Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АНУ Төв Азийн орнуудтай эрчим хүч, критикал минералын салбарт худалдааны харилцаагаа өргөжүүлж байна

Ч.Сансар

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио тус улсын 100 гаруй компанийн төлөөлөгчидтэй хамт Узбекистаны Самарканд хотод энэ сарын 19-нд айлчилж, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны Гадаад хэргийн сайд нартай уулзахаар төлөвлөж байна.

Вашингтон худалдаа, эрчим хүч, бүс нутгийн хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулж, улс төрийн түвшинд хүрсэн тохиролцоогоо бодит төсөл болгон хэрэгжүүлэхийг зорьж байна.

Энэхүү уулзалт нь 2015 онд эхлүүлсэн, эдийн засаг, эрчим хүч, аюулгүй байдлын салбарт АНУ болон Төв Азийн таван улсын харилцааг бэхжүүлэх зорилготой C5+1 хамтын ажиллагааны хүрээнд болж байна.

Төв Азийн орнууд уран, зэс, газрын ховор элемент болон бусад чухал ашигт малтмалын ордуудыг ашиглаж, дотоодын боловсруулах хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилготой. Мөн Оросыг тойрон Европт хүрэх Дунд коридорын дэд бүтцийг сайжруулах, тээврийн саатлыг бууруулах, цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалтаа эрчимжүүлэхэд өндөр ач холбогдол өгч байгаа билээ.

Усны хомсдол, ган гачиг, уулын цас мөс хайлж байгаа нь Төв Азийн хөгжилд эрсдэл учруулж байна. Төв Азид 2030 он гэхэд ундны усны хангамж, ариун цэврийн байгууламжуудыг сайжруулахад 12 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө шаардлагатай.

Талууд аюулгүй байдал, улс төрийн асуудлуудыг мөн хэлэлцэнэ. Төв Азийн орнууд АНУ, Орос, Хятадтай харилцаа холбоогоо өргөжүүлэхээс гадна Афганистан, Ирантай хийх худалдаагаа нэмэгдүүлэхийг хүсэж байна.