Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

АмЧам-ын аравдугаар сарын хурлаар Чухал ашигт малтмалыг хэлэлцлээ

О.Дөлгөөн


Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын аравдугаар сарын ээлжит хурал өнөөдөр (2026.10.02) “Монголын чухал ашигт малтмалын ирээдүй” сэдвээр зохион байгуулагдаж, төр, хувийн хэвшил болон олон улсын байгууллагын төлөөллүүд чухал ашигт малтмал (ЧАМ)-ын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улс АНУ, Франц, Герман, Их Британи, Өмнөд Солонгос, Япон зэрэг олон улсын голлох түншүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг, хүрээлэн буй орчны болон стратеги түншлэлийн гэрээ байгуулаад байгаа юм.

Хуулийн давхардал болон стратегийн ордын ангилал шийдвэрлэх асуудал мөн 

Хурлын үеэр АмЧам Монголиа тус салбарт нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гурван гол чиглэлийг дэвшүүллээ. Үүнд, Газрын ховор элемент болон Цөмийн энергийн тухай хуулиудын хооронд үүсээд буй давхардал, зөрчилдөөнийг цэгцлэх замаар зохицуулалтыг боловсронгуй болгох, мөн одоогийн хууль тогтоомжоор ДНБ-ий 5 хувиас давсан ордыг стратегийн ордод хамруулдаг байдлыг өөрчилж, түүхий эдийн үнийн хэлбэлзлээс шалтгаалан хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал үүсэхээс сэргийлэн материал дээр нь үндэслэн ангилах шаардлагатай. Хоёрдугаарт, түүхий эд экспортлохоос илүүтэйгээр дотооддоо боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингээх, орон нутгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх, салбар хоорондын уялдааг гүнзгийрүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, АҮЭБЯ, АМГТГ болон ГХЯамны хамтын ажиллагааг сайжруулж, стратеги болон худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал байгаа аж.

Хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд хөрөнгө оруулалтад геополитикийн өнцгөөс бус, дотоодын хүлээн авагч талдаа төвлөрч эдийн засгийн үүднээс хандах ёстой. Тухайлбал, Монгол Улсын үндэсний эрх ашгийг хамгаалах бүтэц, хамгаалалт шаардлагатай салбаруудыг тодорхойлохдоо хөрөнгийг "хор хөнөөлтэй" (corrosive) болон "бүтээлч" (constructive) гэсэн хоёр ойлголтоор хэмждэг байна. Үүнд хаалттай, ил тод бус, оролцогч талуудад тайлагналгүй, зах зээлийн зарчимгүй капиталыг хор хөнөөлтэй гэж үздэг. Харин эдийн засагт эерэг нөлөөтэй, цэцэглэн хөгжих боломжийг бүрдүүлдэг хөрөнгө оруулалтыг бүтээлч капиталд тооцож байна. Геополитикийн нөхцөл байдлаас үл хамааран ирээдүйн 30 жилийн дараах эдийн засгаа хэрхэн харахыг тодорхойлоход энэ нь чухал суурь болж байгаа юм.

Олон улсын туршлагын хувьд, АНУ-ын Төрийн департаментийн санхүүжилттэйгээр хэрэгждэг "Minerals Security Resilience Alliance" (MIRA) холбоонд Рио Тинто компани гишүүнээр элссэн боловч Монгол Улс энэ орон зайд хараахан идэвхтэй бус байгаа тул АмЧам тус холбооны шилдэг туршлагыг Монголд нэвтрүүлэх эхний алхмуудыг хийж эхэлжээ. Мөн Өмнөд Америкийн литийн гурвалжин бүс нутаг болон БНАКонго улсад кобальтын салбарт хэрэгжүүлж буй төслүүдийн туршлагаас хуваалцаж, Өмнөд Америкт олборлолт, боловсруулалт хийж буй компаниудын эцсийн өмчлөгчийг тодруулах (UBO) хууль тогтоомжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж буйг дурдлаа. Ялангуяа стратегийн түүхий эдийн гарал үүсэл улам бүр чухал болж, АНУ-ын цэргийн салбарын худалдан авалтад орж буй материалын нийлүүлэлтийн сүлжээг 100 хувь тодорхой байх шаардлагыг тавьж буй энэ цаг үед Боливи улсад байгалийн баялагт эзэн суух зохисгүй оролдлогуудын эсрэг орон нутгийн түншүүдтэйгээ хамтран ажиллаж, хэлэлцээрийн асуудлуудыг ил болгосноор ард түмэнд нь илүү ашигтай гэрээний бүтцийг бий болгож чадсан байна.

