
О.Дөлгөөн
Европын Комисс нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлж, Хятадаас хамааралтай байдлаа багасгах зорилгоор зөвшөөрөл олгох үйл явцыг хурдасгах болон санхүүжилт татахад дэмжлэг үзүүлэх стратегийн чухал ашигт малтмалын 46 шинэ төслийг албан ёсоор сонголоо.
Шинээр сонгогдсон 46 төсөл нь гишүүн 16 орныг хамарч байгаа бөгөөд зэс, лити, никель, кобальт, марганец, графит, газрын ховор элемент, магни, вольфрам зэрэг стратегийн чухал түүхий эдүүдийг багтааж байна. Тухайлбал, Германы "Циннвальд Лити" (Zinnwald Lithium) төсөл, Грекийн "Скуриес" (Skouries) уурхай, Финландын хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр, Шведийн "Вискариа" (Viscaria) зэсийн төсөл болон "Umicore", "Aurubis", "Leonardo" зэрэг томоохон группийн дэмжлэгтэй төслүүд багтаж байна.
Дээрх төслүүдэд улсын болон хувийн хэвшлийн эх үүсвэрээс нийт 21.1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт шаардагдах төлөвтэй байгаа бөгөөд ЕХ-ны "Критикал түүхий эдийн тухай хууль"-ийн дагуу 2030 он гэхэд хэрэгцээнийхээ 10%-ийг олборлох, 40%-ийг боловсруулах, 25%-ийг дахин боловсруулах зорилтуудыг биелүүлэхэд чухал түлхэц болох юм.
Гэхдээ шинэ төслүүд шууд шууд санхүүжилт авахгүй бөгөөд Европын Комисс санхүүжилтэд хүрэх боломжийг хөнгөвчилж, зээлдүүлэгчидтэй холбож өгөхөөр ажиллаж байна. Өнгөрсөн онд сонгогдсон 60 төслийн ахиц дэвшил харьцангуй удаан байгаа бөгөөд яаралтай санхүүжилтгүйн улмаас зарим төсөл зогсох эрсдэлтэй талаар хөгжүүлэгчид анхааруулсаар байгаа билээ.
Эх сурвалж: Reuters