О.Дөлгөөн
2035 он гэхэд Монголын уул уурхайн усны хэрэгцээ гурав дахин өснө. Харин энэ өсөлтийн гол төв нь усны нөөцөөр хамгийн эмзэг Говийн бүс. Монгол Улс хүн ам, эдийн засгийн үйл ажиллагаагаа хангах хэмжээний усны нөөцтэй хэдий ч тус нөөц нь зөв газартаа, зөв цагтаа, шаардлагатай чанартай байдаггүй нь олон жилийн турш тулгамдсан сорилт хэвээр байна.
Байнгын урсацтай гол мөрний дийлэнх нь хойд хэсгээрээ урсдаг бол хуурай уур амьсгалтай өмнөд говийн бүсэд гол мөрөн маш хомс байдаг. Гадаргын усны хүртээмж жилд дунджаар 2,091 сая шоо метр боловч хуурай жилүүдэд энэ нь 1,294 сая шоо метрт хүрч буурдаг байна. Гадаргын усны 75 орчим хувь нь нууруудад ногддог бөгөөд үүний дөрөвний гурвыг ганцхан Хөвсгөл нуур эзэлдэг. Газрын доорх усны хувьд өмнөд бүсийн нөхөн сэргээгдэх чадвар маш бага бөгөөд ихэнхдээ нөхөн сэргээгддэггүй чулуужсан хөрстэй усны ордууд байдаг. Түүнчлэн улсын хэмжээний 330 сумаас 100гаруй сумын газрын доорх ус ундны усны чанарын шаардлага хангадаггүй тул зайлшгүй цэвэршүүлэх шаардлагатай ажээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас Монгол Улсад агаарын хэм тасралтгүй нэмэгдэж байна. Азийн Хөгжлийн Банкнаас (АХБ) гаргасан “Монгол Улсад усыг зөв цагт нь, зөв газарт нь чанартай хүргэх боломжийг бий болгох нь” (2020) судалгааны тоймд дурдсанаар, 1960 оноос хойш агаарын дундаж температур 2.8 хэмээр өссөн бөгөөд 2100 он гэхэд 4.0–4.5 хэмээр нэмэгдэх төлөвтэй байна. Энэ нь мөнх цаст уулын бүрхэвч болон мөсөн голуудыг багасгаж, ууршилтыг нэмэгдүүлэн, хөрсний хуурайшилтыг улам эрчимжүүлж байгаа юм.

Монгол Улсад нүүрс олборлох үйл ажиллагаа голчлон Налайх-Шивээ-Овоо (Багануур) болон Тавантолгой гэсэн үндсэн хэсгүүдэд төвлөрсөн байдаг. Түүнчлэн хамгийн том зэсийн уурхай болох Оюу толгой мөн л говийн бүсэд байрладаг билээ. “2030 Усны нөөц групп”-ийн 2016 оны судалгаагаар энэхүү бүс нутагт усны хомсдол ноцтой түвшинд хүрэхээр байгааг тогтоожээ. Тодруулбал, 2030 он гэхэд Налайх-Шивээ-Овоогийн бүсэд усны эрэлт ба нийлүүлэлтийн зөрүү 35%-д (жилд 34.25 сая шоо метр) хүрч байвал, Тавантолгойн бүсэд энэ үзүүлэлт 60%-д хүрэх төлөвтэй байна.
Манай улсын үндэсний бодлогын гол зорилго нь хүнс, эрчим хүчээр бие даан өөрийгөө хангах явдал боловч одоогийн байдлаар хоёр хөрш болох ОХУ болон БНХАУ-ын импортоос ихээхэн хамааралтай хэвээр байна. Тухайлбал, Засгийн газраас хөдөө аж ахуйн салбарт усалгаатай талбайн хэмжээг одоогийн 54,000 га-аас 2030 он гэхэд 120,000 га болгон өргөтгөхөөр төлөвлөжээ. Гэтэл ихэнх услалтын системүүд хойд зүгт ОХУ рүү урсдаг Сэлэнгэ, Орхон голын сав газарт байрладаг.