Олон улсын санхүүгийн байгууллагууд ХӨРӨНГӨ оруулахдаа ямар шалгуур тавьдаг вэ? 

Хурлын үеэр өрнөсөн панель хэлэлцүүлгийг АмЧам-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Бадрах Энержи" компанийн Гүйцэтгэх захирал Корали Прин удирдан явуулж, Монголын чухал ашигт малтмалын геополитикийн ач холбогдол болон олон улсын санхүүгийн байгууллагуудын баримталдаг гол шалгууруудыг хэлэлцлээ. Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь Монголын уул уурхайн салбарт анхдагч хөрөнгө оруулагчдын нэг бөгөөд 2006 оноос хойш 20 жилийн хугацаанд 25 өөр УУ төсөлд 1 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн туршлага дээрээ үндэслэн санхүүжилт олгохдоо дөрвөн үндсэн хүчин зүйлийг харгалзаж үздэг. Тухайлбал, Монгол Улс асар их нөөцтэй хэдий ч геологийн нарийвчилсан судалгаа дутмаг байна. Одоогоор үндэсний компаниудад олгогдсон 1,100 орчим хайгуулын тусгай зөвшөөрөл байгаагаас 600 компани буюу тал хувь нь хайгуул хийж байгаа ч үндэсний стандартад заасан зохих хэмжээний хөрөнгө оруулалтыг хайгуулд зарцуулж буй компаниуд ердөө 30 гаруй буюу 3 хувь хүрэхгүй байгаа аж. Мөн дэд бүтцийн хүрэлцээ, урт хугацааны эдийн засгийн үр ашигтай тооцоолол болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд байлгах тогтвортой уул уурхайн зарчмыг чанд баримтлах нь санхүүжилт авах гол шалгуур байдаг байна. 

Санхүүжилтийн зөв механизм болон JUMP хөтөлбөр хайгуулын ажлыг дэмжинэ 

АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засгийн хэлтсийн дарга Абел Ломакс Хөрөнгө оруулалтын орчин ба хууль эрх зүйн тогтвортой байдлын талаар байр сууриа танилцуулж, Төрийн департаментын жил бүр гаргадаг Хөрөнгө оруулалтын цаг уурын тайланд (ICS) тусгагдсан гол асуудлуудыг хөндлөө. Монгол Улс асар их нөөц, боломжтой гэдгээ бүгд хүлээн зөвшөөрдөг ч түүнийгээ бодит бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт болгон хувиргахад хууль эрх зүйн орчин, тогтвортой байдал дутагдаж байгааг тайланд онцолжээ. Татварын маргаан, улс төр, төрийн өмчит компаниудын оролцоо зэрэг сорилтуудаас гадна парламент ямар нэгэн ордыг гэнэт стратегийн ач холбогдолтой гэж үзээд нөхөн олговоргүйгээр 34 хувийг нь төрд авах эсвэл шууд өөрчлөх вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад үргэлж байдаг байна.

Хэдийгээр 2026 онд парламент зөвшөөрөл, лицензийн процессыг хялбарчлах хууль баталсан ч практик дээр хэрэгжилт, бодит байдал удааширч, тодорхойгүй хэвээр байгаа аж. ЕСБХБ-ны хувьд уул уурхайн салбарт хамгийн шилдэг нөөц, боломж байлаа ч нэг төслийг хэрэгжүүлж, үр ашгаа хүртэх хүртэл 15 орчим жил шаардагддаг онцлогтой тул тогтвортой эрх зүйн орчин болон санхүүжилтийн зөв механизмыг хослуулах нь чухал болохыг онцоллоо. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид 15 жилийн турш үр өгөөж хүлээх боломжгүй бөгөөд энэ хугацаанд дэлхий дахинд маш олон зүйл өөрчлөгддөг тул хөрөнгө оруулалтыг татахын тулд санхүүжилтийн зөв механизмыг ашиглах зайлшгүй шаардлагатай. Тухайлбал, хайгуулын шатанд банкнаас зээл авах боломжгүй компаниудад өмчийн оролцоогоор санхүүжилт олгох нарийн төвөгтэй байдлыг шийдвэрлэх зорилгоор ЕСБХБ "JUMP" (Junior Mining Program) хэмээх тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улс болон бусад орнуудад хайгуулаас олборлолт руу шилжиж буй эхэн үеийн төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог бөгөөд JORC стандарт зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартаар нөөцийн чанарыг баталгаажуулж, албан ёсны тайлантай болсноор компаниуд бусад хөрөнгө оруулагчдад илүү найдвартай буюу банкны шаардлага хангасан (bankable) болж хувирдаг аж. Гэсэн хэдий ч хайгуул нь өндөр эрсдэлтэй бөгөөд компаниуд хайгуулын стандартыг хангахын тулд жил бүр дор хаяж 300,000 ам.доллар зарцуулах шаардлагатай болдог. Хэрэв компани 5-7 жилийн турш жилд дунджаар энэ хэмжээний хөрөнгийг гаргавал нийтдээ 2 сая орчим ам.доллар зарцуулж байж тухайн орд нь эдийн засгийн хувьд ашигтай эсэхийг тодорхойлох боломжтой болох ч хууль эрх зүйн болон бусад хүчин зүйлсийн улмаас тухайн орд амжилттай ажиллана гэсэн баталгаа байдаггүй байна.

