
Ярилцсан О.Дөлгөөн
Анх удаагаа орон нутагт, тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зохион байгуулагдах гэж буй “Эрдэс боловсруулалт-2026” хурлын Ерөнхий зохион байгуулагч Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны ерөнхийлөгч, Техникийн ухааны доктор, дэд профессор Б.Чинзоригтой ярилцлаа.
“Эрдэс боловсруулалт–2026” хурал энэ жил олон улсын хэмжээнд 8 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн хурлын хамрах хүрээ, ялгарах онцлог нь юу байх вэ?
Энэ жилийн “Эрдэс боловсруулалт-2026” хурлын гол онцлог нь нэгдүгээрт, анх удаа орон нутагт, тэр дундаа Монголын томоохон уул уурхайн үйлдвэрлэлийн бүс “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн хөгжих үйлдвэр технологийн парк, тэр дундаа зэсийн баяжмал боловсруулах болон уусган баяжуулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, овоолгын хүчиллэг урсгалаас гарч буй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцыг гадаад, дотоодын судалгааны байгууллагууд болон ханган нийлүүлэгчдэд сурталчлан таниулах, улмаар хамтран ажиллах боломж бүрэн нээгдэж байна.
2014 онд энэхүү арга хэмжээг олон улсын түвшинд зохион байгуулах шийдвэр гарч байлаа. Баяжуулагчид маань Монголын уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхийн тавцанд гарах ёстой. Ингэж байж бид салбартаа байр сууриа тодорхойлж, олон улсад нэвтэрч буй шинэ техник технологитой танилцах, тэдгээрийн үр дүнг нутагшуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхдээ юуны түрүүнд байгаль орчны асуудлыг давхар хариуцаж явах зорилго тавьсан юм.
Хоёр жил тутамд нэг удаа тогтмол зохион байгуулагддаж буй тус арга хэмжээнд өдгөө олон улсын хөрөнгө оруулчид идэвхтэй оролцож байна. Улмаар Монголын зах зээлд үйл ажиллагаа явуулах сонирхолтой аж ахуйн нэгж, байгууллагууд маань шинэ технологийн шийдлүүдээ сурталчлан таниулдаг, хүсэн хүлээдэг салбарын томоохон талбар болон өргөжсөн байна.
Монгол Улсын Засгийн газар эрдэс түүхий эдийг түүхийгээр нь экспортлох бус нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх бодлого баримтлан, тодорхой шийдвэрүүд гаргасан. Ер нь манай улсын дотоодын баяжуулах, боловсруулах үйлдвэрлэлийн түвшин, хүчин чадал ямар байна вэ?
Ер нь аливаа зүйлийг ярихдаа анхдагч түүхий эдээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх шатлалыг зөв ялгаж ойлгох хэрэгтэй.
Жишээ нь, баяжуулах үйлдвэрлэлийн гол түүхий эд болох хүдрийг анхан шатны боловсруулалтад оруулж эцсийн бүтээгдэхүүн болох баяжмал гарган авдаг. Хайлуулах, боловсруулах үйлдвэрийн үндсэн түүхий эд маань баяжмал болж буй хэрэг. Цаашлан олон улсын металлын биржийн стандарт шаардлагад нийцсэн гүлдмай, цэвэршүүлсэн металл үйлдвэрлэнэ. Эдгээр металл нь дахин эд анги үйлдвэрлэх үйлдвэрүүдийн түүхий эд болж шат дараалан үргэлжилдэг. Тиймээс "эцсийн бүтээгдэхүүн" гэдэг ойлголтыг тухайн үйлдвэрлэлийнх нь хүрээнд олон талаас нь харж дүгнэх шаардлагатай.
Бодлогын түвшинд авч үзвэл, энэ чиглэлийн шийдлүүд “Зэс” хөтөлбөр болон Эрдэс баялгийн талаарх төрийн бодлогын хүрээнд 10-аад жилийн өмнө гарсан. Үе үеийн Засгийн газрын Мөрийн хөтөлбөрт ч энэ талаар тусгагдсан. Хамгийн гол нь үүнийг бодитой хэрэгжүүлж чадахгүй байгаагийн шалтгаан нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний цогц судалгаанд үндэслэсэн инженер, техникийн ажилтнуудыг бодлоготой бэлтгэх, үйлдвэрлэлтэй уялдуулж чадаагүйд оршиж байна.
Өнөөдрийн байдлаар бид анхдагч түүхий эдээ шууд экспортолж томоохон зах зээлийн сегментүүдийг эзлэх боломжгүй гэдгээ нэгэнт ойлгосон. Хоёрдугаарт, бид өөрсдөө үнэ тогтоогч улс биш гэдгээ ямагт санаж байх учиртай. Тийм учраас дэлхийн зах зээлийн үнийн савлагаанд нийцсэн уян хатан бодлого баримталж, экспортын орлогоо тогтвортой хадгалах, аль салбарт түрүүлж хөрөнгө оруулалт хийх вэ гэдэгт урт хугацаанд соргогоор мэдэрдэг байх шаардлагатай болж байна.
Эцсийн дүндээ бидний гол зорилго бол Монгол Улсын төсвийн орлогыг тогтвортой бүрдүүлж, бусад салбарыг хөгжүүлэх замаар нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх, улс орныхоо хөгжлийг цогцлох явдал юм. Бодит байдлаас үзэхэд ойрын 50 жилдээ уул уурхайн салбар Монголд төдийгүй дэлхий дахинд эрчимтэй хөгжих нь тодорхой байна. Өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн хэрэгцээг хангахын тулд байгалийн баялгаа ашиглахаас өөр гарц байхгүй. Гагцхүү үүнийг байгаль орчинд ээлтэй, эрүүл инженерчлэлийн болон технологийн зөв шийдлээр, ухаалаг удирдлагаар хөгжүүлэх нь л чухал байна.