Эрчим хүчний хараат байдлыг бууруулахын тулд усан цахилгаан станц (УЦС) барих хувилбар яригддаг ч энэ нь далан байгуулах замаар ууршилтыг нэмэгдүүлж, усны алдагдал үүсгэдэг. Түүнчлэн ОХУ-ын Байгаль нуурын өвөрмөц экосистемийг хамгаалах олон улсын шахалт, хил дамнасан усны хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас Байгаль нуур руу цутгах усны чанар, урсацад хатуу хязгаарлалт тогтоосон нь усны системийн хөгжлийг боогдуулж байна. Монгол Улс байгалийн урсацад тавигдах шаардлагыг (олон жилийн дундаж урсацын 90–95%) дэлхийд дээгүүр түвшинд тогтоосон нь ч мөн хүнс, эрчим хүчний зорилтод хүрэхэд томоохон хязгаарлалт болж байна.
Газарзүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлөөс шалтгаалан Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн өртөмтгий орнуудын тоонд ордог. Тухайлбал, агаарын температурын өсөлт дэлхийн дунджаас хамаагүй өндөр буюу 1960 оноос хойш 2.8°C-аар нэмэгдсэн бол 2100 он гэхэд 4.0–4.5°C-аар өсөх төлөвтэй байна.
Уул уурхайн өсөлтийн газарзүй усны нөөцийн газарзүйтэй зөрж байна

Монгол Улсад уул уурхайн салбарын усны хэрэгцээ 2035 он гэхэд гурав дахин өсөх төлөвтэй байгааг шинэ судалгаа харуулжээ. Энэхүү судалгааг Стэнфордын Байгалийн капиталын холбоо (NatCap) болон Вальтер Х.Шоренштейний Ази-Номхон далайн судалгааны төв (APARC) хамтран хийсэн байна. Судалгааны багийг Стэнфордын NatCap байгууллагын ахлах эрдэмтэн Мөнье Жү (Mengye Zhu) тэргүүлэн ажиллажээ.
Уг судалгаа нь Монголын уул уурхай болон усны нөөц, экосистемийн хоорондын хамаарал, ирээдүйн эрсдлийг (тухайлбал усны хэрэгцээ 2035 он гэхэд гурав дахин өсөх тооцоолол зэргийг) тооцоолоход чиглэсэн байна. Тайлангийн "Бодлого боловсруулагчдад зориулсан хураангуй" (Summary for Policymakers)-г саяхан буюу 2026 оны 8 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотод болсон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 бага хурлын үеэр анх олон нийтэд танилцуулсан. Харин судалгааны дэлгэрэнгүй бүтэн тайлан нь тун удахгүй албан ёсоор бүрэн эхээрээ хэвлэгдэн гарахаар төлөвлөгдсөн байна. Монгол Улсад анх удаа хэрэгжүүлсэн уг судалгааны хүрээнд дараах ажлуудыг хийжээ:
-Үйл ажиллагаа явуулж буй 38 уурхай болон 109 дамжуулах хоолойн төслийн усны эрэлтийн мэдээллийн санг бүрдүүлжээ.
-Уурхайн орчмын усны гарцтай холбоотой экосистемийн үйлчилгээг загварчилж, орон нутгийн болон төслийн түвшинд ашиглах усны эрсдлийн үзүүлэлтийг боловсруулсан байна.
-Идэвхтэй уурхайнуудын орчны экосистемийн төлөв байдалд зайнаас тандан судалгаа хийж, хууль эрх зүйн цоорхой болон нийгмийн зөрчлийн тохиолдлуудад дүн шинжилгээ хийжээ.
Мөн байгалийн капиталын бүртгэл буюу экосистемийн хүний нийгэмд үзүүлж буй хувь нэмрийг стандарт хэлбэрээр хянах нь гүний ус, бэлчээр, хөрсийг хамгаалахад чухал суурь болохыг судалгаагаар онцолсон байна. Энэ хүрээнд Төв болон Зүүн Азийн Алтайн бүс нутаг даяар байгалийн капиталыг хэмжих, үнэлэх нэгдмэл арга барилыг хэрэгжүүлэх зорилготой шинэ “Транс-Алтайн (Алтай дамнасан) байгалийн капиталын холбоо” байгуулагджээ.
Монголын уул уурхайн дараагийн том хязгаарлалт хүдэр, нүүрсний нөөц биш, түүнийг олборлох усны найдвартай эх үүсвэр байх эрсдэлтэй. 2035 оны усны хэрэгцээг 2035 онд шийдэх боломжгүй. Шинэ уурхай, баяжуулах үйлдвэр, боловсруулах үйлдвэрлэлийн өнөөдрийн байршил, технологи, зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын шийдвэрүүд ирээдүйн усны эрэлтийг аль хэдийн тодорхойлоод эхэлчихэж.