Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Орон нутаг ба Уул уурхай

Шатахууны шуурхай штаб: Авто бензиний тээвэрлэлт нэмэгдэж, БНХАУ болон БНСУ-аас татан авалт хийж байна

О.Дөлгөөн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр (2026.09.28) цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Шатахууны шуурхай штабын шийдвэр, нөхцөл байдлын талаар танилцууллаа.

ОХУ-д үүссэн нөхцөл байдал болон Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын горимтой холбоотойгоор шатахууны ачилт тодорхой хэмжээнд буурч, нийслэл болон орон нутагт авто машины урт дараалал үүсээд буй юм. Үүнтэй холбогдуулан холбогдох арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлж байгаа аж.

Шатахуун түгээлт болон нөөцийн мэдээлэл:

Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Сайншанд өртөөдөд 86 вагон цистерн буюу 5,160 тонн АИ-92 авто бензин хүргэгдсэн бөгөөд ААН-үүд буулгалт хийн орон нутаг болон Улаанбаатар хотын түвшинд түгээлтээ эхлүүлээд байна. Мөн одоогийн байдлаар 680 тонн АИ-92 авто бензиний нөөцтэй байна.

Өмнө нь мэдээлсний дагуу БНХАУ-аас 8,000 тонн авто бензин худалдан авахаар гэрээлсэн. Үүний тээвэрлэлт хийгдэж, өчигдрөөс эхлэн Улаанбаатар хотод 10 вагон цистерн бүтээгдэхүүн орж ирж, буулгалт болон түгээлт нь хийгдэж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламж болон "Тэс петролиум" компанийн байгууламжаар дамжин орж ирж байгаа юм.

БНСУ-аас манай улсад 12,000 тонн бүтээгдэхүүн өгөхөд бэлэн болсон бөгөөд ААН-үүд өөрсдийн авах хэмжээгээр хуваарилалтаа хийж байна. Тус улсаас энэ сард 2,000 тонн дизель түлш татан авсан бол үргэлжлүүлээд 12,000 тонн авто бензин татан авах боломжийг бүрдүүлж, нийтдээ 18,000 тонн бүтээгдэхүүн авах гэрээ хэлцэл хийгджээ. Эхний 8,000 тонн авто бензин нь ачигдаад орж ирж байна.

Дизель түлшний хувьд нийтийн тээвэр, уул уурхай, болон газар тариалангийн ургац хураалтад нэн чухал шаардлагатай байдаг тул засгийн газар болон АҮЭБЯ-наас онцгой анхаарч байна. Тухайлбал:

  1. Уул уурхай болон газар тариалангийн компаниуд тодорхой хэмжээний нөөцийг бүрдүүлж ажиллаж байна.

  2. Олон улсын нөхцөл байдал төвөгтэй байгаа хэдий ч намрын ургац хураалт болон уул уурхайн экспортын биет хэмжээг унагахгүй байх бодлогын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.

ОХУ-аас шатахуун ачилт харьцангуй нэмэгдэж байгаа тул дараагийн өдрүүдэд ачилт илүү сайжирна гэдгийг албаны хүмүүс онцоллоо. Цаашид ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай уялдаж, бусад эх үүсвэрээс татан авалтаа өргөжүүлэх замаар богино хугацаанд бодитой арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.