
О.Дөлгөөн
Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, Шатахууны шуурхай штабын шийдвэрийг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар (2026.09.30) улсын хэмжээнд нийтдээ 257 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн орж ирсэн байна. Үүнээс:
АИ-92 автобензин: 59,000 тонн
Дизель түлш: 188,570 тонн
Онгоцны түлш: 11,000 тонн
Манай улс шатахууны импортын дийлэнх хэсгийг төмөр замын боомтоор оруулж ирдэг бөгөөд Сүхбаатар болон Замын-Үүд боомтоор автобензиний импорт тасралтгүй хийгдэж байна.
Тухайлбал, УБТЗ-ын хэмжээнд 217 вагон буюу 13 мянган тонн шатахуун тээвэрлэгдэн явж байгаа нь ердийн хэрэглээгээр тооцвол манай улсын 5-6 хоногийн хэрэглээтэй тэнцэх юм. Үүний 168 вагоныг буух өртөөдөд хүргэж, хил гаалийн бүрдүүлэлт хийн, агуулахын салбар замуудад буулгах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
ОХУ болон БНХАУ зэрэг нийлүүлэгч талуудаас Монгол Улсад импорт тасралтгүй хийгдэж байгаа бөгөөд 10 дугаар сарын захиалгыг баталгаажуулахаар ажиллаж байна. Иймд ард иргэдэд шатахууны импорт хэвийн үргэлжилнэ гэдгийг албаныхан онцгойлон дуулгалаа.
Өнөөдрийн Шуурхай штабын хуралдаанд ААН-үүд өргөн хүрээнд оролцсон байна. Штабаас дараах чиглэл зөвлөмжийг өглөө:
Салбар агуулах болон салбар зам дээр ирсэн вагонуудыг шуурхай буулгах
Шатахуун түгээх станц (ШТС) рүү түгээлтийг сааруулахгүйгээр шуурхай хийх
Төмөр зам, гаалийн байгууллага болон бусад холбогдох байгууллагууд хамтран цистернүүдийг хилийн өртөөнөөс буух өртөөдөд шуурхай татан хүргэж, ШТС-ууд руу тасралтгүй нийлүүлэх
ААН-үүдийн төлөөллийн мэдээлэл
"Super 92" шатахуун түгээх станцын Борлуулалт хариуцсан менежер Б.Бумбанасан нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ:
ОХУ-ын талаас гарч буй нөхцөл байдлаас шалтгаалаад сүүлийн 3 сар ачаалал энгийн үеүдтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн. Гэсэн хэдий ч манай шатахууны станцууд болон агуулахууд амралтын өдөр гэлтгүйгээр ажиллаж, аль болох шатахуунаар таслахгүй байхын төлөө хичээж ажиллаж байна. Энэхүү ачааллыг давахын тулд бүгдээрээ нийлж нягт хамтран ажиллаж байна" гэлээ.