцлийн дагуу “Бороо” компанийн бүрэн эзэмшлийн охин компани болох “Гацуурт Майнинг” (Gatsuurt Mining Inc.) нь “Victoria”-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч болох юм.
Энэхүү гэрээ нь Канад улсын Юкон нутаг дэвсгэрт орших стратегийн чухал ач холбогдолтой “Ийгл Гоулд” (Eagle Gold) алтны уурхайн үйл ажиллагааг аюулгүй, хариуцлагатайгаар дахин ашиглалтад оруулах замын зураглалд томоохон ахиц дэвшил болж байна.
Талууд онцгой эрхийн хугацаанд уурхайн техникийн, байгаль орчны болон санхүүгийн нөхцөл байдалд сар гаруйн турш газар дээр нь ажиллаж, иж бүрэн аудит (due diligence) хийсний үндсэн дээр уг шийдвэрийг гаргажээ.
Орон нутгийн иргэд болон Юконы Засгийн газартай байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай хамтран ажиллах бат бөх суурийг тавьж байна.
“Бороо” компанийн Гүйцэтгэх захирал Э.Дөлгөөн:
“Victoria Gold” болон “Eagle Gold” уурхайг худалдан авах энэхүү гэрээ нь Юконы стратегийн чухал ордын хувьд эргэлтийн томоохон цэг болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд манай техникийн болон байгаль орчны мэргэжлийн багууд газар дээр нь ажиллаж, уурхайг хариуцлагатайгаар дахин ашиглалтад оруулах, тухайн бүс нутагт үүссэн байгаль орчны сорилтуудыг шийдвэрлэх боломжтойг нарийвчлан судалж, баталгаажууллаа.
Манай компани технологи болон байгаль орчны хүндрэлтэй уурхайнуудыг худалдан авч, урт хугацааны эдийн засгийн үнэ цэнийг хариуцлагатайгаар нэмэгдүүлж ирсэн олон улсын туршлагатай. Канадад 1.5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа нь Юкон нутаг дэвсгэрт урт хугацааны бизнес хөгжүүлэхийн төлөөх бидний амлалтыг бататгаж байна.”