Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Рио Тинто шинэ стратегиар зах зээлээ тэлж, металл арилжааны бизнесээ өргөжүүлнэ 

Эх сурвалж: Mining.com

О.Дөлгөөн

Рио Тинто металл арилжааны бизнесээ гуравдагч талын бүтээгдэхүүн болон деривативын арилжаа руу тэлэхээр төлөвлөж байна. 

Bloomberg агентлагийн мэдээлснээр, уг төлөвлөгөө нь түүхэндээ зөвхөн өөрийн олборлосон бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж ирсэн Рио Тинтогийн хувьд томоохон өөрчлөлт юм. Рио Тинто  нь Glencore (LON: GLEN) компанитай харьцуулахад харьцангуй жижиг арилжаа явуулдаг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хоёр компанийн хооронд явагдсан боловч үр дүнд хүрээгүй нэгтгэх хэлэлцээрийн үеэр Glencore-ийн өргөн хүрээтэй арилжааны сүлжээ нь Рио Тинтогийн анхаарлыг татсан гол хүчин зүйлсийн нэг байжээ. Рио Тинто нь бие даасан түүхий эдийн арилжааны компаниудын загварыг бүрэн хуулбарлах зорилгогүй бөгөөд тус компанийн Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б.Болдын удирдлага дор одоогийн арилжааны бизнесээ мэдэгдэхүйц тэлэх боломжийг судалж байгаа аж.

Рио Тинто нь өөрийн одоо байгаа хөрөнгө, үйл ажиллагаа нь давуу тал болж болох зах зээлүүдэд гуравдагч талын бүтээгдэхүүний арилжааг нэмэгдүүлэх боломжийг судалж байна. Тухайлбал, Хойд Америк дахь "Kennecott" салбар үйлдвэр нь зэс хайлуулах илүүдэл хүчин чадалтай тул нэмэлт түүхий эд хүлээн авч боловсруулах боломжтой. Мөн түүнчлэн зэсний катод болон хүхрийн хүчил зэрэг холбогдох бүтээгдэхүүнийг арилжаалах боломжтой.

Энэхүү стратеги нь Саймон Тротт өнгөрсөн жил Гүйцэтгэх захирлаар томилогдсоноосоо хойш хэрэгжүүлж буй Рио Тинтог бүхэлд нь шинэчлэх бодлоготой салшгүй холбоотой юм. Тэрээр компанийн бүтцийг хялбарчлах, ашиггүй эсвэл илүүдэл хөрөнгийг борлуулах, зардлыг бууруулах, улмаар хөрөнгө оруулалтын өгөөжийг сайжруулах цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа билээ.

Түүнчлэн, Рио Тинто нь дэлхий даяарх нийлүүлэлтийн сүлжээ болон тээвэр логистикийн үйл ажиллагаагаа илүү боловсронгуй болгох зорилгоор Нидерландын үндэстэн дамнасан энергийн "Vitol Group"-тэй хамтарсан үйлдвэр байгуулах боломжийн талаар яриа хэлэлцээ өрнүүлж байна.