
Ч.Сансар
АНУ, Израилийн Ираны эсрэг явуулж буй дайны улмаас Ойрх Дорнод болон Төв Азийн эдийн засаг 2026 онд агшина гэж Олон улсын валютын сан (ОУВС) таамаг дэвшүүллээ. ОУВС эдийн засгийн төлөв байдлын тайландаа тус бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2026 онд 0.3%-иар агшина гэж таамаглажээ. Энэ нь дөрөвдүгээр сард дэвшүүлсэн 1.9%-ийн өсөлтийн таамгаас эрс буурсан үзүүлэлт юм.
ОУВС таамгаа бууруулсан гол шалтгаан нь удаан хугацаанд үргэлжилж буй Ормузын хоолойн хямрал гэжээ. Энэхүү хоолойгоор энхийн цагт дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэг нь дамжин өнгөрдөг. Кувейт, Ирак, Катарын эдийн засаг хамгийн их агших төлөвтэй байна. Эдгээр улсын ДНБ тус бүр 16.7, 16, 15.6%-иар буурна. Бахрейны ДНБ 11.3%-иар, Ираны эдийн засаг 7.6%-иар агших төлөвтэй байна.
Саудын Араб Зүүн–Баруун чиглэлийн хоолойгоор газрын тосны экспортоо нэмэгдүүлж, эрчим хүчний салбарт учирсан хохирлоо тодорхой хэмжээнд нөхсөн ч эдийн засаг нь 3.3%-иар буурах төлөвтэй байна. Бүс нутгийн хэмжээнд Киргизстаны эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй байх төлөвтэй бөгөөд ДНБ нь 9%-иар өсөхөөр байна. Ойрх Дорнод болон Төв Ази нь 2026 онд эдийн засаг нь агших эрсдэлтэй байгаа цорын ганц бүс нутаг юм. Хөгжиж буй Азийн эдийн засаг 5.1%-иар өсөх төлөвтэй байна. Харин Сахарын цөлөөс өмнө оршдог Африкийн улсуудын эдийн засаг 4.5%-иар, Латин Америк болон Карибын тэнгисийн бүс нутгийн эдийн засаг 2.3%-иар өснө гэж ОУВС таамаг дэвшүүлжээ. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ болон БНХАУ-ын эдийн засаг тус бүр 2.3% болон 4.5%-иар өсөх төлөвтэй байна. Евро бүсийн ДНБ 1.1%-иар өснө.
ОУВС дэлхийн ДНБ-ий өсөлтийг 3.1% байхаар таамагласан нь өмнөх 3%-ийн төсөөллөөс ялимгүй өндөр байна. Энэ онд эдийн засгийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа ч дэлхийн эдийн засаг олон төрлийн эрсдэлтэй тулгарч байгааг ОУВС онцолжээ. “Дэлхийд хямрал, мөргөлдөөн цаашид хурцдах, хиймэл оюун ухаантай (AI) холбоотой хүлээлтүүд өөрчлөгдөх, худалдааны зөрчлүүд дахин сэргэх, төсөв, санхүүгийн хүндрэлүүд зэрэг хүчин зүйлс эдийн засгийн өсөлтийг сааруулж болзошгүй. Нөгөө талаас хиймэл оюун ухаанд хөрөнгө оруулах нь эрчимжих, AI-ийн бүтээмж нэмэгдэх, эсвэл геополитик болон худалдааны зөрчлүүд удаан хугацаанд намжих нь эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө” гэж ОУВС мэдэгджээ.