
Б.Төгс
Манай улсын гадаад худалдааны үзүүлэлт энэ оны эхний 9 сарын дүнгээр нийт бараа эргэлт 25.9 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 6.7 орчим тэрбум ам.доллар буюу 34.7%-иар өссөн тухай Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ дундаа экспортын хэмжээ улсын хэмжээнд 16.2 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 51.3%-иар өссөн байна. Импортын хэмжээ 9.72 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 1.19 тэрбум ам.доллар буюу 14%-иар өссөн байна.
Экспортын дүн импортын хэмжээнээс 6.47 тэрбум ам.доллароор давж, тэнцэл ийнхүү багагүй ашигтай гарлаа.
Улсын нийт экспортын 90 орчим хувийг зэсийн баяжмал, нүүрс, алт, төмрийн хүдэр бүрдүүллээ.
Эрдсийн экспортыг зэсийн баяжмалын гадаад худалдаа тэргүүлсэн хэвээр байна. Энэ оны эхний гурван улирлын байдлаар зэсийн баяжмалын экспортын биет хэмжээ 1.98 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 20.5% өссөн бол орлогын хэмжээ даруй 80% өсөж 7.1 тэрбум ам.доллароор илэрхийлэгдэв. Харин цэвэр зэсийн экспорт оны эхний гурван улирлын байдлаар 63.4%-ийн бууралттай буюу 4.1 мянган тонноор хэмжигдлээ.
Нүүрсний экспорт оны эхний есөн сарын байдлаар 86.2 сая тоннд хүрснээр үндсэндээ 40 орчим хувиар өсөөд байгаа бол орлогын дүн нь 50%-иар дээшилж 6.1 тэрбум ам.доллароор илэрхийлэгдлээ. Ингэснээр энэ сард өмнөх оны бүтэн жилийн экспортын дүнгээс давах төлөвтэй байна. Гэхдээ сарын дүнгээр авч үзвэл өнгөрсөн есдүгээр сард 8.4 сая тонн нүүрс экспортолсон нь он гарсаар хоёрдугаар сарыг эс тооцвол хамгийн доогуур үзүүлэлт болж байна.
Алтны экспорт эхний есөн сарын байдлаар 5.33 тн буюу 806 сая ам.долларт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс жингээр бууралттай байгаа ч орлогын дүнгээр 15%-иар өссөн байна. Үүнээс гадна Монголбанкны үнэт метал худалдан авалтын хэмжээ оны эхний есөн сарын байдлаар 14 тоннд хүрээд байгаа нь өмнөх оны мөн үеэс 42.1%-иар дээшилжээ.
Төмрийн хүдрийн экспорт оны эхний гурван улирлын байдлаар 6.75 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4% өссөн бол орлогын дүнгээр 2% өсөж 474.3 сая ам.доллартой тэнцжээ.
Жоншны экспортын тухайд мөн хугацаанд 1.46 сая тоннд хүрсэн нь 22%-ийн өсөлтийг харуулсан бол орлогын дүн нь 281.7 сая ам.долларт хүрч 26%-иар нэмэгдээд байна.
Цайрын баяжмалын экспорт эхний гурван улирлын дүнгээр 207 сая ам.долларт хүрсэн нь 17 орчим хувийн өсөлттэй гарсан бол биет хэмжээ нь харин 10.2%-иар буурч 103 мянган тонноор илэрхийлэгдлээ.
Газрын тосны экспорт ч мөн адил оны эхний гурван улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 8 орчим хувиар доошилж 2.47 сая баррелиар хэмжигдсэн бол үнийн дүн нь ялимгүй буурч 198.5 сая ам.доллароор илэрхийлэгдлээ.
Бусад эрдсийн тухайд гянтболд, хар тугалгын хүдэр, баяжмалын экспортын орлого огцом өсөлттэй хэвээр байгаа бол молибденийн баяжмалын экспорт 50 орчим хувиар буураад байна.

Эх сурвалж: ГЕГ
