Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хууль, Төсөл

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа

О.Дөлгөөн


УИХ-ын өнөөдрийн (2026.10.16)  чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Уг хуулийн төсөлтэй хамт салбарын зохицуулалтыг сайжруулах зорилгоор нийт 11 дагалдах хуулийн төсөл өргөн баригдсанаас 9 хуулийн төсөл дэмжигдэж батлагдав.

Энэ удаагийн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дараах гол зохицуулалтууд тусгагдсан:

1. Геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг арвижуулна

Геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлэх эрх зүйн орчныг сайжруулснаар шинэ орд, илрэлийг нээн илрүүлэх боломж бүрдэнэ. Энэ нь Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлж, салбарын урт хугацааны хөгжлийн суурийг бэхжүүлэх чухал алхам болж байна.

2. Чухал ашигт малтмалын бодлогын эрх зүйн үндсийг бэхжүүлнэ

Дэлхийн зах зээлд эрэлт нь эрс нэмэгдэж буй стратегийн ач холбогдолтой чухал ба ховор эрдэс баялгийн нөөцийг тогтоох, ашиглах, боловсруулах чиглэлээр үндэсний ашиг сонирхолд нийцсэн бодлого хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж өглөө.

3. Боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж, нэмүү өртөг шингээнэ

Олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг дэмжсэнээр ашигт малтмалын нөөцийг иж бүрэн ашиглаж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортыг нэмэгдүүлнэ. Ингэснээр шинээр ажлын байр олноор бий болох нөхцөл бүрдэнэ.

4. Орон нутагт хуваарилах АМНАТ-ын хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

Уул уурхайн салбараас орон нутагт хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс (АМНАТ) Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлэхээр тусгав. Мөн нөлөөлөлд өртөж буй нутаг дэвсгэрт санхүүжилтийг түлхүү хуваарилах бодлого хэрэгжинэ.

5. Уурхайн нөхөн сэргээлт, хаалтын хариуцлагыг чангаруулна

Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажлын хэрэгжилт болон санхүүжилтийн бүрдүүлэлтийг жил бүрийн уулын ажил, баяжуулалтын тайлантай уялдуулан тайлагнах шинэ тогтолцоог нэвтрүүлнэ. Ингэснээр уурхайн хаалтын бэлтгэл, санхүүгийн хариуцлага, байгаль орчны нөхөн сэргээлт сайжирна.

6. Зэсийн АМНАТ-ыг олон улсын жишигт нийцүүлнэ

Зэсийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэн тогтоолоо. Энэхүү зохицуулалтын үр дүнд:

  • Зэсийн баяжмалын үйлдвэрлэл: 3.3 сая тоннд хүртэл буюу 47 хүртэл хувиар,

  • АМНАТ-ын ногдуулалт: 2.25 их наяд төгрөг хүртэл буюу 37 хүртэл хувиар тус тус нэмэгдэх боломж бүрдэж байна.

Байгаль орчныг хамгаалах хоёр хуулийн төслийг буцаав

  1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

  2. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Олон нийтэд "Урт нэртэй хууль" хэмээн нэрлэгддэг)