
Т.Бямбанаран
Геологийн судалгаа, эрэл хайгуулыг уул уурхайн салбарын ирээдүйн суурь хэмээн Монголын Геологийн Холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат онцоллоо. Тэрбээр MiningWeek & MinePro 2026 арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалтын орчин, улсын төсвийн хөрөнгө оруулалттай геологийн судалгааны ач холбогдол, боловсон хүчний нөөц, салбарын оролцогч талуудын итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлэв. Түүнчлэн эрчим хүчний шилжилт, дэвшилтэт технологи, батлан хамгаалах салбарт нэн шаардлагатай чухал ашигт малтмалын эрэлт нэмэгдэж буй нь Монгол Улсад шинэ боломж нээж байгааг онцлон тэмдэглэсэн юм.
Монголын Геологийн Холбооны ерөнхийлөгч Т.Мөнхбат тус арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, “Уул уурхай бол Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбар. Харин уул уурхайн эхлэл нь геологийн судалгаа, эрдэс баялгийн эрэл хайгуул юм. Өнөөдрийн олборлолт бол олон жилийн өмнө геологичдын дэвшүүлсэн таамаглал, хээрийн судалгаа, өрөмдлөг, шинжилгээ, мөн хөрөнгө оруулагчдын үүрсэн эрсдэлийн үр дүн. Тиймээс геологийн салбар хөгжихгүйгээр уул уурхайн салбарын ирээдүй баталгаатай байж чадахгүй.
Өнөөдөр ашиглаж буй ордууд тодорхой хугацааны дараа шавхагдана. Тиймээс маргаашийн уурхайг өнөөдөр судлан, нөөцийг нь тогтоох шаардлагатай. MiningWeek & MinePro 2026 нь дан ганц шинэ техник, технологийн үзэсгэлэнгээр хязгаарлагдахгүй.
Тус арга хэмжээ нь геологийн судалгаанаас эхлээд хайгуул, олборлолт, боловсруулалт, уурхайн хаалт хүртэлх салбарын бүхий л оролцогчдыг нэг дор цуглуулж, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх мэргэжлийн чухал талбар болж байна.
Бидний өмнө шийдвэрлэх хэд хэдэн томоохон асуудал бий.
Нэгдүгээрт, геологи, хайгуулын салбар дахь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх хэрэгтэй. Хайгуулын ажил Нь ендер эрсдэлтэй, урт хугацаа шаарддаг. Олон зуун хайгуулын ажил хийсэн ч ганцхан орд илрүүлэх магадлалтай. Тусгай зөвшөөрөл авах үйл явц ойлгомжгүй, эрх зүйн орчин тогтворгүй байвал геологийн эрсдэл дээр бодлогын эрсдэл давхар үүснэ. Хөрөнге оруулагчид онцгой нөхцөл шаардаагүй. Тэдэнд ойлгомжтой хууль, журам, шударга өрсөлдөөн, шийдвэр гаргах тодорхой хугацаа, төрийн бодлогын залгамж чанар юу юунаас илүү хэрэгтэй. Геологийн салбарыг хөгжүүлье гэвэл ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог ил тод. шуурхай, тогтвортой болгох шаардлагатай байна.
Хоёрдугаарт, улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх геологийн судалгааг нэмэгдүүлж, түүний үр дүнг хайгуулын хөрөнгө оруулалттай зөв уялдуулах шаардлагатай. Суурь судалгаа сайн байх тусам хөрөнгө оруулагчдын эхний эрсдэл буурч, шинэ талбайд ажиллах сонирхол нь нэмэгдэнэ.
Судалгааны мэдээлэл чанартай, нээлттэй, цахим хэлбэрээр хүртээмжтэй байх нь шинэ орд илрүүлэх хамгийн чухал нөхцөлүүдийн нэг.
Гуравдугаарт, мэргэжлийн хүний нөөц, ёс зүй, хариуцлагыг салбарын хөгжлийн төвд тавих нь чухал. Орчин үеийн технологи хэчнээн хурдтай хөгжсөн ч түүнийг зөв хэрэглэж, үр дүнг нь мэргэжлийн түвшинд тайлбарлах геологич, геофизикч, гидрогеологич, өрөмдлөг, уул уурхай, баяжуулалтын инженерүүдийн мэдлэг, туршлагыг орлох боломжгүй.
Мэргэжлийн холбоод төрийн бодлогыг орлохгүй. Харин бодлого боловсруулахад мэргэжлийн санал, хараат бус дүгнэлт өгч, стандарт, ёс зүй, мэргэжлийн тогтолцоог хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.
Геологийн холбоодын нэгдсэн зөвлөл нь энэ чиглэлээр гишүүн холбоод болон салбарын бүх оролцогч талтай нээлттэй хамтран ажиллах болно.
Дэлхий нийт эрчим хүчний шилжилт, өндөр технологи, батлан хамгаалах үйлдвэрлэлд шаардлагатай газрын ховор элемент, литий болон бусад чухал ашигт малтмалын эх үүсвэрийг эрэлхийлж байна. Энэ нь геологийн арвин нөөц баялагтай Монгол Улсын хувьд томоохон боломж юм.
Гэхдээ боломж өөрөө орд болж, орд нь өөрөө уурхай болдоггүйг санах нь зүйтэй. Үүнд хайгуулыг дэмжих тогтвортой бодлого, хөрөнгө оруулалт, шинэ технологи, мэргэжлийн ур чадвар, хамгийн гол нь оролцогч талуудын итгэлцэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ" гэлээ.
