Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Алтны хариуцлагатай олборлолтыг дэмжих төсөл амжилттай хэрэгжиж, урт хугацааны гэрээ байгуулав 

Монгол Улсаас “хариуцлагатайгаар” олборлосон алтыг олон улсын зах зээлд гаргах, нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох зорилготой төсөл амжилттай хэрэгжиж, хамтын ажиллагааг урт хугацаанд үргэлжлүүлэх шинэ гэрээг өнөөдөр (2026.09.28) байгууллаа.

Монголбанк 2024 онд Дэлхийн алтны зөвлөлийн хурлын үеэр “Лондоны зарчмууд”-д гарын үсэг зурж, алтны жижиг, дунд болон бичил шударга олборлолтыг дэмжсэн дэлхийн анхны дөрвөн Төв банкны нэг болсон билээ. Энэхүү санаачилгын хүрээнд Монголбанк 2025 оны зургадугаар сард “Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо” (SBGA) болон “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй Санамж бичиг байгуулсан юм.

Тэгвэл туршилтын үе шатанд дотоодын уурхайнуудаас өндөр шалгуур хангасан 5 компани шалгарч, зөвхөн 2026 оны эхний хагас жилд гэхэд 53.5 кг хариуцлагатайгаар олборлосон алтыг Швейцарын талд нийлүүлээд байна.

Өнөөдөр (2026.09.28) төслийн хамтрагч байгууллагуудын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа амжилттай болсон хэмээн дүгнэлээ. Үүнтэй холбогдуулан уг хөтөлбөрийг урт хугацаанд үргэлжлүүлэх стратеги зорилго бүхий “Хамтын ажиллагааны гэрээ”-г Монголбанк, SBGA болон “Аргор Хераеус” үйлдвэрийн удирдлагууд албан ёсоор байгууллаа.

Мөн айлчлалын хүрээнд: Лондоны үнэт металлын холбоо (LBMA)-ны сургагч багш нар хариуцлагатай уул уурхайн нийлүүлэлт, бичил уурхайн албажуулалтын сэдвээр сургалт явуулж, салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэхүү хөтөлбөр нь Монголын алтны салбарын нэр хүндийг олон улсад өргөж, экспортын шинэ гарц нээж буйгаараа онцлог юм. Түүнчлэн: Дотоодын уурхайнуудад эмэлт мөнгөн урамшуулал олгогдож, нийгэм, байгаль орчны төслүүдээ санхүүжүүлэх, мөн мэргэжлийн арга зүйн зөвлөгөө авах боломж бүрдэж байна. Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, сорьцын лабораторийн чадавхыг сайжруулах, дэлхийн шилдэг туршлагыг нутагшуулах өргөн боломж нээгдэж байна.

Эх сурвалж: Монголбанк