Манай улс "Гуравдагч хөрш"-ийн бодлогын хүрээнд олон улстай ЧАМ-ын чиглэлээр олон санамж бичиг, гэрээ байгуулдаг ч тэдгээрийг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, үр дүн гаргах дээр олон сорилт тулгарч байна. Улс төр, дипломат харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, аль улстай ямар чиглэлээр хамтрахаа тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Түүнчлэн Монголд уул уурхайн салбар хөгжсөн ч үр шим нь ард иргэдэд, ялангуяа малчдад тэгш хүртээмжтэй очихгүй байна гэсэн шүүмжлэл олон нийтийн дунд байдаг тул түүхий эд экспортлохоос илүүтэйгээр өндөр технологи, үйлдвэржилт, инновацийн салбартай холбож ойлгуулах замаар олон нийтийн хандлагыг эерэг болгох ач холбогдолтойг тэмдэглэв. Засгийн газар хувийн хэвшилтэй сайтар зөвлөлдөж шийдвэр гаргах нь бодит үр дүнд хүрэх гол үндэс аж. Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл болон үнэ цэнийн сүлжээний хувьд улс орон бүр бүх шатны боловсруулалтыг нэгэн зэрэг хийх боломжгүй тул эхний ээлжинд үндсэн суурь судалгаа, олборлолт эсвэл тодорхой шатны боловсруулалт зэрэг өөрсдийн давуу талтай чиглэлээ оновчтой тодорхойлж алхам алхмаар урагшлах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөжээ. Монгол Улс асар их нөөцтэй ч ямар төрлийн баялаг хаана, ямар хэмжээтэй байгаа талаарх нарийн, шинжлэх ухаанч мэдээллийн сан дутмаг байгаа нь хөрөнгө оруулагчдыг татахад хүндрэл учруулдаг байна. Сүүлийн жилүүдэд уул уурхайн болон ашигт малтмалын тухай хууль, роялтийн зохицуулалтад шинэчлэл хийгдэж байгаа нь нааштай алхам хэдий ч парламент болон Ерөнхийлөгчийн сонгуулиуд үргэлжилдэг улс төрийн циклтэй нөхцөлд бодлогын залгамж халаа, тогтвортой байдлыг хадгалах нь гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйл хэвээр байгаа аж.

Хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр ойлгох албан ёсны гарын авлага шаардлагатай байна  

Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль болон бизнесийн орчны талаарх хэлэлцүүлгээр гишүүд болон бизнес эрхлэгчид хуулийн төслүүдэд шүүмжлэлтэй хандахаас гадна тодорхой заалтуудыг хэрхэн өөрчлөх талаар бодит шийдлүүдийг боловсруулан хууль тогтоогчдод хүргэдэг бөгөөд энэхүү хамтын ажиллагааны үр дүнд гишүүдийн санал хуулийн төсөлд туссан нь чухал дэвшил болсныг онцлов. Гэсэн хэдий ч Монгол Улс олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлж сайн хуулиуд баталдаг хэдий ч практик дээр хэрэгжүүлэх явцад төрийн байгууллагууд болон хяналтын ажилтнуудын дунд заалтыг өөр өөрснөөрөө тайлбарлах асуудал түгээмэл байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулж буй тул хуулийн заалтуудыг нэг мөр ойлгох албан ёсны гарын авлага, тайлбар хэрэгтэй байгааг гишүүд санал болгожээ. Сүүлийн хаврын чуулганаар уул уурхай, банк санхүү болон хөрөнгө оруулалтын чиглэлээр олон жил хөндөгдөөгүй байсан чухал хууль тогтоомжуудад томоохон өөрчлөлтүүд орсон нь маш сайн эерэг дохио юм. Сингапур зэрэг хөгжсөн орнуудын жишгээр хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахад улс төрийн зоримог шийдвэр, манлайлал зайлшгүй шаардлагатай бөгөөд улс төрчид дахин сонгогдохын тулд богино хугацааны арга хэмжээ авах бус, урт хугацааны эдийн засгийн үр өгөөжтэй суурь шийдвэрүүдийг гаргах нь чухал байгаа аж. Түүнчлэн уул уурхайн салбарын хөгжил, хайгуулын ажлыг дэмжихэд хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт бөгөөд аливаа төсөл хэрэгжихэд хөрөнгө оруулагчид, Засгийн газар болон тухайн орон нутгийн иргэд, олон нийт гэсэн гурван тал бүгд үр шимийг нь хүртэхүйц тэгш, харилцааг хангасан тогтвортой экосистемийг бий болгох нь амжилтад хүрэх гол үндэс болно.

Төсөл хэрэгжихэд оролцогч талууд тэгш үр шимийг хүртэх экосистем бүрдүүлнэ 

Уул уурхайн компаниудад хайгуул хийх, хөрөнгө оруулалт татахаас гадна үйл ажиллагаагаа хэвийн явуулахад дэд бүтцийн хүрэлцээгүй байдал, тэр дундаа төмөр замын тээвэрлэлтийн хүндрэл хамгийн том саад болж байгаа. Тухайлбал, дэд бүтцийн дутагдлаас шалтгаалан бүтээгдэхүүнээ хил рүү хүргэхэд хүнд сурталтай тулгардаг бөгөөд энэ асуудлыг бодлогын түвшинд бодитойгоор шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Түүнчлэн БОУАӨЯ болон АҮЭБЯ хоорондын уялдаа холбоо сул байгаагаас үүдэн компаниуд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсдэг байна. Жишээ нь, хайгуулын болон шинжилгээний ажил хийх явцад хууль тогтоомжийн уялдаагүй байдлаас болоод ажил зогсоох шаардлага тулгарах нь түгээмэл байдаг тул цаашид цаасан дээрх бодлогоос илүүтэйгээр хуулийн бодит хэрэгжилт, төрийн байгууллагуудын хоорондын хамтын 

Зөөвч-Овоо төслийн үр өгөөжийн дийлэнхийг Монголын тал хүртэнэ

“Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Корали Прин “Зөөвч-Овоо төслийн хугацаанд шууд үр өгөөжийг тооцож үзэхэд төслийн нийт өгөөж 1.5 тэрбум ам.доллар. Дийлэнх хэсэг нь Монгол Улсад ноогдоно. Үүнд Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан татвар, ногдол ашиг болон борлуулалтаас орох шууд орлогууд багтана. Ураны үнэ тооцоолсноос өсөж, төслийн нийт эдийн засгийн үр өгөөж нэмэгдсэн ч Монголын хүртэх хувь буурахгүй. Өөрөөр хэлбэл, “бялуу” томорсон тохиолдолд Монгол Улс тэр нэмэгдсэн өгөөжөөс мөн 51 хувийг хүртэнэ. 

Мэдээж бид зөвхөн шууд эдийн засгийн өгөөжөөр хязгаарлагдахгүй, “шууд бус” үр өгөөжийн талаар ч тодорхой үүрэг хүлээсэн. Тухайлбал, нийт ажиллах хүчнийхээ 90-ээс дээш хувийг Монгол иргэдээс бүрдүүлнэ. Ингэснээр бид олон хүнийг ажлын байраар хангахаас гадна тэднийг сургаж, мэргэшүүлэх боломж бүрдэнэ. 

Мөн дотоодын ханган нийлүүлэлт, орон нутгийн эх үүсвэрийг ашиглахтай холбоотой тодорхой үүргүүдийг хүлээсэн. Олон нийтийн зүгээс илэрхийлж буй болгоомжлол, санаа зовнилыг бид бүрэн ойлгож байгаа бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд хүртээмжтэй, харилцан ашигтай хамтран ажиллах нь чухал” хэмээснээр өнөөдрийн АмЧам Монголиа-гийн аравдугаар сарын ээлжит уулзалт өндөрлөв.