Х.САНЧИГДОРЖ: ГЕОЛОГИЙН САЛБАРТ ХАМААРАХ ХОЁР ГОЛ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ӨӨРЧЛӨЛТ ГАРСАН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга Х.Санчигдорж "Ашигт малтмалын тухай хууль ба өрсөлдөөнт сонгон шалгаруулалтын журам" сэдэвт илтгэлдээ Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт геологийн салбарт хэрхэн нөлөөлөх талаар танилцууллаа.
Тэрээр "Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт геологийн салбарт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Тус хуульд үндсэн 6 чиглэлээр өөрчлөлт оруулсны 2 нь геологийн салбарт шууд хамаарна. Нэгдүгээрт, хувийн хөрөнгө оруулалтаар геологийн судалгаа болон эрэл хайгуулын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжийг бүрдүүлэх; хоёрдугаарт, чухал ашигт малтмалын жагсаалт батлах, тухайлсан бодлого боловсруулах эрх зүйн үндсийг бий болгох юм.
Европын Холбоо, АНУ, БНХАУ зэрэг дэлхийн зарим улс 50 орчим элементийг чухал ашигт малтмалын жагсаалтад хамруулсан Монгол Улсын хэмжээнд нийт 39 төрлийн ашигт малтмал тогтоогдсон байдаг.
Манай улс урьдчилсан байдлаар 20 төрлийн чухал ашигт малтмалыг ялгасан байгаа. Гэхдээ энэ нь эцэслэн батлагдсан хувилбар биш. Тэдгээрийг 3 ангилсан. Тухайлбал, эдийн засагт нөлөөлөхүйц 7 төрөл, ашиглалтад бэлтгэгдсэн боловч хөрөнгө оруулалт шаардлагатай 8 төрөл, хайгуул, судалгааны ажил шаардлагатай 5 төрлийн чухал ашигт малтмал байна.
Үүнээс гадна сонгон шалгаруулалтын журамд өөрчлөлт орсон. Хуульд нэмэлт, өөрчлөлт орохоос өмнөх нөхцөл байдлыг авч үзвэл, 2022 оны 11 дүгээр сараас цахим сонгон шалгаруулалтыг эхлүүлж, нийт 647 талбайд сонгон шалгаруулалт зарласнаас 313 хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс 2023 онд хамгийн олон буюу 215, харин 2022 онд хамгийн цөөн буюу 50 хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ.
Амжилтгүй болсон сонгон шалгаруулалтын тоо 334 буюу нийт сонгон шалгаруулалтын 51.6%-ийг эзэлсэн юм. Оролцогчид хэт өндөр үнийн санал амлаад холбогдох төлбөрийг төлөөгүйгээс үүдэн сонгон шалгаруулалт амжилтгүй болсон 87 талбай байна.
Үүнийг шийдвэрлэх үүднээс сонгон шалгаруулалтын журамд дараах 3 өөрчлөлтийг орууллаа.
Эдгээр өөрчлөлтийг дэлгэрэнгүй авч үзвэл, Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор өмнө нь санхүүгийн болон техникийн саналыг 70:30-ийн харьцаагаар үнэлдэг байсан бол одоо 50:50-ийн харьцаатай болгож өөрчилсөн. Ийнхүү техникийн саналын үнэлгээг 50% болгон нэмэгдүүлснээр хэт өндөр үнийн санал ирүүлж, чанартай талбайн сонгон шалгаруулалтыг унагах магадлалыг бууруулж байгаа хэрэг. Ингэснээр хайгуул хийх чин хүсэл сонирхолтой, мэргэжлийн байгууллагуудыг дэмжих боломж бүрдэнэ.
Мөн сонгон шалгаруулалтаар олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн босго үнийг өсгөсөн. Өмнө нь нэг га талбайг 7000 төгрөгөөр үнэлдэг байсан бол одоо дундаж талбайн хэмжээг 3000 га байхаар тооцож, 20 сая төгрөгийн босго үнэ тогтоолоо.
Өндөр үнийн санал ирүүлж, техникийн саналын үнэлгээгээр ганцаараа шалгарсан оролцогч үнийн саналын мөнгөн дүнг төлөөгүй тохиолдолд тухайн талбайг дахин зарлах хугацааг мен тодорхой болгосон. Хүчингүй болсон сонгон шалгаруулалтын босго үнийг оролцогчдод буцаан олгосны дараа тухайн талбайд дахин 14 хоногийн хугацаатай Сонгон шалгаруулалт зарлана" хэмээн ярилаа.
Монгол Улс чухал ашигт малтмалын эрэлт өсөж буй дэлхийн зах зээлийн өөрчлөлтөөс шинэ боломж эрэлхийлж байна. Гэвч энэ боломжийг эдийн засгийн бодит үр өгөөж болгон хувиргах эхний алхам нь олборлолт биш геологийн судалгаа, эрэл хайгуул байдаг.
Хууль эрх зүйн орчны өөрчлөлт, сонгон шалгаруулалтын шинэ журам нь хайгуулын салбар дахь хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэж байгаа ч бодит үр дүн нь талбайд хийгдэх судалгаа, хөрөнгө оруулалт, мэргэжлийн боловсон хүчин, мэдээллийн хүртээмжээр хэмжигдэнэ.