
О.Дөлгөөн
Макро эдийн засгийн гол нурууг үүрч байгаа нүүрсний салбарт онцгой эргэлтийн үе тохиож байна. Үнийн уналтын хүнд үе ард хоцорч, коксжих болон эрчим хүчний нүүрсний үнэ ханш тогтвортой өсөх хүлээлттэй байгаа нь экспортын орлогод эергээр нөлөөлөх нь дамжиггүй.
Энэ оны 3 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд хүчин төгөлдөр хэрэгжиж буй нийт 2,820 эрдэс баялгийн тусгай зөвшөөрлийн 325 нь буюу 18.2%-ийг нүүрсний ашиглалтынх эзэлж байна. Тусгай зөвшөөрлийн талбай нь улсын нийт газар нутгийн өрдөө 0.42%-ийг л хамарч байгаа хэдий ч эдийн засагт үзүүлж буй жин нь үүнтэй харьцуулшгүй их билээ. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хэмжээнд бүртгэгдсэн нүүрсний нийт нөөц 37.3 тэрбум тон болон байгаа нь тус салбарын урт хугацааны чадамжийг илтгэнэ. Үүний 20.3 тэрбум тон нь хүрэн нүүрс, 16.9 тэрбум тон нь чулуун нүүрс, 70 сая тон нь антрацит тус тус эзэлж байна.
Салбарын бодит үр дүнгийн үзүүлэлтүүд жилээс жилд өргөжиж буйг 2025 оны статистикаас харж болно. Өнгөрсөн онд нийт уул уурхайн 99 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 100.52 сая тон нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 8.0%-иар өссөн үзүүлэлт болжээ.Үүнээс 90.02 сая тон буюу олборлосон нийт бүтээгдэхүүний дийлэнх хэсгийг экспортолж эдийн засгаа тэтгэсэн.
Экспортын гол гарц болсон хилийн боомтуудын түгжрэлийн хувь хэмжээг харвал 45.4% буюу дийлэнх урсгал ганцхан Гашуунсухайт боомтоос хэт хамааралтай хэвээр байгаа нь боомтын ачаалал, логистикийн эрсдэлийг өндөр байлгасаар байна. Сүүлийн жилүүдийн экспортын хэмжээг боомтуудаар нь авч үзвэл тодорхой өсөлт, савалгаанууд ажиглагдана. Тухайлбал, 2025 онд Гашуунсухайт боомтоор 39,090.7 мянган тон, Шивээхүрэнгээр 32,284.2 мянган тон болж өссөн бол 2026 оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд Гашуунсухайт 33,341.2 мянган тон, Шивээхүрэн 26,423.5 мянган тон нүүрс тус тус экспортолжээ. Үүнийг өмнөх жилийн гүйцэтгэлтэй харьцуулахад хагас жилийн дотор “бараг” л өмнөх жилийн эцсийн дүнд хүрсэн нь экспортын эрчим ямар өндөр түвшинд байгааг харуулж байна.
Гэсэн хэдий ч экспортод гарч буй бүтээгдэхүүний бүтцийг харвал нэг зүйл анхаарал татна. Тухайлбал, 2025 болон 2026 оны байдлаар экспортын үндсэн хэсгийг баяжуулаагүй нүүрс болон хатуу коксжих нүүрс эзэлж байгаа бөгөөд нэмүү өртөг шингэсэн гүн боловсруулалт хийх тал дээр ахиц удаашралтай байгааг илтгэж байна.
ХЯТАДЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ
2026 оны эхний улиралд Хятадын спот коксжих нүүрсний зах зээл 2 болон 3 дугаар сард харьцангуй тогтвортой, өсөх хандлагатай байсан нь бүс нутгийн эрэлт сэргэж буйн дохио. Энэ үеэр манай нүүрсний тогтвортой нийлүүлэлт болон үнийн бодлого нь хөрш зах зээлийн тэнцвэрт байдлыг хадгалахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг мэргэжилтнүүд ч онцолж байна.
Үүнтэй зэрэгцээд зах зээлд гадны хүчин зүйлс нөлөөлжээ. Тодруулбал, Австралийн гол бүс нутгуудад орсон ихэхэн хэмжээний борооны улмаас олборлолт, логистик саатаж, өндөр чанартай коксжих нүүрсний үнэ өссөн нь манай улсад экспортын үнийн таатай боломжийг олгосон хэрэг.
Энэ оныг бүтэн жилээр авч үзвэл коксжих нүүрсний зах зээл 2025 онтой харьцуулахад илүү тогтвортой орчинд ажиллаж, дундаж үнийн түвшин өндөр байх хүлээлттэй байна.
Харин эрчим хүчний нүүрсний хувьд боомтуудын нөөц өндөр түвшинд хадгалагдаж байгаа хэдий ч цаг агаарын нөхцөл байдал болон улирлын чанартай эрчим хүчний хэрэглээнээс шалтгаалан үнийн богино хугацааны хэлбэлзлүүд ойр ойрхон ажиглагдсаар байгаа ажээ.
