Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

Монголын эдийн засаг 7.7%-ийн өсөлттэй гарсан ч ОУВС түгшүүр зарлав

О.Дөлгөөн


Олон улсын валютын сан (ОУВС)-гийн Мистер Тахсин Саади Седик (Tahsin Saadi Sedik)-ээр ахлуулсан ажлын хэсэг Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэхээр 2026 оны 9 дүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажиллалаа. Тус ажлын хэсгээс Монголын эдийн засгийн өсөлт эрчимтэй байгааг сайшаахын зэрэгцээ төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслөөс үүдэлтэй инфляц болон төсвийн тогтвортой байдлын эрсдэлийг онцоллоо.

Уул уурхайн олборлолт өсөлтийг түүчээлж байна

Эдийн засаг 2026 оны эхний хагас жилд хүлээлтээс илүү буюу 7.7 хувиар өссөн нь голлон уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт өндөр байгаатай холбоотой юм. Зэс, нүүрсний зах зээлийн таатай үнийн нөхцөлийн үр дүнд гадаад болон төсвийн байдал сайжирч, есдүгээр сарын эцсийн байдлаар гадаад валютын албан нөөц 8.9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн оны эхний найман сард төсвийн зарлага жилийн өмнөх мөн үеэс 20 хувиар өссөн хэдий ч өндөр уул уурхайн орлогын ачаар төсөв тэнцвэртэй гарчээ.

Өмнөх бодлогын чангаруулах арга хэмжээний үр дүнд банкны зээлийн өсөлт наймдугаар сарын байдлаар жилийн 14 хувь орчим болж саарсан байна. Түүнчлэн 2026 оны жилийн эцсийн эдийн засгийн өсөлт уул уурхайн бусад салбарын сааралт нөлөөлснийг тооцохгүйгээр 6.2 хувьтай гарна гэж ОУВС тооцоолжээ.

Инфляц өсөж, төсвийн тэлэлт сорилт үүсгэж байна

Эдийн засгийн таатай үзүүлэлтүүдийн хажуугаар хүнсний үнийн өсөлт болон шатахууны нийлүүлэлтийн түр зуурын тасалдлаас үүдсэн хомсдол нь инфляцыг хурдасгаж, есдүгээр сард 12.9 хувьд хүрсэн нь Монголбанкны зорилтот түвшин болох 6±2 хувиас хол давсан үзүүлэлт боллоо. Үүнтэй холбоотойгоор Монголбанк есдүгээр сард бодлогын хүү болон заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 50 суурь нэгжээр өсгөж, 12.5 болон 14.5 хувьд хүргээд байна.

Гэвч 2026 оны тодотгол болон 2027 оны төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийн хөтөлбөрийг эрс нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг огцом тэлэхээр тусгасан нь инфляцын дарамтыг улам хэввэгшүүлж болзошгүйг ОУВС анхаарууллаа. Энэхүү тэлэлтийг Төрийн өмчит компаниуд болон "Оюу Толгой"-н нэг удаагийн ногдол ашиг, уул уурхайн хувьсах орлогоор санхүүжүүлэхээр төлөвлөсөн нь ирээдүйн өрийн дарамтыг нэмэгдүүлж, төсвийн дүрмийн хэрэгжилтийг сулруулах эрсдэлтэй аж.

ОУВС-гийн зүгээс уул уурхайн салбарын гэнэтийн буюу өндөр орлогыг төсвийн нөөц сан бүрдүүлэхэд ашиглах, төсвийн сахилга батыг чангатгах, уул уурхайн бус татварын хөнгөлөлт, өөрчлөлтийг дахин нягтлахыг зөвлөж байна. Хэрэв санал болгож буй төсвийн томоохон тэлэлтүүд хэрэгжсэн тохиолдолд макро эдийн засаг болон гадаад тэнцвэрийг хадгалахын тулд мөнгөний бодлогыг илүү чангатгах шаардлагатайг онцоллоо.

Тайлангийн хугацаанд инфляц 2027 оныг дуустал зорилтот түвшнээс өндөр байх төлөвтэй бөгөөд 2026 оны эцэст 13 хувь орчим байж, 2027 оны эцэс гэхэд суурь инфляцын нөлөөгөөр 8.5 хувь руу аажмаар буурахаар хүлээгдэж байна.