
О.Дөлгөөн
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр цаг үеийн асуудлаар Шатахууны шуурхай штабын шийдвэрийг танилцууллаа.
Улаанбаатар хотын хэмжээнд Евро 5 болон 95 маркийн шатахуун ямар ч очер дугаарлалтгүйгээр хэвийн олгогдож байгаа бөгөөд үнэ хямдтай холбоотойгоор олон нийтийн хэрэглэж заншсан энгийн 92 буюу Евро 2 төрлийн бүтээгдэхүүн дээр л очер дугаарлалт үүссэн байна. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний импортоор 100 хувь гадаад улсаас хараат бөгөөд гол нийлүүлэгч ОХУ-ын үйлдвэр, дэд бүтцүүдэд дроны довтолгооноос үүдэлтэй доголдол үүссэн тул БНХАУ, Энэтхэг, Беларусь зэрэг улсаас өндөр өртөгтэй бүтээгдэхүүн татахаас өөр нөхцөлгүй болжээ. ОХУ-ын үйлдвэрүүдийн гэмтлийг бүрэн сэргээхэд наад зах нь 2-3 жилийн хугацаа шаардагдах тооцоо бий аж.
Эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-аас авах шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр яриа хэлцэл өрнүүлсэн ч тус улсын дотоодын тээвэр, вагон цистерний хүрэлцээ болон замын ачааллаас шалтгаалан хүссэн хэмжээгээрээ шууд татаж чадахгүй хүндрэл гарч байгаа юм. Мөн БНСУ-аас авто бензин, дизель түлш тодорхой хэмжээгээр авахаар тохиролцсоны дагуу эхний дизель түлш ачигдсан бөгөөд боомтууд дээр сав гаргаж нөөцлөх, улмаар тасралтгүй татах бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Импортын бөөний борлуулалт хийдэг жижиг компаниудыг дэмжих, монополь зах зээлийг халах зорилгоор энэ жил 300,000 куб метр савны ажлыг эхлүүлснээс 150,000 куб метр савыг ашиглалтад оруулахаар зорьж байна. Тухайлбал, энэ долоо хоногт Сан Петролиум компани 16,000 куб метр багтаамжтай саваа ашиглалтад оруулсан бол уул уурхайн төрийн өмчит компаниуд өөрсдийн хөрөнгөөр 32,000 куб метр сав барих ажлыг эхлүүлээд байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил өдгөө 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд Газрын тосны тухай хуульд зөвхөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр хязгаарлалгүй, олон улсын жишигт нийцсэн татвар, роялтийн систем болон харилцан ашигтай хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлж байна. Түүнчлэн ногоон шилжилтийг эрчимжүүлж, хүнд даацын цахилгаан хөдөлгүүрт техник хэрэгслийг татвараас чөлөөлөх, хийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. БНСУ-ын Засгийн газар болон холбогдох байгууллагуудтай хамтран шатдаг хийн салбарын стандарт, хууль эрх зүйн орчныг шинэчлэх техникийн туслалцааны төслүүдийг хэрэгжүүлж эхэлжээ.