
О.Дөлгөөн
АНУ-ын NYSE American хөрөнгийн биржид бүртгэлтэй "Luda Technology Group Limited" (NYSE American: LUD) компани Төв аймгийн Баяндэлгэр суманд байрлах “Жоншт Толгойн” хайлуур жоншны төслийн ашиглалтын эрхийг худалдан авах боломжийг судлахаар “Чулуут-Интернэшнл” ХХК-тай санамж бичиг байгуулжээ. Талууд хэлэлцүүлгийн хүрээнд 14 сая ам.долларын үнийг урьдчилан дурдсан боловч хэлцэл эцэслээгүй байна.
Санамж бичиг нь заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй (non-binding) онцгой эрх олгохгүй бөгөөд аль аль тал нь гуравдагч этгээдтэй хэлэлцээ хийх боломжтой.
Талууд 2027 оны 4-р сарын 30-ны дотор эцсийн хэлцлийг хийх зорилт тавин ажиллаж байна. Худалдан авах эцсийн шийдвэр нь шалгалтын үр дүн, талуудын эцсийн тохиролцоо болон Монгол Улсын төрийн ба зохицуулах байгууллагуудын зөвшөөрлөөс бүрэн хамаарна.
Компанийн хувьд хайлуур жонш нь гангийн үйлдвэрлэлээс гадна химийн бүтээгдэхүүн, лити-ион батарейн материал, хагас дамжуулагч болон хөргөлтийн технологийн нийлүүлэлтийн сүлжээнд оролцох боломж нээх стратегийн түүхий эд юм. Ялангуяа хүчиллэг зэрэглэлийн хайлуур жоншийг фторт устөрөгчийн хүчил үйлдвэрлэхэд ашигладаг бөгөөд уг хүчил нь фторт химийн нэгдэл, хөргөлтийн бодис болон өндөр цэвэршилттэй химийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чухал үүрэгтэй.
Жонш толгойн төслийн хүчин чадал, нөөцийн мэдээлэл баталгаажаагүй байна
"Жонш Толгойн" төсөл нь Төв аймгийн Баяндэлгэр суманд байрладаг бөгөөд ашиглалтын тусгай зөвшөөрөл (MV-006506) нь ойролцоогоор 27 га талбайг хамардаг. 2019 оны ТЭЗҮ-д зааснаар тус уурхай нь флотацийн аргаар FF-97 зэрэглэлийн хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэх ба жилд 9.0 мянган тонн баяжмал олборлох хүчин чадалтай ил уурхай юм.
Luda Technology нь төслийг үнэлэхийн хажуугаар Монголын бусад уул уурхайн компаниудаас хүдэр худалдан авч БНХАУ руу экспортлох худалдааны үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөж байна.
Гэхдээ “Luda Technology” эдгээр "түүхэн" мэдээллийг бие даан баталгаажуулаагүй тул одоогийн ашигт малтмалын баялаг, нөөцийн үнэлгээ гэж үзэхгүй байгаагаа онцолсон байна. Иймээс төслийн өнөөгийн нөөц, олборлолтын боломж, үйлдвэрлэлийн хүчин чадал болон эдийн засгийн үр өгөөжийг эцэслэн тогтоосон гэж үзэх боломжгүй юм.
Хэлцэл хэрэгжвэл Монголын хайлуур жоншны салбарт шинэ хөрөнгө оруулагч орж ирэхийн зэрэгцээ уул уурхайн төслийн эрхийг худалдан авах сонирхол нь технологийн үйлдвэрлэл, стратегийн материалын нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэх компанийн зорилготой хэрхэн холбогдож байгааг харуулах юм.