Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Д.БОЛДСҮХ: "ТРАНСВЕСТ МОНГОЛИА” ХХК ҮНДСЭН ТАВАН ТӨРЛИЙН ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД ТӨВЛӨРӨН АЖИЛЛАДАГ

Т.Бямбанаран

“Трансвест Монголиа” ХХК нь 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, өдгөө 17 жил тасралтгүй ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд тус компани үйл ажиллагааны чанараа улам нэмэгдүүлж, Монголын уул уурхайн компаниудын эчнээ танил болжээ. “Комацу” брэнд үйлдвэрээс хэрэглэгч рүү улам ойртож, Улаанбаатар хотноо Төлөөлөгчийн газраа байгуулсан билээ. Энэ хүрээнд “Трансвест Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Болдсүхтэй ярилцлаа. 


- "Комацу" брэндийн Төлөөлөгчийн газар Монголд байгуулагдсаны ач холбогдол юу вэ?

"Трансвест Монголиа” ХХК нь Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон тус брэндийн баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс нь шууд ханган нийлүүлдэг Монгол дахь цорын ганц албан ёсны дистрибьютер юм. Дистрибьютер компанийн хувьд "Комацу" брэндийг бүрэн төлөөлж, худалдан борлуулахаас авхуулаад борлуулалтын дараах засвар үйлчилгээ зэргийг цогцоор нь хариуцдаг. "Комацу"-гийн үйлдвэрлэгч нь дистрибютерт энэ зах зээлийг бүрэн хариуцуулаад Япон улсаас дэмжиж ажилладаг байсан бол Монголын зах зээлд нийлүүлэгдэж буй Комацу техникүүдийн тоо олширохын хэрээр төлөөлөгчийн газраа нээж, "Трансвест Монголиа" ХХК-ийг дэмжиж ажиллах болсон нь бидний хувьд баяртай мэдээ. Үйлдвэрийн төлөөлөгчийн газар Улаанбаатар хотод байгуулагдсан нь хурдан шуурхай харилцаа холбоо үүсгэх, талуудын ойлголцол нэмэгдэх, үнийн бодлого сайжрах ач холбогдолтой ба эцсийн дүндээ уул уурхайн компаниудад хамгийн их давуу талтай.

"Комацу" брэндийн D155 бульдозерийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ямар давуу тал бий болох вэ?

Шинэлэг тоног төхөөрөмж үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр ашиглалтын зардал болон хүрээлэн буй орчинд үзүүлэх хор нөлөө бага байхаас гадна бүтээмж өндөртэй байдаг давуу талтай. Хариуцлагатай уул уурхайн стандартыг мөрдөж ажиллахад "Комацу" брэндийн бульдозер чухал үүрэгтэй. 

"Комацу" брэндийн бульдозер нь япон инженерийн гараар бүтсэн бөгөөд монголчууд япон тоног төхөөрөмжийг маш гарамгай ашигладаг. D155 бульдозер нь түлш зарцуулалтын хувьд ижил хүчин чадалтай бусад бульдозертой харьцуулахад хамгийн бага. Үүнээс гадна илүү чухал зүйл нь өдөр шөнийн ээлжинд ажиллаж буй операторын аюулгүй ажиллагаа, тав тухтай орчинг дээд зэргээр бүрдүүлж өгсөн.

Дэлхий нийтэд тулгарч буй уур амьсгалын өөрчлөлттэй холбогдуулан, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахын тулд бид хамгийн бүтээмж өндөртэй, түлш бага зарцуулдаг, утааны ялгарал багатай, операторын ажиллах орчин сайтай техник нийлүүлнэ гэдэг нь өөрөө ухаалаг, ногоон технологийг дэмжиж буй нэг хэлбэр. Мөн нөхөн сэргээлт хийхэд хамгийн оновчтой техникийг "Комацу" брэнд үйлдвэрлэдэг.

"Трансвест Монголиа" ХХК-ийн үйл ажиллагаа хэрхэн өргөжиж байна вэ? 

Манай компани 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлээд 17 жилийн нүүрийг үзсэн бөгөөд Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн чиглэлийн бүхий л төсөлд хүрч ажилладаг. Зарим шинээр хөгжиж буй төслийн хувьд техник эдийн засгийн үндэслэлээс нь эхлээд хамтарсан тооцоо судалгаа, хөдөлмөрийн бүтээмжийн тооцоог хийгээд явдаг. Нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн олборлолтын салбарт манай харилцагчид олноороо бий.

Харин Комацу брэндийн техник тоног төхөөрөмж Монгол Улсад 1992 оноос хойш нэвтрээд ойролцоогоор 35 жил болжээ. Өнөөдөр Монголын зах зээлд Комацугийн техникүүд аль хэдийн танигдсан. Инженер техник, засвар үйлчилгээний ажилтнууд энэ техникүүдтэй ажиллаад сурчихсан. Мөн бид бүрэн хэмжээний операторын болон инженер механикийн сургалтаар дэмжиж ажилладаг. Олон чиглэлд хүч тарамдахгүйгээр бульдозер, экскаватор, автосамосвал, автогрейдэр, дугуйт ачигч гэсэн үндсэн таван техник, тоног төхөөрөмжид төвлөрөн ажилладаг. Манай компани Монгол Улсын шилдэг татвар төлөгч бөгөөд Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалттай компани хэрхэн амжилттай ажилладгийн хамгийн тод жишээг "Трансвест Монголиа" ХХК-ийн 450 гаруй ажилтаны амжилтаас харж болно.

Борлуулалтын дараах засвар үйлчилгээний талаар дэлгэрэнгүй танилцуулна уу.

Техник тоног төхөөрөмжийг гэрээ байгуулаад нийлүүлэх гэдэг нь хамгийн эхний ажил. Оруулсан хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг хамгийн богино хугацаанд авах хэрэглэгчийн хүсэл сонирхлыг бид нэн тэргүүний зорилгоо болгож ажилладаг. Тиймээс шаардлагатай сэлбэг хэрэгслийг Монголдоо бэлэн нөөцлөх, техник тоног төхөөрөмжийн найдвартай, тасралтгүй ажиллагааг аль болох урт хугацаанд хангахад анхаардаг. Мөн шаардлагатай сургалт, борлуулалтын дараах дэмжлэг үйлчилгээг цогцоор нь санал болгодог. Ингэж байж л тухайн техник урт хугацаанд ажиллаж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг богино хугацаанд нөхдөг давуу талтай.