
А.Халиун
УИХ-ын намрын чуулганаар 2027 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас ирэх онд Монгол Улсын эдийн засгийг 5.8%-иар өсөж, энэ оны 8 дугаар сарын байдлаар 12.5%-тай байгаа инфляцыг төсвийн бодлогоор хазаарлаж, 7 орчим хувьд тогтворжуулахаар төсөөлжээ. Ирэх онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 40.7 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.3%, нийт зардлыг 43.0 их наяд төгрөг буюу 37.3%, төсвийн алдагдлыг 2.3 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0% байхаар төлөвлөжээ.
Төсвийн зардлыг өмнөх оныхоос 10.7 их наядаар нэмэгдүүлсэн ба энэхүү өсөлтөд төрийн өмчит компаниудаас төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлого, “Оюутолгой” төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгийг төсвийн орлогод багтаан тооцоолжээ.
2027 онд төрийн өмчит есөн компанийн ногдол ашгаас 3.5 их наяд төгрөг, “Оюутолгой” ХХК-иас 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар төсөвт тусгав. УИХ-ын босго давсан тохиолдолд Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсвийн бодлогод нэгтгэж, захиран зарцуулах нь Засгийн газрын бүрэн эрх. Харин гадаадын 66%-ийн хөрөнгө оруулалттай “Оюутолгой” компанийн ирэх оны ашгийг тооцож, төрийн эзэмшлийн 34%-д оногдох ашгийг төсөвт оруулж, түүнийгээ юунд зарцуулахаа төлөвлөсөн нь “алаагүй баавгайн арьсыг хуваасантай” адил болов.
Зүүн Ази, Номхон далайн бүсэд хиймэл оюун ухаан, өндөр технологийн бүтээгдэхүүний тоног төхөөрөмжийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байгаа нь зэс, алтанд найдлага тавьж буй манай улсын хувьд сайн мэдээ.
Засгийн газар 2027 онд:
Зэс - 2.1 сая тонн
Нүүрс - 110 сая тонн
Алт - 10.4 тонныг экспортлохоор төлөвлөсөн ба зэсийн үнийг 12700 ам.доллар, нүүрсийг 68 ам.доллар, алтыг 4200 ам.долларын үнэтэй байхаар төсөвт тусгасан.
2026 оны улсын төсөвт 90 сая тонн нүүрсийг тонн тутамд 70 ам.доллараар экспортлохоор төлөвлөсөн ч 68 ам.доллараар борлуулж, энэ оны 8 дугаар сараас үнэ 70-д хүрсэн тул ирэх онд нүүрсийг мөн л 70 ам.доллараар борлуулахаар төлөвлөсөн.
Энэ онд 90 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн бол 8 дугаар сарын байдлаар 80 саяыг гаргасан тул 2026 оны төсвийн тодотголд нүүрсний экспортыг 100 сая тоннд хүргэхээр тусгаад байна. Харин ирэх онд 110 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн нь бодитой тооцоолол хэмээн Эдийн засаг, хөгжлийн яам үзжээ.
Ерөнхий сайд Н.Учрал Ирэх оны төсвийн төслийг УИХ-д танилцуулахдаа, “Оюутолгой төслийн зардлыг 30 орчим их наядаар бууруулж, Хувь нийлүүлэгчдийн гэрээгээ 17 жилийн дараа засаж сайжруулсан сайн мэдээтэй УИХ-ын намрын чуулганыг угтлаа. Оюутолгойгоос ногдол ашиг авах хугацааг 10 жилээр наашлуулж ирэх оноос авахаар тохиролцлоо” хэмээн бахархалтайгаар зарлав.
Оюутолгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3 их наяд төгрөг төвлөрөхөөр тооцсон ба үүний 1 их наядыг Баялгийн сан дахь Иргэн бүрийн хуримтлалын дансанд оруулна. 2 их наядыг эрчим хүчний салбарт хэрэгжих төслийн хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ.
Гадаад нөхцөл байдал тааварлашгүйгээр өөрчлөгдөж буй энэ цаг үед хөрсөндөө байгаа хүдрийн олборлоод, борлуулаад, олсон хэдэн доллараа төсөвтөө суулгаж, “зарцуулаад” дуусгачихдаг нь яарсан тооцоолол, хэтийдсэн хүлээлт биш үү.
3.МЭНДСАЙХАН: ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН НОГДОЛ АШИГ ТУСДАА БАЙСНЫГ ТӨСӨВТ ТӨВЛӨРҮҮЛНЭ
Хувийн компанийн ногдол ашгийг улсын төсөвтөө тусгаж, хөрөнгө оруулалтдаа зарцуулах нь хэр оновчтой вэ? гэсэн тодруулгад Сангийн сайд З.Мэндсайхан мэдэгдэхдээ, “Өнгөрсөн хавар “Оюутолгой” болон Рио Тинто-той хэлэлцээр хийж тодорхой үр дүнгүүд гарсан. Зээлийн хүүг бууруулж чадлаа, санхүүжилтийг эргэн харах хугацааг бууруулсан, менежментийн зардлыг бууруулсан зэрэг гол хөрсөө бүрдүүллээ. Ингэснээр Оюутолгойгоос 2027 онд ногдол ашиг авахаар Рио Тинто-той тохирсон.
Засгийн газраас баримталж буй зарчим нь Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу Монголын талд оногдох өгөөж 53% байх ёстой. Энэ хүрээнд ярьж байгаа юм. Оюутолгойгоос ирэх онд төлөвлөсөн 3 их наяд төгрөг бол ногдол ашгийг хамгийн доод түвшинд нь төсөөлж оруулж ирсэн дүн. Энэ нь компанийн санхүүгийн дотоод асуудалд орж байгаа хэрэг биш” гэв.
2027 оны Улсын төсөвт мөн төрийн өмчит компанийн ногдол ашгийг 3.5 их наяд төгрөгөөр тооцож, тусгасан. Яагаад? гэсэн асуултад тэрээр,
-2024 онд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахаас өмнө компанийн ногдол ашиг Төсвийн орлогод төлөврч, нэгтгэгдэж байсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар уул уурхайн компанийн орлогын 34%-ийг Баялгийн санд, 66%-ийг Төсвийн хуулийн хүрээнд төвлөрүүлэх төсөл хөтөлбөрөөс хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалт болсон.
УИХ-ар хэлэлцэгдэж буй 2026 оны Төсвийн тодотголоор Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа.
Мөн УИХ-ын 2026 оны хаврын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийг баталсан. 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх уг хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компаниуд 30%-иас багагүй ногдол ашиг өгнө гэж уг хуульд заасан. Ашиггүй ажиллавал татан буулгана. Хуулийн хэрэгжилтийг хангах ёстой.
Монгол Улс нэгдсэн төсөвтэй. Төсвийн гадуур төрийн өмчит компанийн ногдол ашиг тусдаа байсныг төсөвт төвлөрүүлж, нэгдсэн төсвийн бодлогоор бүртгэн захиран зарцуулна.
2027 оны төсөвт Оюутолгойны ногдол ашгийг улсын төсвөөс тусдаа кодтой суулгасан. УИХ-аар хэлэлцэх үед төсөвт оруулахгүй гэвэл төсөв 3 их наядаар хасагдана гэсэн үг гэв.