БИРЖИЙН АРИЛЖАА ЭКСПОРТЫН ГОЛ СУВАГ БОЛЖЭЭ
Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 55 дугаар тогтоолоор эрдэс баялгаа экспортолж буй аж ахуйн нэгжүүд тодорхой төрлийн бүтээгдэхүүнийхээ дор хаяж 25%-ийг биржээр арилжалах үүрэг хүлээсэн нь салбарын ил тод байдалд жинтэй эргэлт авчирлаа. Тухайлбал, компаниудын борлуулалтын орлого 100 тэрбум төгрөгөөр нэмэгдэх суурь тавигдаж, Хуримтлагдсан роялтийн буюу нөөц ашигласны төлбөрийн өр төлбөрөөс ойролцоогоор 1 их наяд төгрөгийг барагдуулах боломж бүрдэн хөрөнгө оруулалтын орчин сайжирч, татварын суурь өргөжсөн байна.
Түүнчлэн нийт 2,097 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулагдаж, бирж дээрх нийт арилжааны дүн 9.64 тэрбум ам.долларт хүрсний 8.5 тэрбум ам.долларыг (82.4 сая тн) зөвхөн нүүрсний арилжаа дангаар эзэлжээ. Жилээс жилд арилжааны хэмжээ өсөх хандлагатай байгаа бөгөөд 2026 онд 27.0 сая тон уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалах зорилттой байна.
Монгол Улс 2023 оны 1 дүгээр сараас эхлэн нүүрсээ биржээр дамжуулан экспортод гаргаж эхэлсэн түүхтэй. Сүүлийн гурван жилийн хугацаанд нийтдээ 59.10 сая тонн нүүрс биржээр зарагдаж, энэ нь нийт нүүрс экспортын 24.31%-ийг эзэлж байгаа нь биржийн арилжаа экспортын гол сувгуудын нэг болж бэхэжснийг харуулж байна.
Гэсэн хэдий ч роялти тооцоолох аргачлал дээр гадаад зах зээлийн индекс болон бодит гэрээний үнийг хооронд нь уялдуулах, шударга байдлыг хангах тал дээр цаашид илүү уян хатан механизмыг нэвтрүүлэх шаардлагатай байгааг Монголын нүүрс ассоциациас гаргасан “Монголын нүүрсний үйлдвэрлэлийн тойм - Нүүрсний салбар 2026 хагас жил” тайланд онцолжээ.
Түүнчлэн 2025 онд нийт 11 өөр төрлийн нүүрс биржээр амжилттай арилжаалагдсаныг баяжуулалтын түвшингээр нь харвал нийт арилжааны яг тэн хагас буюу 49.9%-ийг (10.87 сая тн) түүхий нүүрс, үлдэх 50.1%-ийг (10.92 сая тн) баяжуулсан болон боловсруулсан нүүрс бүрдүүлсэн нь манай улс түүхийгээр нь биш, тодорхой хэмжээнд боловсруулж гаргах чиглэл рүү аажмаар шилжиж буйн эерэг дохио юм. Салбарын цаашдын өсөлтийг хангахад эрх зүйн шинэчлэл зайлшгүй чухал бөгөөд одоогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд явж байна.
ҮНИЙН УНАЛТЫН ҮЕ ШАТ АРД ХОЦОРЧ, СЭРГЭЛТИЙН ЦИКЛ ЭХЭЛВ
Нүүрсний зах зээлийн үнэ ханшийн өөрчлөлтийг өмнөх онтой харьцуулан харвал тодорхой савалгаатай циклийг туулж иржээ. Тухайлбал, 2023 онд нүүрсний үнэ өмнөх онтой харьцуулахад 12.1–19.6%-иар, 2024 онд 11.4–24.0%-иар тус тус буурч, улмаар 2025 оны 7 дугаар сард хамгийн доод цэгтээ хүрээд буцаад аажмаар өсөх хандлагатай болжээ. Харин энэхүү уналтын дараа 2026 онд үнийн хэлбэлзэл харьцангуй тогтворжих төлөвтэй байгаа бөгөөд бүтээгдэхүүний төрлөөр нь харвал Баяжуулсан коксжих нүүрс 2025 онд 33.6%-иар буурсан бол энэ онд 18 хувиар, түүхий коксжих нүүрс 26%-иар, сул коксжих болон эрчим хүчний нүүрс мөн адил 15 хувиар өсөх төлөвтэй байна.
Мөн цаашид хийгдэж буй шинэ боомтууд, төмөр замын холболтууд болон Тавантолгойн ордын шинэ уурхайнуудын бүтээн байгуулалтад тулгуурлан 2050 он гэхэд нийт нүүрсний экспорт 126.51 сая тонн-д хүрэхээр урт хугацааны стратегийн төсөөлөл хийгдсэн байна.
Монголын нүүрсний салбар үнийн уналтын циклийг ардаа орхиж, сэргэлтийн гольдролдоо орж байгаа нь сайн хэрэг. Биржийн арилжаа ил тод байдлыг авчирч, экспортын биет хэмжээ тэлж буй нь эдийн засгийн “хүчилтөрөгч” мөн.
Гэвч тон статистикийн цаад бодит байдал руу өнгийхөд нэг л үнэн угтана. Бид өнөөдөр “тоо хөөсөн” сэтгэлгээгээр яваа ч чанарын хувьд нэг ч алхам урагшлаагүй байна. Гадаад зах зээл рүү овоолж буй бүтээгдэхүүний дийлэнх нь ямар ч нэмүү өртөг шингээгүй түүхий хэвээр, логистикийн гол тулгуур нь ганцхан боомтоос хамааралтай хэвээр байна.
Эх сурвалж: Монгол нүүрс ассоциациас гаргасан “Монголын нүүрсний үйлдвэрлэлийн тойм - Нүүрсний салбар 2026 хагас жил” тойм судалгаа