
Ч.Сансар
Шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрч, боломжийн үнэтэй цахилгаан автомашины загварууд нэмэгдсэнээр Европын Холбоонд цахилгаан автомашины борлуулалт энэ онд дээд хэмжээнд хүрсэн байна. Энэ талаар цэвэр тээвэр, эрчим хүчийг дэмждэг “Transport & Environment” байгууллага тайландаа мэдээллэжээ.
Европын Холбоонд энэ оны эхний найман сард батарейгаар ажилладаг цахилгаан автомашины (BEV) борлуулалт өмнөх оны мөн үеэс 45%-иар өсөж, 1.64 саяд хүрчээ.
Transport & Environment-ийн хийсэн судалгаагаар 2026 оны хоёрдугаар улиралд батарейгаар ажилладаг автомашины борлуулалт бензин хөдөлгүүртэй автомашины борлуулалтаас анх удаа давжээ.
Энэ оны хоёрдугаар улиралд Ормузын хоолойн хямрал дээд хэмжээнд хүрч, түүхий нефтийн үнэ болон шатахууны үнэ огцом өссөн.
2026 оны есдүгээр сарын дунд үеийн байдлаар цахилгаан автомашинаа гэртээ цэнэглэх нь бензин болон дизель түлш авсанаас 50%-иар хямд байсан гэж Transport & Environment-ийн тайланд дурдсан байна.
Цахилгаан автомашины шинэ загваруудын тоо нэмэгдэж байгаа, мөн зарим автомашины үнэ $28,000 ам. доллараас бага байгаа нь нь борлуулалт өсөхөд нөлөөлж байна.
Transport & Environment-ийн мэдээлснээр, 2026 оны эцэс гэхэд цахилгаан автомашины 60 орчим шинэ загвар зах зээлд гарна гэсэн хүлээлт байна. Энэ нь өмнөх дээд үзүүлэлтээс давсан тоо бөгөөд 2021–2025 онд жилд дунджаар 15 шинэ загвар гарч байснаас бараг дөрөв дахин их юм.
Европын Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо (ACEA)-ны мэдээлснээр, Их Британи, Швейцар, Норвеги зэрэг улстай Европын зах зээлд батарейгаар ажилладаг цахилгаан автомашины борлуулалт наймдугаар сард өмнөх оны мөн үеэс 52.2%-иар өсжээ. Бензин, дизель түлшний үнэ огцом өссөн нь жолооч нарыг батарей болон хосолмол хөдөлгүүртэй автомашин сонгоход хүргэж байна.