Өндөр технологи хөгжсөн Хятад, Австрали, Канад зэрэг томоохон тэргүүлэгч улсуудын техник, технологийг манайд шууд нутагшуулах боломж бий юу?
Технологи нутагшуулна гэдэг нь хялбархан шийддэг асуудал биш. Хүн бүр өөрөөр гэсэн онцлогтой байдаг шиг газрын доорх баялаг, эрдэс чулуулууд ч өөрийн гэсэн харилцан адилгүй тогтоц, хувьслын түүхтэй байдаг. Бид өөр газар амжилттай ажилласан технологийг манайд яг тэр хэвээр нь хуулбарлан авчирч болно гэж механикаар хандах нь өрөөсгөл юм.
Уул уурхай нь газрын гадарга, байгаль орчинд тодорхой хэмжээний сөрөг нөлөө үзүүлдэг нь бодит үнэн. Өөр арга зам байхгүй. Тиймээс үүнийг хамгийн бага түвшинд байлгах, баяжуулах үйлдвэрт ашиглагдаж буй урвалж бодисуудыг (реагент) байгаль орчин, хүний эрүүл мэндэд хамгийн бага хор нөлөөтэй байхаар сонгох, эрдэс бүтээгдэхүүнийг бүрэн гүйцэд ялгаж авах шаардлага тулгарч байна.
Сүүлийн үед дэлхий дахинд нэвтрүүлж байгаа технологийн шийдэл байгаль орчинд ээлтэй, органик гаралтай бодис түлхүү ашиглах чиглэл рүү бүрэн шилжиж байна. Тийм учраас Австралид шинээр нэвтэрч буй дэвшилтэт технологийг шууд хуулж авчрах бус, урьдчилсан туршилт судалгааны үндсэн дээр тухайн ордынхоо онцлогт зохицох эсэхийг судалсны үндсэн дээр нутагшуулах шаардлагатай.
Баяжуулалтын салбар дахь чадварлаг мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөц бүрдүүлэх тал дээр байдал ямар байна вэ?
Баяжуулах үйлдвэрүүд ашиглалтад орж байгаа өнөө үед баяжуулагч инженерүүд, технологичдын хэрэгцээ асар ихээр нэмэгдэж байна. Жил бүр л хэдэн зуун оюутан инженер болоод төгсөж байгаа ч энэ нь баяжуулах үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтын хурдыг гүйцэхгүй байна. Дээрээс нь инженер техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварын шалгуур маш өндөр болсон. Ийм учраас цаг үеэ даган тэдгээрийг бэлтгэж байгаа багш, судлаачид өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.
Өнөөдрийн байдлаар гадаад, дотоодод төгссөн 2500 орчим баяжуулагч Монголд бий. Бидний бэлтгэж буй хүний нөөц хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Цаана нь баяжуулах үйлдвэрүүдийн өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс Боловсролын яам үүнийг анхаарч, салбарын яамтай хамтран элсэлтийн квотын тоог бодлоготойгоор гаргах байх гэж надеж байна.
Бас нэг чухал яригдах зүйл бол инженер эдийн засагчийн асуудал. Геологи хайгуулын шатнаас эхлээд баяжуулалтыг дуусталх экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ төслүүдийн эдийн засгийн үр өгөөжийг бодитой тооцдог гол хүмүүс бол яалт ч үгүй инженер эдийн засагчид юм. Энэ бүхэн нийлж байж л “геологи, уул уурхай, эрдэс баялгийн цогцолбор” гэсэн том ойлголт гарч ирдэг.
Геологи хайгуулаас эхлээд улсын төсвийн бүрдүүлэлт хүртэлх бүх шатлалыг цогцоор нь харж байж салбарын бодлого зөв гарна. Энэхүү цогц бодлогын нэг чухал хэсэг нь яах аргагүй чадварлаг баяжуулагч инженерүүдийг бэлтгэх асуудал мөн.
Энэ удаагийн “Эрдэс боловсруулалт-2026” хурлын гол үр дүнг Та хэрхэн харж байна вэ?
Монголын Ашигт Малтмал Баяжуулагчдын Холбооны зүгээс залуу инженерүүдийг бэлтгэх, гадаад, дотоодын сургалтад хамруулах ажил эхэлсэн. Энэ нь шинээр нэвтэрч буй нарийн технологийг өөрийн ордын онцлогт тохируулан нутагшуулж, дасан зохицох чадвартай боловсон хүчнийг бэлтгэхэд чухал түлхэц болно.
Мөн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгаа, сургалтын ажлыг өргөжүүлэх боломж нээгдэж байна. Шинэ техник хэрэгсэл худалдан авахаас илүүтэй ур чадварын өндөр түвшинд ухаалгаар ашиглах, боловсон хүчнээ тасралтгүй хөгжүүлэх тэнцвэртэй бодлогыг баримтлах нь Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны гол эрмэлзэл юм. Үе үеийн удирдлагууд энэ зарчмыг баримталж ирсэн бөгөөд манай залуучууд ч цаашид энэ чиглэлээр өргөн хүрээтэй бодлого барьж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
Судалгаа шинжилгээний ажлыг түлхүү хөгжүүлэх, шинэ техник технологийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг бэхжүүлэх, цар хүрээгээ тэлэхэд энэ удаагийн хурлын ач холбогдол оршиж байна.