Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ-ын газрын тосны олборлолт багасч, экспортын орлого буурлаа

rus

Ч.Сансар

Балтын тэнгис дэх Приморск боомтоос газрын тос тээвэрлэх ажиллагаа хэд хоног зогссоны улмаас ОХУ-ын газрын тосны далайн экспорт сүүлийн нэг сарын хугацаанд хамгийн доод түвшинд хүрчээ.

Долоо хоногийн газрын тосны экспорт өдөрт 390 мянган баррелиар буурч, 3.13 сая баррельд хүрсэн нь гуравдугаар сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо. Тухайн долоо хоногт ердөө 31 танкер нийт 21.91 сая баррель газрын тос ачсан бол өмнөх долоо хоногт 34 танкер 24.63 сая баррель газрын тос тээвэрлэжээ.

Приморск боомтод газрын тос ачих ажиллагаа ойролцоогоор гурван өдөр зогсож, долоо хоногийн сүүлчээр газрын тосны тээвэрлэлт сэргэжээ.

ОХУ-ын газрын тосны олборлолт мөн буурсаар байна. ОПЕК-ийн хоёрдогч эх сурвалжийн тооцоогоор, есдүгээр сард олборлолт өдөрт 8.64 сая баррель хүртэл буурсан нь 2020 оны дунд үеэс хойших хамгийн доод үзүүлэлт болсон.

Украины дроны довтолгоо ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаанд саад учруулсаар байна. Өнгөрсөн пүрэв гарагт Рязань хотын үйлдвэрт довтолж, улмаар боловсруулах дөрвөн байгууламжийн нэг нь зогсжээ.

Москва ОХУ-ын эрчим хүчний салбарын мэдээллийг олон нийтэд ил болгохыг хязгаарласан байна. Есдүгээр сарын 28-ны засгийн газрын тогтоолоор газрын тосны олборлолт, экспортын гэрээ, тээвэрлэлтийн чиглэл, танкерын байршлын мэдээллийг нийтэд ил болгохыг хоригложээ.

ОХУ есдүгээр сард “Роснефть” компанийн “Восток Арктик” төслөөс газрын тос экспортолж эхэлсэн. Гурван танкераар нийт 250 мянган тонн газрын тос тээвэрлэсэн байна. Энэ онд экспорт өдөрт дунджаар 150 мянган баррель байх төлөвтэй байгаа нь уг төслийн хувьд анх төлөвлөсөн 2 сая баррельд хүрэх зорилтоосоо маш доогуур үзүүлэлт юм.

ОХУ-ын газрын тосны экспорт буурч байгаа нь орлогод мөн нөлөөлж байна. Далайн экспортын долоо хоногийн орлого ойролцоогоор 380 сая ам.доллароор буурч, 2.33 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн зургаан долоо хоногийн хамгийн доод үзүүлэлт юм.

Хятад, Энэтхэг улс ОХУ-ын газрын тосны хамгийн том худалдан авагч хэвээр байна. Гэхдээ Ази руу нийлүүлсэн газрын тосны хэмжээ дөрвөн долоо хоногийн дунджаар өдөрт 3.54 сая баррелиас 3.43 сая баррель болж буурчээ.